ЭКСПОРТЫН ТҮҮХЭН АМЖИЛТ
Монгол Улс түүхэндээ анх удаа 8.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 70 сая тонн нүүрс экспортоллоо. Үүнээс өмнө 2022 онд 36 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан юм. 2023 онд 67 сая тонн чулуун нүүрс, 3 сая тонн хүрэн нүүрсийг БНХАУ-аас гадна бага хэмжээгээр Сингапур Улс, БНСУ-д экспортолжээ.
ОЛБОРЛОХ САЛБАРЫН ГОЛ ӨСӨЛТ
Олборлох салбарын нийт үйлдвэрлэл 7.2 их наяд төгрөгөөр өсөхөд нүүрсний олборлолт дийлэнх буюу 80 хувийг бүрдүүлсэн байна. Энэ нь 2022 онтой харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
БИРЖИЙН АРИЛЖАА НҮҮРСЭЭР ЭХЛЭВ
Монголын хөрөнгийн биржээр 2023 онд таван компани 15.1 тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжаалав. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Биржээр арилжаалсан анхны уул уурхайн бүтээгдэхүүн нь нүүрс байсан юм. Нүүрсийг ил тод арилжих болсон нь нийгэмд үүсэж буй хардлага сэрдлэгийг багасгахад чиглэж байна.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д БЭТ-ИЙН ХУГАЦААГ СУНГАВ
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоогоод байсан билээ. Тус дэглэмийн хугацааг өнгөрсөн оны дөрөвдүгээр сар, аравдугаар сард хоёр удаа сунгалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ 2024 оны дөрөвдүгээр сарын 29 хүртэл ажиллана. Тус компани өнгөрсөн онд 28 сая тонн нүүрс экспортолсон нь нийт экспортын 40 хувийг эзэлжээ.
ХИЛ ҮНЭЭР ХУДАЛДАХ БОЛОВ
Нүүрсийг биржээр арилжиж эхэлснээр хил үнийг тогтоох болов. Тус үйл явдал нүүрсийг хил хүртэлх өртгийг тооцох боломжийг олгосон юм. Өнгөрсөн онд 14.9 сая тонн нүүрсийг биржээр буюу хил үнээр худалджээ. Биржийн арилжаа нүүрсний нийт экспортын 21 хувийг эзэлсэн байна.
НҮҮРСНИЙ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ҮРГЭЛЖИЛЛЭЭ
Нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорттой холбоотой нээлттэй сонсгол хоёр дахь өвөлдөө үргэлжиллээ. Өнгөрсөн оны хувьд 72 хоногийн хугацаанд 3.1 сая гаруй хуудас баримтыг хянан шалгажээ.
БНХАУ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ОН ДУУСТАЛ ТЭГЛЭВ
Монгол Улсын нүүрсний гол худалдан авагч БНХАУ нүүрсний импортын татварыг он дуустал тэглэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 1-нд гаргав. Тус шийдвэр нь дотоодын болон олон улсад үүссэн нүүрсний үнийг багасгах зорилготой байлаа.
Майнинг Инсайт сэтгүүл, №01 (026)