Коксжих нүүрсний үнэ 2025 оны I улиралтай харьцуулахад IV улиралд 20 хувиар өсөх таамагтай байгааг "Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр (2025.02.20) мэдээллээ.
БНХАУ-ын Ганцмод боомтод түүхий коксжих нүүрсний үнэ 2024 оны эхэнд тонн тутам 224 ам.доллар байсан. Дээрх үнэ 2025 оны эхэнд 44 хувиар буурч 125 ам.долларт хүрчээ.
2025 оны нүүрсний үнэ оны эхний хагаст бууралттай, цаашид тогтворжих хандлагатай байна. Улмаар оны хоёрдугаар хагасаас бага зэрэг сэргэж ЭТТ-н "DAP Ганцмод" нөхцөлтэй биржийн үнэ 100.9 ам.доллар, "Ex-Stock Ганцмод" үнэ 131 ам.доллар хүрнэ гэж тус компаниас үзжээ.
Цаашид 2026, 2027 онд нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байна. 2028 онд өмнөх онтой харьцуулахад 17 хувиар өссөнөөр үнэ буцаад өсөлтийн цикл рүү шилжих хандлага давамгайлах аж.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2010-2024 онд 147.8 сая тонн нүүрс борлуулж, тус компанийн борлуулалтын орлого 11 тэрбум ам.доллар хүрчээ.