Орон нутагтай байгуулсан гэрээнүүдийг шинжихүй

О.БАТБОЛД

Mонгол Улс нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Орон нутагтай хамтран ажиллахыг хуулиар үүрэг болгосон цөөн орны нэг юм. Улмаар хамтран ажиллах гэрээний загварыг Засгийн газраас батлахаар хуульчилсны дагуу 2016 онд загвар гэрээ батлагдсан билээ. Энэхүү зохицуулалт хэр үр дүнтэй хэрэгжиж байгааг Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн санд байршуулсан гэрээнүүдэд дүн шинжилгээ хийж харьцуулахыг оролдов. Уг мэдээллийн санг гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор 2017 онд нээсэн юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Ажлын алба хамтран байгуулсан энэхүү цахим хуудаст Монгол Улсын эрдэс баялгийн салбарт байгуулагддаг гэрээнүүдийг байршуулж байна. Үүнд ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмал гэх мэт байгалийн баялгийг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын болон Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Концессын гэрээ, Орон нутагтай хамтран ажиллах гэрээнүүд орж байгаа юм.

ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БА ЗОХИЦУУЛАХ АСУУДЛУУД

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутагтай байгуулдаг гэрээг олон улсад Нийгмийн хариуцлагын, Орон нутгийн хөгжлийг дэмжих, Үр өгөөж хуваах, Уугуул иргэдтэй байгуулах гэрээ гэхчлэн олон янзаар нэрлэдэг бол манай улсын хувьд Орон нутагтай хамтран ажиллах гэрээ гэдэг агуулга, нэршлийг түгээмэл хэрэглэж байна. Орон нутагтай хамтран ажиллах гэрээг судлаач Ciaran O’Faircheallaigh дараах байдлаар тодорхойлсон байдаг. “Эрх зүйн шинжтэй, бүтэц, агуулга, цар хүрээний хувьд харилцан адилгүй ч зарим нийтлэг шинж чанарыг агуулдаг, компани ба орон нутгийн төлөөлөгч/ байгууллага хооронд байгуулдаг албан ёсны гэрээ. Гэрээ нь тухайн уул уурхайн сөрөг нөлөөллийг багасгах, орон нутгийн иргэд үр ашгийг хүртэх боломжийг хангахад чиглэдэг. Ингэснээр зөрчилдөөнийг багасгах, арилгахад тус дэм болохыг зорьдог”. Энэ тодорхойлолтод уул уурхай ба орон нутгийн харилцаанд тулгардаг үндсэн асуудлууд багтсан гэж болно. Тиймээс ч манай улсын хувьд үндсэн асуудлын хүрээнд загвар гэрээ гаргаснаар уул уурхай ба орон нутгийн харилцааны зөрчлийг багасгаж, хамтран ажиллах боломж нээгдэнэ гэж үзсэний үндсэн дээр хуульчилсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны 179 тоот тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээний загвар”-ын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид нутгийн захиргаатай энэхүү үндсэн 3 асуудлаар гэрээ байгуулан ажиллаж байгаа. Загвар гэрээг батлахаас өмнө дэлгэрэнгүй зохицуулалт бүхий гэрээний төслийг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулж, салбарт өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөж байв. Гэвч хэлцэгдсэн төслөөс тэс өөр, маш ерөнхий хувилбар Засгийн газраас батлагдсан. Хэдийгээр хэт ерөнхий, бүрхэг, тодорхойгүй асуудлууд цөөнгүй байсан ч уул уурхайн компаниудыг хайгуул, ашиглалт гэж үл ялган, загвар гэрээний дагуу орон нутагтай хамтран ажиллах харилцааг зохицуулснаараа дэвшилтэт алхам болсон юм. Анхандаа нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэсэн ерөнхий заалт компаниудын хувьд гэрээг хэнтэй байгуулах вэ гэдэг тодорхойгүй асуудлыг үүсгэсэн ч загвар гэрээн дээр ерөнхийдөө сумтай байгуулах агуулга тусгагдсанаар дийлэнхдээ сумын түвшинд гэрээ байгуулагдаж байна. Мөн нийтлэг үйлчилж буй тодорхой зохицуулалтуудаас дурдвал гэрээний хэрэгжилтийг жил бүр дүгнэж, дараа оны 2 дугаар сард ИТХ-д хүргүүлэх, иргэдийн оролцоог Хамтын ажиллагааны хороогоор дамжуулан хангахыг зорьсон зохицуулалт үйлчилж байна. 

ОРОН НУТАГТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ТОО

Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн сан буюу www.iltodgeree.gov.mn цахим хуудсыг 2017 оны 6 дугаар сард нээхдээ 35 (Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ болон газар, ус ашиглах) гэрээний хуулбар байршуулаад байв. Тэгвэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар уг санд нийт 950 гэрээ нээлттэй болоод байна. Үүнээс Орон нутагтай хамтран ажиллах гэрээг хайлтаар шүүхэд 229 гэрээ гарч ирсэн ч хоёр хэлээр болон хавсралт салгаж оруулсан давхцлыг арилгавал 225 гэрээ байна. Энэхүү 225 гэрээг 170 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани орон нутагтай байгуулжээ. Сонирхуулахад нэг л гэрээ хайгуулынх, бусад нь ашиглалтынх байна. 225 гэрээ гэдэг нь тусгай зөвшөөрлийн тоо хийгээд тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн тоотой харьцуулахад тун ч чамлалттай дүн юм. 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсад ашиглалтын 1713, хайгуулын 831 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Нийт 2544 тусгай зөвшөөрлийг 1719 аж ахуйн нэгж эзэмшиж байна. 2022 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт 411 аж ахуйн нэгж Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлангаа ирүүлсэн бол 2020 оны байдлаар Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад 1419 компани тайлангаа илгээжээ. Эдгээр тоогоор багцаалбал, нийт тусгай зөвшөөрлийн 10 хувьтай тэнцэх хэмжээний гэрээ ил тод байна гэсэн үг юм. Нэгэнт хуулиар үүрэг хүлээсэн тул Орон нутагтай хамтран ажиллах гэрээ олноор байгуулагдсан байх магадлалтай. Гол нь тэдгээр гэрээний ил тод байдлыг хангаж, нэгдсэн сан үүсгэж, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг иргэдийн оролцоотойгоор өрнүүлэх нь чухал билээ. Үүнд Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн сан ихээхэн ач холбогдолтой юм. Гэвч уг санд байршуулж, ил тод болгосон гэрээ харамсалтай нь ийм цөөн байна. Энэ нь гэрээ ил тод, нээлттэй байснаар уул уурхайн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, мэдээлэлтэй байлгах, хяналттай байлгах гэрээний чухал зарчим долоон оны турш олигтой хэрэгжилтгүй явж буйн илрэл юм. Нөгөө талаар гэрээний ил тод байдал хангагдахгүй байгаа нь дээрх санд гэрээг сайн дурын үндсэн дээр байршуулж буйтай холбоотой байна. Монголын ОҮИТБС-ын Ажлын албанаас өгсөн мэдээллээр бол аймгийн уул уурхай хариуцсан ажилтан сайн дурын үндсэн дээр цахим санд гэрээг оруулдаг байна. Тэгвэл уул уурхай хариуцсан зарим аймгийн мэргэжилтнүүдээс энэ талаар тодруулахад гэрээг санд байршуулах нь ажил үүргийн хуваарьт нь тусгагдаагүй, үүний зэрэгцээ зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд гэрээгээ ил тод болгохыг хүсдэггүй гэсэн тайлбар өгч байлаа. 

ГЭРЭЭ БАЙГУУЛАГДСАН ЖИЛҮҮД

225 гэрээний хувьд хамгийн олон буюу 97 гэрээг 2019 онд байгуулжээ. Үүний дийлэнх буюу 28 гэрээ нь Төв аймгийнх байна. Удаад нь 2017 онд байгуулагдсан 43 гэрээ, 2021 онд байгуулагдсан 30 гэрээ орж байна. 2013, 2022 онд хамгийн цөөн гэрээ буюу тус бүр 2 гэрээ энэхүү санд байршжээ.


ГЭРЭЭГ ХЭНТЭЙ, ЯМАР ХУГАЦААТАЙГААР БАЙГУУЛЖ БАЙНА ВЭ?

Аймаг, сумдын хувьд аль алинд нь хамтын ажиллагааны гэрээ байгуулах хүсэл сонирхол бий. Ялангуяа сумынханд уул уурхайн үйл ажиллагааны нөлөө илүүтэй тусдаг, мөн үйл ажиллагаа явж буй газраасаа холдох тусам хяналт холдоно гэсэн үндэслэлийг хүчтэй тавьж, сумтай гэрээ байгуулж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаарддаг. Мэдээллийн санд байршсан 225 гэрээний хувьд 93 гэрээг сум, 45 гэрээг аймагтай байгуулсан байна. Харин 64 гэрээг аймаг, сум хамтран байгуулжээ. Мөн Төв аймгийн “Заамар нутгийн хөгжлийг дэмжих” сангийн зүгээс 16 компанитай гэрээ байгуулсан байна.


Аймгаар нь харвал Булган аймаг хамгийн их буюу нийт 43, Төв аймаг 34, Дундговь аймаг 32 гэрээг мэдээллийн санд байршуулжээ. Хамгийн цөөн буюу 1 гэрээг Говь-Алтай аймаг байршуулсан байна. Мөн Хөвсгөл аймаг 2, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд аймаг тус бүр 3 гэрээ оруулсан байна.


Гэрээний хугацааны хувьд 168 гэрээг 1 жилээр, 21 гэрээг 3-аас дээш жилээр байгуулсан бол тусгай зөвшөөрлийн хугацаанд хүчинтэй байхаар 21 гэрээ байгуулагдсан байна. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг олборлож буй эрдсийн төрлөөр нь харвал алтны 94, хайлуур жоншны 18, нүүрсний 15, төмрийн хүдрийн 8 компани байна. Ашигт малтмалын төрөл нь тодорхойгүй 17 гэрээ зурагдсан байна.


ХАНДИВ, ТУСЛАМЖИЙН МӨНГӨН ДҮН ТУСГАСАН БАЙДАЛ

Хандив, тусламжийн мөнгөн дүнгээр Өмнөговь аймаг 7 гэрээнээс 9 тэрбум 455 сая (Оюутолгой ХХК-ийн хандив тусламжийн дүнг ороогүй), Сүхбаатар аймаг 18 гэрээнээс 5 тэрбум 861 сая, Дорнод аймаг 17 гэрээнээс 4 тэрбум 29 сая, Орхон аймаг 5 гэрээнээс 4 тэрбум төгрөг өнгөрсөн хугацаанд хүлээн авахаар гэрээ хийгдсэн байна.


Нийт 115 компанийн байгуулсан 137 гэрээгээр нийт 30,307.6 тэрбум төгрөгийн хандив тусламж орон нутагт үзүүлэх гэрээ хийгдсэн байна. Гэрээ хэрэгжсэн эсэх, хэрэгжилтийг хэрхэн дүгнэсэн мэдээлэл байхгүй тул энэ мөнгөн дүнгээр хандив тусламж үзүүлсэн эсэхийг дүгнэх боломжгүй юм. Гэрээний хавсралтуудыг шүүж үзэхэд хандив тусламжийг дараах үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн байна. Хандив тусламжийн хамгийн их хувь буюу 17,5 тэрбум төгрөгийг аймаг, сумын төвийн дэд бүтэц, өнгө үзэмж сайжруулахад зарцуулахаар гэрээ байгуулжээ. 

Хоёр дахь зонхилж буй чиглэл нь төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулан орон нутгаас санал болгосон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалттай байна. Энэ нь 9,6 тэрбум төгрөг болж байна.

ЭЦЭСТ НЬ НЭГТГЭН ДҮГНЭВЭЛ

Орон нутагтай хамтран ажиллах гэрээний олон улсын туршлагаас харахад амжилттай сайн гэрээ байгуулж ажиллаж чадвал орон нутаг хийгээд уул уурхай хоорондын итгэлгүй, тогтворгүй харилцааг урт хугацаанд харилцан ашигтай, үр өгөөжтэй үргэлжлүүлэх боломж нээгддэг. Тэр тусмаа Компанийн хувьд Орон нутагтай хамтран ажиллах гэрээ нь орон нутагт нэр хүнд бий болгох, түүнийгээ хадгалах, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, цаашлаад нийгмийн зөвшөөрөл авах чухал нэг хэрэгсэл юм. Харин орон нутгийн хувьд орон нутгийнхаа хөгжилтэй уялдуулсан сайн гэрээ хийж чадвал хөгжлийнх нь нэг хөшүүрэг, уул уурхайн үр өгөөжийг шууд хйигээд жинхэнэ ёсоор хүртэх боломж билээ. Загвар гэрээний хувьд хууль эрх зүйн чадавх сул орон нутагт гэрээний стандарт тогтоход томоохон дэмжлэг болж чадсан. Мөн хэт нарийвчлан зохицуулаагүй нь гэрээний эрх чөлөө олгож, нээлттэй уян хатан үлдээснээрээ ач холбогдолтой. Хэдий ийм сайн талууд бий ч ихэнхдээ аймаг эсвэл сумын даргын үзэмжээр гол төлөв 1 жилийн хугацаатай байгуулагдаж, дагаад хөрөнгө оруулалт нь голдуу нэг удаагийн чанартай, орон нутгийн ирээдүй, хөгжилд үр нөлөө багатай зүйлсэд зарцуулагдах байдлаар явж буйг мэдээллийн санд ил тод байршуулсан гэрээнүүдээс харж болохоор байна. Энэ нь нийтлэлийн эхэнд дурьдсан тодорхойлолтын эсрэг гэж хэлэхүйц үр дүн авчрахаар байдалтай байна. Энэхүү үр өгөөж багатай байдал үргэлжилсэн хэвээр байвал Орон нутагтай хамтран ажиллах гэрээний үндсэн зорилго, ач холбогдлыг ч бууруулах эрсдэлтэй. Энэ бүгд гэрээ байгуулах, хэрхэн үр нөлөөтэй хэрэгжүүлэх талаар ялангуяа орон нутгийн зүгээс бэлтгэл багатай, тэднийг арга зүйгээр хангаагүй, иргэдийн оролцоотой хяналт тавих зэрэг асуудалд нэгдсэн журмаар анхаарч, тодорхой ажлууд хийгээгүйтэй холбоотой байж болох юм. Эцэст нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, нутгийн захиргааны байгууллагын хооронд хамтран ажиллах загвар гэрээ байгуулахыг хуульчилснаас хойш есөн жил болж байна. Энэ хугацаанд Орон нутагтай хамтран ажиллах гэрээ нь уул уурхай, орон нутгийн харилцаанд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэж ирэв, зорилгоо хангаж байна уу гэдгийг үнэлж үзэх цаг болжээ. Цаашлаад гэрээний үндсэн мөн чанар болох уул уурхайн сөрөг нөлөөллийг багасгах, орон нутгийн иргэд үр ашгийг хүртэх боломжийг хангахад гэрээ чиглэж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийж, илүү үр нөлөөтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Ингэж байж Орон нутаг үр шимийг хүртэх, Компанийн үйл ажиллагааны баталгаатай, тогтвортой байдал хангагдах, улмаар уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэж болох Сөрөг нөлөөллийг бууруулах Гэрээний үндсэн зорилго биелэх юм.

ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТАД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ

2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны хооронд байгуулах гэрээний зохицуулалтад зарим нэг өөрчлөлт орсныг танилцуулж байна. Ашигт малтмалын тухай хуульд оруулсан гэрээний анхны зохицуулалт хэрхэн өөрчлөгдсөнийг дараах хүснэгтэд харуулав. 

Уншигч та дээрх хүснэгтээс өөрчлөлтүүдийг харж байна. Зарчмын томоохон өөрчлөлт ороогүй ч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нутгийн захиргаатай гэрээ байгуулах үндсэн 3 асуудал дээр хандив, тусламж өгөх гэж нэмж оруулсныг анзаарсан байх. Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж, түүнийг нээлттэй байлгахыг хуульчилсны гол шалтгаанд хандив, тусламжийн асуудал орж байв. Орон нутгийн асуудлыг компаниуд хандив тусламжаар аргацаадаг, улмаар удирдлагууд нь үзэмжээрээ зарцуулж, уул уурхайн үр өгөөж орон нутагт хүртээлгүй байна гэдэг асуудал тухайн үед хүчтэй тавигдаж байсан. Нөгөө талаар зарим хуулийн хязгаарлалтын улмаас орон нутгийн хөгжлийн санд шууд хөрөнгө оруулалт хийх механизм үгүй болсон юм. Гэтэл одоо ямар үндэслэл, шалтгаанаар ийнхүү нэмэлтээр орсон нь ойлгомжгүй байна. Гэхдээ нэгэнт ийм зохицуулалт бий болсон тохиолдолд хандив дэмжлэгийн ил тод байдлыг дээд зэргээр хангах ёстой билээ. Харин гэрээг ил тод болгохыг нутгийн захиргааны байгууллагад үүрэг болгосон нь энэхүү нэмэлт өөрчлөлтийн хамгийн чухал дэвшилтэт зохицуулалт гэж үзэж болохоор байна. Нийтлэлд өмнө дурдсанчлан зохицуулалтгүй, сайн дурын чанартай явж ирсэн энэхүү үйл ажиллагаа Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр тодорхой хариуцах эзэнтэй болж байна.

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2023, №1 (014)