Хэрэгжүүлэгч бөгөөд санхүүжүүлэгч: AMEP
Хамтран хэрэгжүүлэгч: Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТНЗ - CSS, #Майнинг_Инсайт сэтгүүл
Дэмжин ажилласан: Дундговь аймаг Хулд сумын Засаг даргын тамгын газар
УУХҮЯ, AMEP-2 хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийн дагуу Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТНЗ - CSS, Майнинг Инсайт сэтгүүлийн баг Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай суманд судалгаа хийсэн. Энэ ажлын үргэлжлэл болгож орон нутгийн иргэдэд эрдэс баялгийн салбарын ач холбогдлыг таниулах, уул уурхайн мэдлэг мэдээллийг энгийнээр, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Геологи уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөгийг тухай 3 суманд зохион байгуулж байна.
Дундговь аймгийн Хулд суманд (2023.05.18) болсон өдөрлөгийг нээж Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит, AMEP -2 хөтөлбөрийн Багийн ахлагч Рена Гүэндүэз, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа нар үг хэллээ.
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит “Монгол, Австрали Улс нь газар зүйн байршлын хувьд алслагдмал оршдог хэдий ч эрдэс баялгийн чиглэлээр адил зүйлс их. Хоёр орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн салбарыг дагаад ажлын байр, үйлдвэрлэлийн бүтээмж, хөрөнгө оруулалт нэмэгддэг давуу талтай. Монгол Улсын гуравдагч хөрш орны хувьд Австрали нь хоёр улсын хамтын ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан Монголын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд баяртай байна. AMEP хөтөлбөр нь юуны түрүүнд эрдэс баялгийн нөөцөд тулгуурласан өсөлтийг тогтвортой удирдахын тулд Австралийн туршлагыг ашиглахад Монголд туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн тус салбарын засаглалыг бэхжүүлэх, ил тод, тогтвортой хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн өсөлт, эдийн засгийн шинэчлэлээр дамжуулан Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд тусалж байна. Дундговь аймгийн Хулд суманд өнөөдөр зохион байгуулж байгаа “Геологи уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөг нь хоёр улсын хамтын ажиллагааны нэг хэсэг юм” гэдгийг тодотгов.
АМЕP-2 хөтөлбөрийн Багийн ахлагч Рена Гүэндүэз “Анх 2015 онд хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийн 2 дахь үе шат буюу AMEP -2 нь Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, компаниуд гэх мэт эрдэс баялгийн салбарын бүхий л оролцогч талуудтай хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаагаар Монголын уул уурхайн салбарт ил тод, орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан, байгаль орчныг харгалзсан хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд бидний үйл ажиллагаа чиглэж ирсэн” хэмээн хэллээ.
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төсөл 6 сарын хугацаанд хэрэгжинэ. Уг төслийн дагуу 3 суманд хийсэн судалгаагаар геологи, уул уурхайн компани болон орон нутгийн иргэд, малчдын хооронд бие биедээ мэдээлэл солилцох, иргэдийн оролцоог хангах, ил тод байдал дутмаг гэсэн олон нийтийн санал асуулгын дүн гарсан. Энэ үндсэн дээр “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал” зохион байгуулж байгаа”-г онцоллоо.
Өдөрлөгийн арга хэмжээнд Хулд суманд уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Иннова минералс”, “Арвин олдохын жандмань” зэрэг компанийн төлөөлөл оролцов.
Нээлтийн дараагаар нутгийн иргэд, албан хаагчид, малчид “Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал”-даа гарч “Өртөө 1: Ойлгоё, мэдье!”, “Өртөө 2: Туршилт хийцгээе!”, “Өртөө 3: Эд юмс юунаас үүсдэг вэ?”, “Өртөө 4: Хамтдаа хяная!”, “Өртөө 5: Мэдлэгээ баталгаажуулъя!” гэсэн 5 өртөө бүхий гэрүүдэд мэдээлэл авч, туршилтад оролцоцгоосон юм. Шат дараатайгаар уул уурхайн анхан шатны ойлголтоос эхлээд танин мэдэхүйн мэдээллээр иргэдийг мэдлэгийг бататгахыг зохион байгуулагчдын зүгээс чухалчилж, хамгийн гол нь иргэд өөрсдөө оролцож, хамтдаа туршиж, сонирхсон асуултаа хариулт авч нээлттэй ярилцах нөхцөлийг бүрдүүлсэн нь уг арга хэмжээний онцлог юм.
“Өртөө 1: Ойлгоё, мэдье!”-нд Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа, тус байгууллагын ажилтан Д.Ууганбаяр нар VR төхөөрөмжийн тусламжтайгаар Оюутолгойн гүний уурхайгаар аялуулж, “Бидэнд ойрхон уул уурхай: Жонш” гэсэн шинжлэх ухааны хялбаршуулсан богино хэмжээний баримтад кино үзүүлж сонирхууллаа.
“Өртөө 2: Туршилт хийцгээе!”-нд геологич И.Халиунаа, Майнинг Инсайт сэтгүүлийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ хамт Монгол орны геологийн шинжлэх ухаан, тэр дундаа ашигт малтмал талаар танилцуулж, эрдэс чулуулгийг бичил микроскопоор харах, таних боломжийг иргэдэд олгов.
“Өртөө 3: Эд юмс юунаас үүсдэг вэ?”-нд Майнинг Инсайт сэтгүүлийн сэтгүүлч Б.Мишээл, Э.Оджаргал нар олборлосон ашигт малтмал, тухайлбал алт, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэс, жонш зэрэг эрдсийг хэрхэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр иргэдийн ахуйд нэн хэрэгцээтэй эд зүйлсийг бүтээдэг талаар дүрс бичлэг, зурагт хуудсаар тайлбарласан.
“Өртөө 4: Хамтдаа хяная!”-нд ХОБОМ-ын мэргэжилтэн, “Гэртээ туршъя” төслийн санаачлагч Б.Алтангэрэл байгаль орчны мониторинг хийх аргачлал, туршилтыг иргэдийн хамт хийж үзүүлэв.
Эхний 4 өртөөнөөс таньж мэдсэн, тэлсэн мэдлэгээ бататгах “Өртөө 5: Мэдлэгээ баталгаажуулъя!”-нд Иргэдийн оролцооны мэргэжилтэн, сургагч багш Ж.Чанцалдулам иргэдийг оролцуулан “Мэдлэгийн зах”-Та битгий уурлаарай” хөлөгт тоглоом”-д оролцож хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд орон нутгийн иргэдийн зөв мэдлэг мэдээлэл, үүнд тулгуурласан зүй зохистой оролцоо чухал болохыг мэдэж авсан юм.
Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аяллын өртөөчилсөн энэхүү өдөрлөгт сумын удирдлага, байгаль орчны мэргэжилтэн, малчид, жижиг дунд бизнес эрхлэгч, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид нийт 180 гаруй иргэн оролцлоо.Энэхүү өдөрлөгийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг тэргүүтэй хошин урлагийн жүжигчдийн тоглолтоор өндөрлөсөн юм.
АМГТГ-ын мэдээллээр Дундговь аймгийн Хулд сумын нутагт дэвсгэрт хайгуулын 10, ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
“Геологи уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөгийг Булган аймгийн Бүрэгхангай суманд (2023.06.05)зохион байгуулна.