od@mininginsight.mn
Фрейзерийн институтийн 2022 оны тайлангаар Монгол Улс ашигт малтмалын хэтийн төлөв өндөр ч хөрөнгө оруулалтын сонирхол хамгийн бага татахуйц 10 орны нэгд багтаж байна. Манай улсад 2010-2022 онд олон орд илэрсэн гэж графикаас харагдаж буй ч ихэнх нь нөөцийн тодотгол, тэр дунд Тавантолгой, Оюутолгойн нөөцийн хэд хэдэн тодотгол багтжээ.
Тэгэхээр сүүлийн арав гаруй жилд манай улсад шинээр нээсэн ордын тоо цөөн гэсэн үг. Тэгвэл ирэх нэг жилийн хугацаанд нийт газар нутгийн 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дата мэдээлэлтэй болно гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө салбарын сайд мэдэгдсэн. Одоо улсын төсвийн хөрөнгөөр геологийн суурь судалгааны 45 төслөөс яг ашигт малтмалын хайгуул, эрлийн чиглэлээр 7 төсөл хэрэгжиж байна.
Монгол Улсын 1970 оноос хойш хийгдсэн 1:50000 масштабын зураглал өнөөгийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй буй. Тухайн ажлын өнөөгийн зураглалын чанар нь 20-30 жилийн өмнө хийгдсэн зураглалтай харьцуулахад ялгаатай, хоцрогдолтой аж.
Тэгвэл агаарын геофизикийн судалгааны хувьд 1974-1990 онд дандаа аналоги датанууд цугласан бөгөөд зарим судалгааны ажлууд анхдагч датаны асуудалтай. 1990 оноос хойш тоон дата руу шилжсэн, гэхдээ харьцангуй бага талбай хамарчээ. Тиймээс манай улс геологийн суурь судалгааны бүх мэдээллээ шинэчлэн сайжруулахад дэвшилтэт технологи ашиглаж байж хугацаа хожих боломжтой юм.
2023 онд УУХҮЯ-наас зарласан агаарын геофизикийн 3 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх олон улсын тендерт “Xcalibur Multiphysics” компани шалгарсан. Тус компани агаарын геофизикийн үйлчилгээний 24 патент эзэмшдэг. Нисдэг тэргээр агаарын зураглал хийдэг Helitem агаарын цахилгаан соронзон систем нь геологийн тодорхой мэдээллүүдийг давхарга болгон дээр өндөр түвшинд гаргаж ирдэг байна. Далавчит онгоц ашиглан агаарын геодезийн зураглал хийдэг систем Tempest нь зардлын хувьд хамгийн их үр ашигтайд тооцогддог.
Xcalibur нь 6 тивд 1000 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Тухайлбал Австрали, АНУ, Саудын Араб, Нигер, Конго, Гана, Ангол, Япон, Турк, Финланд улсад, зарим орны Засгийн газартай хамтран Дэлхийн банкны санхүүжилтээр агаарын геофизикийн судалгааны ажил гүйцэтгэсэн туршлагатай. Австрали улс 225 сая доллароор "Ирээдүйг судлах" хөтөлбөр (2016-2024 он) хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2017-2020 онд Xcalibur компани агаарын геофизикийн томоохон ажлаар 4 сая км2 талбайд ашигт малтмалын нөөцийн хэтийн төлөвийг тодорхойлж, хайгуулын төлөвтэй талбайнуудыг тогтоох судалгаа хийжээ. Өмнө нь огт хайгуул хийгдээгүй, геологийн мэдээлэл датагүй бүс нутагт геофизикийн, геологийн, геохимийн орон зайн дата мэдээллүүдийг цуглуулсан байна. Тэрхүү дата мэдээлэлд тулгуурлан тус улсын Засгийн газар бодлого гарган, хайгуулын чиглэлд хөрөнгө оруулалт татах, улмаар шинэ орд газрууднээх боломж бүрджээ. Xcalibur-ийн хөтөлбөрийн үр дүнд Австрали нийт 76 тэрбум ам.долларын нэмүү өртгийг бий болгожээ. Хайгуулын үйл ажиллагаанд 71 сая долларын хөрөнгө оруулалт татсан байна. Ингэж богино хугацаанд тус улс геологи хайгуулын салбараа эрчимжүүлж байгаа юм. Австралийн Геологийн албаны шинэ тайланд дурдсанаар, тус улсын нийт нутаг дэвсгэрийн 80 хүртэлх хувь бүрэн судлагджээ. Дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалын үйлдвэрлэлээр тэргүүлэгч улс болохоор зорьж, өрсөлдөөнд бэлтгэж байна. Хөрөнгө оруулалт шаардлагатай, ялангуяа урьд өмнө огт судлагдаагүй бүс нутгуудад агаарын геофизикийн тандалтын нэн шинэ технологиуд ихээхэн үр дүнтэйг тайланд онцолжээ. Олон улсын геологийн суурь судалгааны технологиудын өөрчлөлт, шинэчлэл бүрд Австрали улс 1:250000 масштабын зураглалаар дахин дахин бүрхээд явдаг байна. Нэн шинэ технологиудаас соронзон тэлүүрийн аргаар 40-50км хүртэл царцдасыг нэвт хардаг станцуудыг 25км зайтай байрлуулж тус гүний мэдээллээ авч буй.
Дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтээр улс орнууд агаарын геофизикийн судалгаагаар критикал минералын эрэл хайгуул, ерөөс геологийн суурь судалгаануудаа шинэ түвшинд гаргахад анхаарч байна. Газрын тос олборлолтоор тэргүүлэгч Саудын Араб одоо лити, зэс хайж байна. Тус улс Arabian Shield хэмээх газарт хөрөнгө оруулалт татахаар геологийн суурь судалгааны агаарын геофизик, соронзон градиометр радиометрийн, цахилгаан соронзон, хүндийн хүч, спектрийн судалгаанууд хийж байна. Үүнтэй зэрэгцээд геохимийн дээжлэлтүүдийг 6.25 км2 талбайд нэг дээж байхаар торлож, одоогоор 90 мянган дээж цуглуулж шинэлэг аргаар үр дүнгээ авч буй аж. Мөн 1:50000, 1:100000 масштабаар зураглалын ажил хийж байгаа юм. Тус улстай адил геологийн суурь судалгааг Уганда улс Дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос эхлүүлсэн бөгөөд 115000 км2 талбайд 60 элементийн геохимийн дээжлэлтүүд хийж байна. 2017-2019 онд Папуа шинэ Гвиней улс 290 мянган км шугамын дагуу геофизикийн агаарын тандалт судалгаа хийж, ашигт малтмалын төлөвөө тодорхойлжээ. Критикал минерал буюу чухал ашигт малтмалын эрэлтийг 2040 он хүртэл авч үзвэл лити 42, уран 25, кобальт 21, никель 19, газрын ховор элемент 7 дахин өсөх төлөвтэй. Тухайн эрдсүүдийн олборлолтын хэмжээгээр дэлхийд тэргүүлэх орнуудад Орос, Хятад багтжээ. Хятад улс геологи хайгуулын сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан сансрын хиймэл дагуулаас, агаарын геофизик, газрын гүний болоод дэлхийн царцдаст нэвтрэн харах суурь судалгаа, хайгуулын ажлын үр дүнд сүүлийн жилүүдэд 132 орд газар илрүүлснээс эрчим хүчний 13 төрлийн ашигт малтмал, 59 металл төрлийнх аж. Тус улс геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулснаар газрын тос, байгалийн хий, нүүрс, төмөр, зэс, алт, газрын ховор элемент томоохон ордууд тогтоогоод буй юм. Тэр дунд ниоби агуулсан шинэ төрлийн хүдрийг нээж илрүүлсэн нь онцлох ач холбогдолтойг Хятадын геологичид тодотгожээ. Түүнчлэн ураны томоохон ордууд олдсон нь тус улсын нөөц 2 сая гаруй тоннд хүрч дэлхийн уранаар баялаг орнуудын нэг Австралитай эн зэрэгцэв. Тэгэхээр хоёр хөрш орон ийм амжилттай явж байгаа бол Монгол Улсад улсад боломж бий гэж манай мэргэжилтнүүд үзэж байна. 1990 оноос Монгол оронд сэдэвчилсэн судалгаа болон эрэл хайгуулын ажил эрчимжсэнээр өнөөгийн Оюутолгой, Баян Хөндий, Хан Алтай, Зөөвч Овоо гэх мэт ордуудыг нээсэн билээ. 11 жилийн өмнөөс улсын хөрөнгөөр геологи, ашигт малтмалын сэдэвчилсэн судалгааны томоохон төслүүд эрчимжээ. Энэ хүрээнд Метан-14, Ашигт малтмалын судалгаа -2017, Төв-Зүүн Монголын алт төсөл, Баруун өмнөд Монголын (БӨМ)алт зэрэг судалгаанууд эхэлсэн байна. Тухайн үеэс 2020 он хүртэл улсын, хувийн хөрөнгөөр хийгдсэн төрөл бүрийн ашигт малтмалын судалгаануудын үр дүнг нэгтгэж Монгол Улсын 1:500 000 масштабын геологийн зургийг шинэчилжээ. Тус зурагт өмнөх ордын ангилал, шинээр нэвтэрсэн арга аргачлалуудын дагуу хүдрийн дүүрэг, зангилаа талбайнуудыг ялган харуулсан байна.
Төв-Зүүн Монголын алт төсөл. Алт гэдэг элементийг агуулсан 60 төрлийн металлын төрлийг ангилсан. Төслийн үр дүнд структур металогенийн бүс 19, хүдрийн зангилаа 59, хэтийн төлөвтэй 58 талбайг ангилжээ.
БӨМ алт төсөл. Уг төсөл хэрэгжихээс өмнө төслийн талбайд 25 төрлийн металогенийн бүсийг багцалж 6 төрөлд хуваан, шороон ордын 7 төрлийг ангилсан байжээ. Энэ судалгааны үр дүнгээр тухайн талбайд алтны үндсэн болон шороон ордууд илүү түгээмэл, тархалттайг харуулжээ. БӨМ алт төсөлд сансрын зургийн судалгааг түлхүү ашиглаж шинэ бүсүүдийг тогтоосон байна.
Ашигт малтмалын судалгаа (АМС) 2017 төсөл. Баруун, хангайн, төвийн, зүүн гэсэн 4 дэд төсөлд хуваан хэрэгжүүлжээ. Ховдын структурын металогенийн бүсэд илэрсэн Оюут Толгой зэсийн хүдэржилттэй талбайд явуулсан эрэл-зураглал, талбайн геохими, геофизикийн ажлуудад үндэслэж илүү нарийвчлан судлах, өрөмдлөгөөр хэтийн төлөвийг үнэлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Өмнөх 1:50000 масштабын зураглалын ажлаар холимог металлын Алтайш хүдэржилтийг илрүүлжээ. Энэхүү зураглалаар мөн Ховдын металогенийн бүсийн хэмжээнд алт, мөнгөний Гозгор-Уул илрэлийг тогтоосон бөгөөд нэмэлт эрэл үнэлгээ хийж хэтийн төлөвийг гаргажээ. Тус илрэлийн талбайд цаашид гүнийн геофизик, өрөмдлөгийн ажлаар шалгах шаардлагатай аж. Баянхонгорын алтны металогенийн бүс нь 1960- аад оноос хойш өнөөг хүртэл геологийн судлаачид болон бизнесийнхний сонирхлыг татсаар байна. 2012-2014 онд тухайн бүс нутагт алтны Хоёр Худаг илрэлийг шинээр тогтоосон. Могодын хотгорын хэмжээнд анхны 1:50000 масштабын зураглалын ажлаар Босгын-Ухаа илрэлийг илрүүлж байжээ. Үүний дараагаар АМС-2017 төслийн хүрээнд эрэл үнэлгээ, маршрутын ажлыг гүйцэтгэснээр ХуцӨндөр, Цагаан-Үзүүр гэсэн илрэлүүдэд нэмэлт судалгаа хийсэн байна. Тэгвэл Хармагтай, Оюутын хүдрийн зангилаанд оршдог Хойд Бүрэгтэйн хүдрийн биетийг алтыг 43.6 тонноор үнэлжээ. Энэхүү дүүрэгт өөр нэг сонирхолтой хүдэр болох Шар Хөндийн илрэлийн зүүн хойд, төв, баруун өмнөд бүсэд 1147.2 кг буюу 1.14 тонн алтны нөөцийг үнэлсэн аж.
Дээрх төслүүдийн судалгааны үр дүнд Монгол орны хамгийн хэтийн төлөвтэй бүс нутгаар Ургамлын, Хантайширын, Баянхонгорын, Дөчголын, Өмнөд Хэнтий болон Эрээн давааны зэрэг металогенийн дүүргүүд тогтоогдож байна. Геологийн судалгаа-шинжилгээний төвийн мэдээлснээр, хэтийн төлөвтэй эдгээр талбайд хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. Дотоодын хайгуулын судалгаанаас гадна Хятадын зүүн хойд нутагт тогтоогдсон орд илрэлүүдээс Монголын нутаг руу дамнасан ордыг илрүүлэх тохиолдол бол бас бий. Үүний хамгийн тод жишээ бол Хайлаарын бассейнаас Тамсагийн газрын тосны сав газрыг илрүүлсэн байдаг. Энэ утгаараа Өвөр Байгалийн хязгаар нутагт тогтоогдсон томоохон хүдэржилтийг Монгол руу мөшгөж судлах боломжтой гэнээ. Ашигт малтмал ирээдүйд хэрэгжих өндөр магадлал бүхий уул уурхайн төслүүд, уялдуулан хөгжих шаардлага бүхий дэд бүтцийн тухай судалгааг Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Геологийн судалгаа-шинжилгээний төв нь БНСУ-ын Геологи, ашигт малтмалын институттэй хамтран сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү KIGAM институт нь одоо Өмнө Солонгосын газрын ховор элементийн ерөнхий зураглалыг Digital twin системд тулгуурлан гаргаж байна. Уг системийг ашигласнаар хайгуулын их өндөр зардлыг бууруулж чаджээ. Монголын ҮГА болон KIGAM институт хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн долоодугаар сард манай улсад геологийн соронзон судалгааны ажил хийсэн байна. 2024 оноос илүү нарийвчилсан судалгааг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Монгол Улс нь критикал минерал, цэвэр эрчим хүчин, өндөр технологийн түүхий эдийн суурь судалгаануудыг хиймэл оюун ухаан, дрон гэх мэт шинэлэг технологиуд ашиглан хийх хийх хэрэгтэйг Солонгосын судлаачид зөвлөж байна.
Дэлхийн технологийн шинэчлэл монголчууд биднийг “хүлээхгүй”. Тиймээс манай улс геологийн суурь судалгаагаа олон улсын түвшинд гаргаж, хөрөнгө оруулалт татахын тулд нэн шинэ технологи, арга аргачлалуудыг боломжоороо нэвтрүүлэх хэрэгтэй. Одоогоор төвлөрч байгаа агаарын геофизикийн зэрэгцээ ямар төрлийн судалгаануудыг давхар хийх талаар тооцоо төлөвлөлт дутагдаж байна. Аль болох богино хугацаанд технологийн дэвшлийг ашиглан геологийн суурь судалгаагаа сайжруулж чадах юм бол манай улсын нийт нутаг дэвсгэрийг аль хэсэгт ашигт малтмал хайвал зохистой, тухайн бүсэд металл, эсвэл металл бус ашигт малтмал хайх уу, ус агуулсан сав газрууд хаана байгаа, хөрөнгө оруулалт татах, газрын гүн рүү судалж чадвал хот байгуулах боломжтой газруудыг тодорхойлох зэрэг тэр бүх талбайнуудаа ялгасан байдлаар бодлого боловсруулах боломж бүрдэнэ. Орчин үед геологийн судалгааг өрөм тавихгүйгээр агаарын геофизикийн үндсэн дээр томоохон ордуудыг илрүүлэх бүрэн боломжтой техник технологиуд хөгжиж байна. Олон улсад газрын хэвлийн тогтоц, ашигт малтмалын хэтийн төлөв, байгалийн гамшгийн эрсдэл зэргийг тодорхойлох суурь судалгаанд шинэ технологи, хэрэглээ, дата боловсруулалтын аргачлалууд эрчимтэй нэвтэрсээр.
Майнинг Инсайт сэтгүүл, №10 (023)