Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод амжилттай болж өнгөрсөн байна. Тус хуралдааныг Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот тэргүүлж, Монголын талыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлан ажиллажээ. Хуралдаанаас дараах шийдвэр гарсан байна.
- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж, цацраг идэвхт ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтад оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талаас итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллахаар тохиролцов.
- Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж, иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллахаар тохиролцов.
- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
- Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
- 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.
Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.