Э.МИШЭЭЛ
Өнөөдөр (2024.04.25) Монголын хөрөнгийн биржээр хайлуур жоншны арилжаа явагдлаа. Тус дуудлага худалдаанд худалдан авагч үнийн санал ирүүлээгүй байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хугацаанд хайлуур жонш арилжаалагдаагүй хэвээр үлдэв. Уул уурхайн бүтээгдэхүүний тухай хуулиар биржийн арилжаанд төрийн хамаарал бүхий компаниуд оролцох үүрэгтэй. Энэ утгаар "Монголросцветмет" ТӨҮГ биржийн арилжаанд оролцож байна. Тус үйлдвэр 4,355 тонн, CaF2-95% баяжмалыг 360 ам.доллароос эхлүүлэн санал болгосон юм.
Монгол Улс дэлхийн хайлуур жоншны 12 хувь буюу 34 сая тонн нөөцтэй хэмээдэг. Үүнийг 20 орчим үйлдвэр боловсруулдаг гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн жил түүхэн дээд хэмжээний буюу 272 сая ам.долларын үнэ бүхий 1 сая тонн жоншны хүдэр ба баяжмал экспортолсон. Ийм хэмжээгээр экспортолбол манай улсад 30 гаруй жилийн нөөц үлджээ.
Тиймээс салбарын судлаачид олон улсад жил бүр эрэлт нь өсдөг ч нөөц багатай жоншийг өндөр боловсруулалтад оруулж экспортлох тухай ярьдаг. Улс орнууд хайлуур жоншийг стратегийн баялаг гэж үзэн бодлоготойгоор ашигладаг гэдэг.
Гэвч манай улсын хувьд зөвхөн экспортын орлого олоход төвлөрч байна. Үүний илрэл бол хайлуур жоншны 95 хувийн баяжмалыг биржийн арилжааны дуудах доод үнэ өнгөрсөн жилийн экспортын дундаж үнээс даруй 110 орчим доллароор их байгаагаас харагдана. Ийм хэмжээний орлогыг боловсруулах хүчин чадал дутмагаас алдсан. Хайлуур жонш хэмээх ач холбогдол бүхий түүхий эдэд зохицуулалт шаардлагатай байна.