ЗГҮАХ Алсын хараа-2050 дээр суурилсан

Засгийн газрын ээлжит хуралдаан (2024.08.07)-аас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (ЗГҮАХ) урт хугацааны хөгжлийн бодлогод суурилсан, томоохон төслүүдийн ажлын хэсгийг өөрчилсөн гэдгийг хэллээ. 

"Намын бүлэг ЗГҮАХ-т хяналт тавьж ажиллана. Бүлгийн дарга нар ямар нэг үүрэг хүлээхгүй. Тиймээс энэ гэрээ болбол гурван намын дарга нар гарын үсэг зурж байгаа болохоос УИХ-аар батлагдаж байгаа гэрээ огт биш. ЗГҮАХ-ийг боловсруулахдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" дээр суурилсан. Энэ бол нэг намын гэхээс илүүтэй урт хугацааны Монголын Улсын хөгжлийн бодлого гэдэг утгаараа хөгжлийн бодлого дээрээ суурилснаараа онцлогтой.

Гэрээг яагаад байгуулдаг вэ гэхээр ерөөсөө улс төрийн тогтвортой байдлыг хангах гэж. Дээрээс нь хамтдаа зөвшилцөөд эдгээр төслүүдийг урагшлуулна гэсэн тохиолдолд хэн нэг нь замын дундаас, цаг үеэсээ шалтгаалаад ухрах эрхгүйгээр урагшаа харж явах ёстой. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд явж байсан ч улс төрийн зөвшилцлүүд хэрэгтэй байсан. Жишээ нь ажлын хэсгүүдийг бүгдийг нь шинэчилсэн. Жишээ нь ураны төсөл, газрын тос боловсруулах төсөл, хил холболтын замууд гээд нэлээд олон төсөл байгаа шүү дээ. Эдгээр ажлын хэсгүүдийг шинэ сайдын бүрэлдэхүүнтэй шинэчилсэн. Тэгэхээр энэ том төслүүдийн талаар  нэмэлт мэдээллийг бид цаг хугацаанд нь өгөөд явна" гэв. 

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг ирэх даваа гараг (2024.08.12)-т УИХ-д өргөн барихаар болсон. ЗГҮАХ-ийг МАН, АН, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан 

  • Бүсчилсэн хөгжлийн бодлого, 
  • Хүний хөгжлийн цогц бодлого, 
  • Үндэсний баялгийн сан ба орон сууцжуулалтын бодлого, 
  • Эдийн засгийн бодлого, Бүтээмжтэй, цомхон төрийн бодлого гэсэн таван бүлэгт хэрэгжүүлэхээр тусгажээ.