Засгийн газар: “Чингис фанд” байгууллаа

Засгийн газар өнөөдөр (2024.12.20) ээлжит бусаар хуралдаж дараах гурван асуудлаар хэлэлцсэн байна.

1.    Засгийн газрын 100 хоногийн ажил 

2.    Төрийн өмчит компаниудын 2024 оны үр дүн, эдийн засгийн биелэлт    

3.  Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотой байгуулагдсан Үндэсний хороо, Улаанбаатар хотын дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөө  

Хэлэлцсэн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувь, гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байна. Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан тул үүний 50 хувийг Үндэсний баялгийн сангийн Хөгжлийн сан руу орох боломж бүрдэж эхэлнэ. Экспортоос 17 тэрбум ам.долларын орлого олж, нүүрсний экспортын биет хэмжээ 81.8 сая тонн хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт юм. Манай улсын дэд бүтцийн өнөөгийн боломжит хамгийн дээд хэмжээгээр тээвэрлэлээ гэсэн үг. Цаашид 100 сая тонн хүргэхийн тулд зайлшгүй тээвэр логистик, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай.  

Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлж эхэлсэнтэй холбоотой олон улсад менежментийг нь гаргах байгууллагыг өнөөдөр байгуулж байна. Тус сан олон улсад “Чингис фанд” нэршлээр танигдана гэсэн үг. Норвег, Казахстаны Баялгийн сангийн жишгээр ажиллах болно. Одоо Үндэсний баялгийн сан буюу Ирээдүй өв санд 4 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн. Энэхүү хөрөнгийг арвижуулахад захиран зарцуулах эрх өнөөдөр (2021.12.21) нээгдэж байгаа. Баялгийн сангийн тухай хуульд “...уул уурхайн ордын 34 хувд ногдох орлого бол Монгол Улсын иргэдийн хуримтлал байна” гэж заасан. 

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд иргэдийн хуримтлалд 495 тэрбум төгрөг Монгол Улсын иргэдийн нэрийн хадгаламжид бүртгэгдээд байна. Энэ нь иргэн тус бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. Тухайн  мөнгөний аль нь Оюутолгой, Тавантолгой болон бусад ордуудын ногдол ашиг болохыг “E- Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн системээс харах боломжтой. Үүнийг бэлэн мөнгөөр зарцуулахгүй, харин бэлэн бусад эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулах зохицуулалттай. Хугацаатай хадгаламж гэж ойлгож болно. Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жил улсын төсөв 1 их наяд орчим төгрөгийн ашигтай гарч буй учир 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг шууд Хөгжлийн санд төвлөрнө. Уг хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж зарцуулах журмыг өнөөдөр баталлаа. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк бондуудын өр төлбөрөө барагдуулж, дампуурлаас гарсан. Тус банкны үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулна. Үндэсний баялгийн сангийн Хөгжлийн сантай илүү холбох зорилтоор Хөгжлийн банкийг экспортын банк буюу сонгодог Эксим банк болгох хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Хөгжлийн сангийн хөрөнгийн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжийг нээхийн тулд Хөгжлийн банкийг зайлшгүй Эксим банк болгох томоохон реформ шаардлагатай байна.