Э.МИШЭЭЛ
Бизнесийн амжилт гэдэг өмнөх жилүүдээс эерэг өсөлт гарсныг хэлэх үү. Магадгүй тийм. Зарим нь үүнтэй маргах шалтгаан олох нь бий. Ер нь бизнест тодорхой байр суурийг олно гэдэг тийм амар биш. Тэгвэл ердөө хоёр хүрэхгүй жилийн дотор өөрийн орон зайг бий болгочихсоноо баталсан компани байна. Энэ бол “Монголын хөрөнгийн бирж” ХК юм.
Тус компанийн хувьд өнгөрсөн он тун онцгой жил боллоо. Өөрийн 34 хувийг олон нийтэд санал болгон, амжилттай хувьцаат компани болсон, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон арилжааны хэмжээ түүхэнд дээд амжилт үзүүлсэн, Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр таван банк нээлттэй компани болсноор 446 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, Санхүүгийн зохицуулах хороо уул уурхайн бүтээгдэхүүний бирж эрхлэх зөвшөөрөл олгосноор анхны Уул уурхайн бүтээгдэхүүний бирж үүссэн, хуулийн дагуу биржээр арилжсан бүтээгдэхүүнд АМНАТ-ийг тооцдог боллоо. Эдгээрээс компанийн түүхийн хуудсыг шинээр эхлүүлсэн үйл явдал бол гарцаагүй Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа юм.
-МХБ-д Уул уурхайн бирж хэрхэн нөлөөлөв-
"Монголын хөрөнгийн бирж" ХК 2023 онд 4.7 их наяд төгрөгийн үнэт цаас, 7.5 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа хийсэн байна. Энэ нь биржийн түүхэнд байгаагүй их хэмжээний арилжаа болжээ. Арилжааны шимтгэлийн орлогын 28 хувийг үнэт цаас, 72 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа бүрдүүлсэн. Өдрийн дундаж арилжаа 2022 онтой харьцуулахад 2.4 тэрбум төгрөгөөс 33.3 тэрбум төгрөг буюу 14 дахин өссөн байна. Өсөлтийн голлох нөлөөг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа эзэлсэн. Энэ тоо он гарснаас хойш (2024.01.01-11.18) буурсангүй. Уул уурхайн бүтээгдэхүүний өдрийн дундаж арилжаа 41.3 тэрбум төгрөгт хүрчээ. Харин нийт уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хэмжээ ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар буюу 8.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 1.1 их наяд төгрөгөөр давжээ. Үүгээр бол уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа дахин нэг амжилт тогтооход ойрхон байна.
Монголын хөрөнгийн бирж компани өөрийн хувьцааг 2023 оны нэгдүгээр сард гаргасан. Олон нийтэд 34 хувиа санал болгож, нэгж хувьцааг 100 төгрөгөөр санал болгосноор 11.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Хөрөнгө оруулагчдад 100 төгрөгөөр санал болгосон хувьцааны үнэ хоёрдогч зах зээл дээр 162 төгрөгөөс эхлэн арилжаалагдаж, 62 хувиар өссөн нь тус компанийн хувьцаанд хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид хэрхэн “дурлаж” байгааг тодорхой харуулсан юм. Хувьцааны үнэ нь энэ оны хоёрдугаар сараас хойш тогтмол өссөөр 7 дугаар сард 478 төгрөгт хүрч, дээд цэгтээ хүрсэн. “Монголын хөрөнгийн бирж “ ХК нээлттэй хувьцаа компани болсноос хойш анх удаагаа ногдол ашиг тараах болсноо зарласан нь компанийн хувьцааны үнэ огцом өсөх эхлэл болсон гэхэд болно. Хувьцааны ханш нь нэрлэсэн үнээсээ хэд дахин өссөн цөөхөн компанийн нэг нь МХБ өөрөө болсон нь содон. Сүүлд (2024.11.18) 354.24 төгрөгөөр нэгж хувьцаа арилжаалагдсан нь байна. Эндээс Монголын хөрөнгийн биржийн хувьцаа сонирхол татахуйц хувьцааны нэг болжээ.
Хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас
Үнэт цаас | 2024.01.02 | 2024.06.30 | Өөрчлөлт |
Говь (GOV) | 274.46 | 262.34 | -4.42 % |
Хаан банк (KHAN) | 1,200 | 1,014 | -15.50% |
Богд банк (BOGD) | 88.9 | 81 | -8.89% |
Голомт банк (GLMT) | 910 | 952.89 | 4.71% |
АПУ (APU) | 1,201 | 983.93 | -18.07% |
Таван толгой (TTL) | 17,190 | 27,080 | 57.53% |
Монголын хөрөнгийн бирж ( MSE) | 115.51 | 309.52 | 167.96% |
-УУБ-ийг яагаад МХБ-ийн дэргэд байгуулав-
Монгол Улс төрийн өмчит компаниудыг олон нийтийн компани болгох бодлого баримталж буй. Үүнийг урт хугацааны хөгжлийн бодлогын суурь болох Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан. Эхний ээлжинд 25+1 буюу 25 төрийн өмчит компани, нэг банкны хувьцааны тодорхой хувийг олон нийтийнх болгохоор 2022 оны дөрөвдүгээр сард УИХ-ын 16 дугаар тогтоол гаргаад байна. Одоогоор МХБ-ээс гадна Төрийн банк олон нийтэд амжилттай хувьцаагаа гаргасан. Үлдсэн компаниуд харьцангуй жижиг учраас хувьцаа гаргах нөхцөл хараахан бүрдээгүй байна.
Уул уурхайн биржийг Хөдөө аж ахуйн бирж (ХААБ)-ийн адилаар яамны дэргэд байгуулж болох байв. Ингэсэн тохиолдолд бас нэг төрийн өмчит компани нэмэгдэх байсан. Иймээс УУБ-ийг нэг талаар итгэл хүлээлгэсэн, туршлагатай, дээр нь олон улсын жишгийн дагуу хөрөнгийн биржийн дэргэд байгуулсан гэж тайлбарладаг. Нөгөө талаас тухайн үеийн гүйцэтгэх захирал Х.Алтай тэргүүтэй удирдлагуудын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд МХБ УУБ-ийг хариуцахаар болсон гэхэд болно. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа бол том зах зээл. Энэ зах зээлийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулснаар өөрийн үйл ажиллагаа, бизнест ихээхэн дэмтэй гэдгийг олж харж, хэрэгжүүлэхэд ихээхэн идэвх чармайлттай ажилласан гэхэд болно. Үүний үр дүнд хэдхэн жилийн өмнө Миллениум Ай Ти системийн зардлаасаа бага орлоготой байсан МХБ өнгөрсөн жил 10 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажиллажээ.
Өөр нэг дурдахгүй өнгөрч болохгүй шалтгаан нь уул уурхайн бирж уул уурхайн ил тод байдлыг хангаж чадсан. Ерөөс comex.mse.mn сайтын хянах самбараар дамжуулан биржийн арилжаанд оролцож, хөндлөнгөөс ажиглах боломжтой болсон. Тухайн өдөрт явагдсан арилжааг МХБ-ийн цахим хуудаснаас төвөггүй хардаг болсон. Уул уурхайн одоогийн олон нийтийн хандлага хэн “хулгай” хийв гэхээс илүүтэй энэ мөнгө хэрэгтэй зүйлд зарцуулагдаж байна уу, гэж ярих болсонд биржийн оролцоо бий.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг МХБ-ээр дамжуулан хийх болсноор ашиг, үр дүнг нь зөвхөн МХБ, эсвэл “Эрдэнэс Тавантолгой” компани хүртээд зогссонгүй. Хөрөнгийн бирж бол өөрөө нээлттэй ил тод байдал, хүртээмжтэй байдлын бэлгэ тэмдэг байдаг. Тэр утгаараа МХБ нээлттэй хувьцаа компани болсон, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа хийдэг болсон зэрэг нь нийлээд хөрөнгө оруулагчид, хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа эзэмшидэд уул уурхайн бүтээгдэхүүнээс ашиг хүртэх зам нь болж өгсөн гэхэд болно. Урьд нь зөвхөн дарга нарын “оролцоотойгоор” борлуулалтын гэрээ нь хийгддэг байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын арилжаа нээлттэй болж, далд байдалд “гэрээний хувь” хүртдэг нөхцөл бүхэлдээ өөрчлөгдөж, гэрээний хувийг МХБ-ийн хувьцаа эзэмшигчид хүртдэг болсон гэхэд буруудахгүй. Энэ бол уул уурхайн биржийг МХБ дээр байгуулсан нь зөв алхам байсан гэдгийг өнгөрсөн 20 сарын нөхцөл байдал тодорхой харуулж байна.
-Уул уурхайн бирж ба брокер-
Уул уурхайн биржтэй холбоотой нэг хөндөгддөг сэдэв нь брокерын үйл ажиллагаа. Аравдугаар сард дахин зургаан сараар хойшилсон тэд төр хувийн хэвшилтэй өрсөлдөх хэрэггүй гэдэг санааг илэрхийлж буй. Тэдний гол шаардлага нь уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид биржийн арилжаанд оролцох бичиг баримт бүрдүүлэхэд асуудал тулгардаг, худалдан авагч талд мэдээллийг дутуу, эсвэл удаан хүргэдэг. Зарим үйлдвэрийн газрын арилжаа амжилтгүй болсон нь худалдан авагчид мэдээлэл хүрэхгүй байгаатай холбоотой. Тээвэр, логистикийн асуудал үүсэхэд бид “чанга” дуугарч чадна. Эдгээрийг бид зохицуулах боломжтой гэж байгаа юм. Дээр нь төр өөртөө төвлөрлийг бий болгосон гэж шүүмжлэлтэй хандаж байна.
Гэвч энд нэг ээдрээтэй тал бий болсон. Өнгөрсөн оны тоон үзүүлэлтээс харахад УУБ МХБ-ийн салшгүй нэг том бүрдэл болжээ. Цаашид 100 хувь хувьцаат компани болох зураглалтай. Иймээс дан ганц брокер компаниудаар уул уурхайн биржийн арилжааны зуучлал явна гэж ойлгож хүлээх нь өрөөсгөл. Нэгэнт хуулийн дагуу бирж, брокер аль алинаар нь байхаар тусгасан. Гэхдээ төр брокеруудад биржийн адил баталгааг дотоод, гадаадын компанид зарлаж өгөх хэрэгтэй байгаа. Энэ нь төрөөс хувийн хэвшилд дэмжлэг үзүүлнэ. Одоогийн байдлаар брокер компаниудын тоо 11 болж нэмэгдээд байна.
Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн биржээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ хуулийн дагуу биржийн арилжаанд оролцож байна. Эдгээрээс “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ өмнө нь хийгдчихсэн гэрээнүүд байгаа учир биржийн арилжаанд ойрын хугацаанд бүрэн оролцох боломжгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл үлдсэн төрийн өмчит компаниуд 100 хувь өөрсдийн бүтээгдэхүүнийг биржээр арилжиж байгааг хэлж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард зэсийн арилжааг албан ёсоор нээсэн. Энэ үйл явдалтай холбогдуулан зэсийн хэлэлцүүлэгт “Оюутолгой” ХХК-ийг биржийн арилжаанд оролцохыг төрийн зүгээс уриалсан. Гэвч Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд төр 34 хувийг эзэмшиж буй тохиолдолд биржээр хэрхэх зохицуулалт нарийн тусгаагүй. Нөгөө талаас Лондонгийн хөрөнгийн биржээр үнэ тооцож буй учир дахин биржээр дамжих нь ойлгомжгүй. Иймээс “Оюутолгой” ХХК арилжаанд оролцоно гэсэн мэдээлэл дуулдахгүй байна.
-2024 онд Уул уурхайн бүтээгдэхүүний бирж өргөжив-
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2024 онд (11 дүгээр сарын 18-ний байдлаар) 8.6 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 23.3 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжлаа. Үүнд 21.1 сая тонн нүүрс, 2.1 сая тонн төмөр, 15.5 мянган тонн хайлуур жонш, 6 мянган тонн зэс гэсэн бүтээгдэхүүн багтаж байна. Өмнөх жил 7.5 их наяд төгрөгийн 14.9 сая тонн нүүрс, 677 мянган тонн төмрийн арилжаа хийгдсэн юм.
Өнгөрсөн онд 7 компани уул уурхайн бүтээгдэхүүн арилжихаар бүртгүүлсэн бол 21 болж нэмэгдлээ. Амжилттай арилжаалсан бүтээгдэхүүний тоо 11-аас 21 боллоо. Үүнээс зэс 1, нүүрсний 4, хайлуур жоншны 5 төрлөөр тус тус өргөжжээ.
Уул уурхайн биржийн арилжаанд нүүрс, төмөр гэсэн хоёр бүтээгдэхүүн голлож байгаа. 2024 онд нүүсний арилжаа хоёрдугаар улиралд, төмөр гуравдугаар улиралд идэвхтэй явагджээ.
Нүүрсний арилжаа он гарснаас хойш дөрөв, тавдугаар сард идэвхтэй явагдсан бол найм, есдүгээр сард хамгийн бага түвшиндээ хүрсэн. Энэ нь БНХАУ-д нүүрсний импорт нэмэгдсэн, үнэ буурсан, импортын тодорхойгүй байдал зэрэг шалтгаантай. Иймээс худалдагч тал биржийн арилжаанд орохдоо яарсангүй. Энэ хоёр сард үнийн өсөлтийн дундаж хувь энэ хоёр сард хамгийн доогуур буюу 2.3-2.6-тай байсан. Харин хамгийн өндөр өсөлт хоёрдугаар сард үүссэн байна.
Уул уурхайн биржид хамгийн өндөр үнийн өсөлтийн хувь үзүүлсэн тохиолдол тавдугаар сард болжээ. “Эрдэнэс Тавантолгойн” ХК-ийн 1/3 коксжих нүүрсний анхны дуудах үнэ 91-123.6 ам.доллар хүрч, 36.42 хувиар өсөлтийг үзүүлсэн. Анхны дуудах үнэ өсөлтийн зөрүү 4.1 сая ам.доллар хүрчээ.
Нүүрсний арилжааны үнийн дундаж өсөлтийг тогтмол арилжаанд оролцож буй “Энержи Ресурс” ХХК-ийн арилжаагаар харах боломжтой. Тус компани баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс, коксжих нүүрс гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн арилжиж байгаа. Энэ хоёр төрлийн бүтээгдэхүүний үнийн дундаж өсөлт хоёрдугаар сард 13.4 хувь байсан бол наймдугаар сард 2.2 хувь, есдүгээр сард 3.6 хувь болж буурчээ. Эндээс нүүрсний арилжааны үнийн дундаж өсөлтөд тус компанийн нөлөө хүчтэйг харж болох юм.
Нийт нүүрсний арилжааны жингийн 67 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК зургаан төрлийн бүтэгдэхүүнээр эзэлж байна. Тус компани гурван модуль бүхий нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. Эхний модуль ирэх онд бүрэн хүчин чадлаараа ажиллах хүлээлттэй. Гурван модуль тус 10 сая тонн нүүрс баяжуулна. Үүний 8 сая тонн коксжих нүүрс, 2 сая тонн эрчим хүчний нүүрс байх юм. Иймээс ойрын хугацаанд коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний биржид эзлэх жин нэмэгдэх төлөвтэй.
Түүнчлэн есдүгээр сараас хойш “Их Түмэн Хүрд” ХХК, “Эрээн Толгой” ХХК, “Могойн Гол” ХК, “Их Говь Энержи” ХХК, “Саусгоби Даймонд” ХХК гэсэн компаниуд МХБ-д нүүрс худалдагчаар бүртгүүлээд байна.
Төмрийн арилжаа найм, есдүгээр сард идэвхтэй явагдсан. Үүний гол шалтгаан нь “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн тээвэр, логистикийн асуудлаас үүдэн долоодугаар сараас арилжаанд ороогүй. Энэхүү хүндрэлийг хэвийн болгосноос хойш 11 удаагийн дуудлага худалдаагаар 653 мянган тонн төмрийн хүдэр арилжсан байна. Энэ сараас эхлэн тогтмол 6,600 тонноор арилжаанд оролцох боллоо. Төмрийн арилжаанд хамгийн өндөр үнийн дундаж өсөлт тавдугаар сард гарчээ.
Төмрийн арилжаанд шинээр “Феррум Металл Монголиа” ХХК, “Ганбөмбөлөг Ундарга” ХХК бүртгүүлсэн. Одоогоор дуудлага арилжааны хуваарьт тус хоёр компани оролцохоор бүртгүүлээгүй байна.
Хайлуур жоншны арилжаа төмрийн арилжаатай цуг өнгөрсөн онд эхэлсэн. Гэхдээ анхны амжилттай арилжаа зургаадугаар сард явагдаж, он гарснаас хойш 15.5 мянган тонн таван төрлийн бүтээгдэхүүн арилжигджээ. Арилжаанд “Монголросцветмет” ТӨҮГ, "Очир Мандал Хайрхан" ХХК, "Эрд Гео" ХХК оролцож байна.
Зэсийн арилжааны эхний хоёр дуудлага арилжаанд нэг нэг худалдан авагч гарсан. Үүнээс хойших таван арилжаанд худалдан авагч гараагүй. Энэ онд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 50 мянган тонн зэс арилжихаар мэдэгдсэн. Гэсэн хэдий ч 12 хувийн гүйцэтгэлтэй явна. Тус компани 11 дүгээр сард нэг дуудлага арилжааны хуваарь зарлажээ.
Эцэст нь, өнгөрсөн жилтэй харьцуулахад гол түүхий эдийн ханш сайнгүй байсан ч хэмжээ нэмэгдсэн. Энэ нь өмнөх жилийн арилжааны үзүүлэлтийг давахад хүргэжээ.
Өнгөрсөн долоодугаар сард тээвэр, логистикийн томоохон асуудал төмрийн арилжаанд үүссэн. Үүнийг МХБ арилжаанд оролцогч талуудад хэрхэн хүргэсэн нь тодорхойгүй байна. Нэгэнт арилжааг зохион байгуулагч, олон талын оролцогчийг нэгтгэдгийн хувьд асуудал хаана байсан талаар тодорхой байр суурийг илэрхийлж болох юм.
Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу Монголын хөрөнгийн бирж 2025-2027 онд фьючерс, опцион гэрээг байгуулах ажлыг зохион байгуулна. Энэхүү ажлыг зохион байгуулахад уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд саад учрах эрсдэлтэй. Уул уурхайн бүтээгдэхүүн худалдагчдын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад гурав дахин өссөн. Цаашид бүтээгдэхүүний тоо нэмэгдэх боломжтой. Иймээс өөртөө төвлөрлийг бий болгох нь оновчгүй байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржид зэсийн оролцох хэмжээ 3 мянган тонн байгаа. Үүгээр тооцвол энэ жил 16-17 амжилтай арилжаанд оролцсоноор 2024 оны 50 мянган тонн зэс арилжих зорилтод хүрэх байсан. Дөрөвдүгээр сараас хойших байдлыг ажиглавал үүнд хүрэх боломжгүй боллоо. Ийм тохиолдолд хэн үүнийг зохицуулах нь тодорхойгүй. Нөгөө талаас нэгэнт өөрсдийн худалдан авагчтай болчихсон, тодорхой зэс зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулагчид бирж, брокероор дамжих хэрэг төдийлөн харагдахгүй байна.
2024 онд худалдагчаар бүртгүүлсэн зарим компаниуд харьцангуй шинэ гэж болох бага, дунд олборлогч, боловсруулагч компаниуд байна. Тэд биржид бүртгүүлснээр худалдан авагч талд итгэлтэй гэсэн баталгаа болно. Гэхдээ тэд зөвхөн бүртгүүлэх төдий оролцоотой байж болохоор байна. Гэсэн ч Монгол Улсын уул уурхайн экспортод дам эерэг нөлөө үзүүлж болох юм.