2024 онд БНХАУ эдийн засгийн өсөлтөө 5 хувь орчимд хүргэхээр зорьж байна. Хятадын төв банкны зүгээс дотоодын эдийн засгийг дефляцийн хүндрэлээс гаргаж Засгийн газрын төлөвлөсөн зорилтод өсөлтөд хүргэх өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг танилцуулжээ. Гэхдээ энэ зорилгод хүрэхийн тулд төсвөөс илүү их дэмжлэг хэрэгтэй болохыг шинжээчид анхааруулж байна. Төв банкны Ерөнхийлөгч Пан Гоншэн мэдэгдсэнээр, банкнуудын заавал байх нөөцийн хувь хэмжээг бууруулж “суларсан” 1 их наяд орчим юанийг (ойролцоогоор 141.82 тэрбум ам. доллар) шинээр зээл олгоход зориулах аж.
Хятад улс цар тахлаас хойш эдийн засгаа дэмжих хамгийн том хөтөлбөрийг (2024.09.24) танилцуулсны дараа төмрийн хүдрийн үнэ огцом өсжээ. Даляны түүхий эдийн бирж дээр өдрийн арилжаагаар төмрийн хүдрийн үнэ 4.64 хувиар нэмэгдэж 699.5 юань/тн буюу 99.38 ам.доллар хүрсэн аж. Энэ нь 2023 оны тавдугаар сарын 29-нөөс хойших хамгийн огцом өсөлтөд тооцогджээ.
Тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан түүхий эдийн эрэлт тогтвортой байж өнгөрсөн долоо хоногт Хятадын импортын төмрийн хүдрийн зах зээлийн суурь үзүүлэлтүүд сэргэсэн гэж Mysteel агентлагийн мэдээнд дурджээ. Mysteel-ийн тооцоолсноор, Хятадын үйлдвэрлэгчид гангийн үйлдвэрлэлээ аажмаар нэмэгдүүлж аравдугаар сарын эхний 7 хоногт тохиох Үндэсний баярын амралтаас өмнө алдагдлаа нөхөх нь зах зээлийн суурь үзүүлэлтүүдийг улам сайжруулна гэжээ. Уг баярын өмнө төмрийн хүдрийн үнэ хэлбэлзэх төлөвтэй гэж Хятадын санхүүгийн мэдээллийн Hexun Futures сайт мэдээлсэн байна. Тэгвэл гангийн үйлдвэрлэлийн бусад түүхий эд болох коксжих нүүрс үнэ 3.33 хувь өсжээ.
БНХАУ эхний 8 сарын байдлаар 814.95 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Мөн хугацаанд Монгол Улсын хувьд 4847.9 мянган тонн төмрийн хүдэр экспортлоод байгаа юм.