Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар баталлаа

Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ өнөөдөр (2024.11.21)баталлаа. Цөмийн энергийн тухай хууль, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай, Татварын тухай, Компанийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт хийх саналыг Монгол Улсын Засгийн газар өргөн барьсан. УИХ  яаралтай горимоор хэлэлцэж эцэслэн баталлаа.

Монгол Улс нь дэлхийн ураны нөөцийн 2 хувийг бүрдүүлдэг бөгөөд 10 гаруй ордыг нээн тогтоосон. Үүнээс Дорноговь аймгийн Улаанбадрах сум дахь ураны Зөөвч Овоо ордыг Францын төрийн өмчит "Орано" групптэй хамтран эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэж байна.

Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар ураны төсөлд Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулж УИХ-д өргөн барих эрх зүйн орчин бүрдэж буй юм. 

Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал "Оюутолгой төсөл шиг гэрээний алдаа дахин давтахгүйн тулд АМНАТ-ийн дээд таазын хязгаарыг өөрчилж өсөн нэмэгддэг орчныг хуулиар бүрдүүллээ. 

27 жил гацсан ураны төсөл, бусад төсөл хөтөлбөрүүд урагшилж, улс эх орон, ард түмэнд ашигтай байх нөхцөл бүрдлээ.Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай хөрөнгө оруулалт, тодорхой хууль эрх зүйн орчин бий боллоо"  хэмээн мэдэгдэв.