Канадын баруун хойд нутагт чухал металлын олборлодог Австралийн Vital Metals компанийн газрын ховор элементийн нөөцийг 2.2 сая ам.доллароор Саскачеваны судалгааны зөвлөл худалдан авчээ. Энэхүү хэлэлцээрийг Канадын Засгийн газраас зохицуулсан бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард Vital Metals-ийг тухайн металлын нөөцийг 1.7 сая ам.доллароор Хятадын “Shenghe Resources” компанид худалдахыг хориглосон байна. Vital Metals-аас худалдан авсан металлын нөөцийг Саскачеваны судалгааны зөвлөлийн байгуулж буй үйлдвэрт боловсруулах аж. Уг хэлэлцээрийн өмнө Саскачеваны судалгааны зөвлөл нь Вьетнамын “Hung Thinh” группээс газрын ховор элемент импортлох гэрээ байгуулжээ.
Канад нь газрын ховор элементийг стратегийн түүхий эдээр тооцож критикал минералын жагсаалтдаа оруулдаг. Тиймээс дотоодын чухал металлын зах зээлд Хятадын хөрөнгө оруулагчдыг гүнзгий оролцохыг хязгаарлаж буй аж.
Ерөнхий сайд Жастин Трюдогийн Засгийн газар дотоодын уул уурхайн компаниуд болон Хятадын төрийн компаниуд хоорондын гүйлгээг сайтар нягталж, зөвхөн "онцгой нөхцөлд" гэрээг батлахаа анхааруулсан. 2022 онд Хятадын 3 компанийг Канадын литийн төслүүдийн хувьцаагаа худалдахыг шаардаж байв. Канадын Засгийн газраас урт хугацааны турш хянасны үндсэн дээр тавдугаар сард тус улсын зэсийн “Solaris Resources” компани Хятадын групптэй үзэглэсэн санхүүжилтийн гэрээгээ цуцалжээ.