Цацсан шагай шиг байгаа энэ салбарыг буцааж нэгтгэсэн зохион байгуулалтад оруулна

Өнөөдөр (2024.10.17) Монгол Улсад Геологийн алба үүсэж хөгжсөний 85 жилийн тэгш ойн Эрдэм шинжилгээний хурал Чингис хаан музейд эхэллээ. Эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын гишүүн  Б.Уянга, Үндэсний геологийн албаны дарга Б. Мөнхтөр, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Т.Мөнхбат нар нийт геологич, уул уурхайн салбарынханд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэдний үгээс товчлон хүргэе. 


Б.Уянга "Монгол Улсыг бүхэлд нь төрөл бүрийн харьцаатай геологийн судалгаанд хамруулж чадсан олон байгаа. Үүний үр дүнд Монгол орны хэмжээнд ашигт малтмалын чиглэлээр ерөнхий зүй тогтлыг гаргаж, илрүүлэхээс гадна 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээж илрүүлсэн. Өнөөдөр энэ танхимд цугласан эрхэм геологичид олон ордод нь өнөөдрийг хүртэл ажиллаж, амжилттай үйл хэргээ үүргэлүүлж байгаад талархал илэрхийлмээр байна."

Б.Мөнхтөр "Бид Геологийн албыг бэхжүүлэх ёстой. Ер нь салбар цаашдаа яаж явах юм гэдгийг урт хугацааны бодлогын зорилтуудтай уялдуулж маш тодорхой болгох ёстой. Энэ асуудлыг ойрын хоёр жилдээ УИХ-аар шийдүүлэхийг зорьж ажиллана. Цацсан шагай шиг байгаа энэ салбарыг буцааж нэгтгэсэн зохион байгуулалтад оруулж, институтийг зөв зохион байгуулалтад оруулахаар ажиллана. Салбарын хэмжээний судалгааны ажлыг хэд хэдэн үе шаттай хийнэ. Аливаа судалгааг эрчтэй, системтэй хийж гүйцэтгэнэ."

Т.Мөнхбат "Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагаа нэгдсэн зорилгод нийцээд явж байгаа. Цаашид бид хийх томоохон ажлууд хүлээж байна. Дээрээс нь судалгаа, шинжилгээний ажлууд сүүлийн жилүүдэд салбарын мэргэжилтнүүд дор дороо өөрсдийнхөө хичээл зүтгэлийг гаргаж, салбартаа мэргэжлийн түвшнийг ахиулж, олон улсын харилцааг өргөжүүлэх дүр зураг ажиглагдаж байна." гэв. 

Эрдэм шинжилгээний хурал 17:30 цаг хүртэл үргэлжилнэ. Маргааш (2024.10.18) ойн арга хэмжээний Баярын хурал Соёлын төв өргөөнд 12:00 эхлэх аж.