Сүүлийн жилүүдэд уул уурхай орон нутгийн харилцааны асуудал ихээхэн тулгамдаж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компаниуд орон нутагт очоод иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах явдал түгээмэл болов. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ үед орон нутгийнхны байр суурийг хүргэх үүднээс төлөөлөл болгон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай Mining Insight-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Аймгийн эдийн засагт уул уурхайн салбар хэр байр суурь, үүрэг оролцоотой байна вэ?
Дорноговь аймаг нь социализмын үеэс дэд бүтэц, төмөр зам дагаж уул уурхай хөгжсөн аймаг. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны дараа “Монголросцветмет” нэгдлийн жоншны уулын баяжуулах үйлдвэрүүд Өргөн, Даланжаргалан суманд байгуулагдаж бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэдэг, Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэртэй байлаа. Сүүлийн жилүүдэд уул уурхайтай холбоотой боловсруулах үйлдвэрүүд түлхүү хөгжиж байна. Зүүнбаян-Тавантолгой, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Олон улсын тээвэр логистикийн төв, Замын-Үүд болон Ханги боомтуудын өргөтгөл шинэчлэл, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт худалдааны бүс, манай улсад хамгийн том хүчин чадалтай нар салхин станцууд гээд төр засгийн бодлогоор, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна. Засгийн газраас байгуулахаар зарласан Сайншанд-Баруун-УртХөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр зам мөн л Дорноговь аймгийн нутгаар дайрна.
Төрөл бүрийн ашигт малтмалын нөөцтэйгөөс гадна гадаад зах зээлтэй холбогдсон дэд бүтэцтэй тул хамгийн их тусгай зөвшөөрөлтэй манай аймагт олон компани үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс орон нутгийн хөгжил, нийгэм эдийн засгийн бүтээн байгуулалтад уул уурхайн компаниудыг нийгмийн хариуцлагаар татан оролцуулахад анхаарч, бодитой хөрөнгө оруулалтууд хийж байна. Дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дагаад аймгийн хүн ам өсөж байгаа. Дорноговь нь Эрдэнэт, Дарханы дараа орох аж үйлдвэрийн гуравдагч том бүс нутаг болж хөгжих боломжтой гэж үздэг.
Энэ бүхний нөлөөгөөр “Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-ээр 21 аймгаас хоёрдугаарт орж байсан бол сүүлийн хоёр жил дараалан тэргүүлсэн. Иргэдийн хувьд харьцангуй уул уурхайн талаар мэдлэг ойлголттой. Төмөр замын дагуух сумдад төмөр замчингүй айл гэж бараг үгүй. Уул уурхайтай нутгуудад гэр бүлээс нь уурхайд ажилладаггүй хүн гэж байхгүй.
Аймгийн хөгжлийн хөтөлбөрт уул уурхайтай холбоотой ямар бодлого, зорилт, үйл ажиллагаа тусаж, хэрхэн хэрэгжиж байна вэ?
Төсвөө өөрөө бүрдүүлдэг аймгийн хувьд Дорноговийн эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлдэг. Тиймээс уул уурхайн салбарт хэд хэдэн зорилт дэвшүүлсэн. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ. Олборлох үйл ажиллагааг дагасан баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ. Баяжуулах болон боловсруулах үйлдвэр нь Монголд нүүрс, жонш, төмрийн хүдэр, зэс зэрэг цөөн эрдэс дээр тогтож байна. Дорноговь аймагт төмрийн хүдэр баяжуулах 2 ч үйлдвэр баригдаж буйтай холбоотой нүүрс угаах, коксын үйлдвэрүүд байгуулагдана. Нүүрс, химийн үйлдвэрүүдийг түлхүү хөгжүүлэх бодлого барьж байна. Кокс, төмөр үйлдвэрлээд ирэхээр дагалдах бүтээгдэхүүний жижиг үйлдвэрүүдийг хөгжүүлэх ёстой. Тухайлбал, кокс болон төмрийг боловсруулах шатанд их хэмжээний эрчим хүч, дулаан гарна. Илүүдэл бүтээгдэхүүний нэг болох асфальтаар ядаж зам талбайгаа хийдэг болчих төлөвлөлт бий. Мөн цементийн үндэсний хэмжээний хоёр том үйлдвэртэй бөгөөд олон төрлийн ашигт малтмалын түүхий эд шаардагддаг. Баяжуулах, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг дэмжинэ. Тухайлбал, төмөр үйлдвэрлэхэд шаардлагатай эрдэс бүтээгдэхүүний нөөц тогтоох хайгуулыг түлхүү дэмжихийг зорьж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дагалдан олон тооны жижиг үйлдвэрүүд яригдаж байна. Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтаар анхны ураны үйлдвэр Дорноговь аймагт байгуулагдана. Доншен газрын тосны олборлолт хийж байна. Сүүлийн 2-3 жилд газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх тал дээр орон нутаг дэмжих бодлого барьж байгаа.
Улс, орон нутагт ач холбогдол багатай “жижиг” уурхайнуудад болгоомжтой хандаж байна. БОНБҮ-нээс эхлээд нөхөн сэргээлтийн хөрөнгө санхүүжилтээ хариуцах чадваргүй хэмжээний уурхайнууд ашгаасаа илүү хор уршигтай. Эргээд томоохон төслүүддээ саад тотгор болдгийг харж байна. Уул уурхайн үйлдвэрлэлүүдийг холбох дэд бүтцийг дэмжинэ. Засгийн газрын бодлогод Дорноговь аймгийг хүнд үйлдвэрийн бүс гэж зарлан, Алтанширээ суманд аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн тул тухайн газар нутгийг үйлдвэр технологийн паркийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан.
Баруун урд талд нь Цагаансуваргын төсөл бий. Мөн хэсэгт нүүрсний 4-5 бүлэг орд байдаг. Эдгээрийг түшиглэсэн бас нэг үйлдвэр технологийн парк байгуулагдана. Ингэхээр хоёр ч бүсэд үйлдвэр технологийн парк байгуулагдахаар байна.
Геологи, уул уурхайн компаниудтай орон нутаг хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
Манай улсад “уламжлал” болж тогтсон нэг зүйл бий. Иргэд эсэргүүцдэг, тэгэхээр нь компаниуд орон нутагт тулгамдсан “жижиг сажиг” асуудлыг шийдэж өгдөг. Дараа нь ямар ч тогтвортой хамтын ажиллагаа үүсэхгүй, аль аль нь мартдаг. Иргэн, баг, сумын дарга, эсвэл аймгийн Засаг дарга очоод компаниас мөнгө нэхдэг. Хууль бус үйл ажиллагаа явуулж байхад нь шахаж дарамтлах байдлаар орон нутаг мөнгө авч, хариуд нь халхавчилдаг байдал гарах ёсгүй. Уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж буй сум, багтаа илүү хөрөнгө оруулах сонирхолтой, сум, багийн иргэд ч авах хүсэлтэй байдгийг үгүйсгэхгүй. Гол нь энд авлига, ашиг сонирхлын зөрчил байж болохгүй.
Иймэрхүү зөрчил үүсгэхгүйн үүднээс Дорноговь аймгийн хэмжээнд аймаг, сумдын Засаг даргын зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагч болон агентлаг, байгууллага хандив тусламж авах, түүнийгээ зарцуулах эрхгүй гэсэн шийдвэр гаргаж, чиглэл өгсөн. Дорноговь аймаг уул уурхайн компаниудтай хамтран ажиллах шинэ жишиг тогтоохыг зорьж байна.
Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, замбараагүй хяналтгүй үйл ажиллагааг цэгцлэх, байгаль орчинд хариуцлагатай ханддаг болгох, орон нутгийн иргэдэд үр өгөөжийг хүртээх зорилгоор “Хариуцлагатай уул уурхай” зөвлөгөөнийг 2016 оноос хийдэг болсон. Тухайн жил уул уурхайн компаниуд орон нутгийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байсан бол одоо 10 тэрбум давж орлого өссөн. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудыг аймагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах, үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтаа бүртгэлтэй болгох, ХАОАТ, нийгмийн даатгал, үл хөдлөх хөрөнгө, газар, техникийн татваруудыг орон нутагт төлөх, уурхайд ашиглагдаж буй машин техникүүдийг аймгийн дугаартай болох, хүний нөөцийн 60 хүртэлх хувийг орон нутгаас авч ажиллуулах, бараа, ажил үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүнийг орон нутгаас авах шаардлага тавьдаг. “МАК Евро цемент”, ”Монцемент” зэрэг үндэсний компаниуд Дорноговь аймагт шилжин ирснээр татвар нь орон нутагт төвлөрч байна. Анхдугаар зөвлөгөөний үр дүнд бүх талын оролцоог хангасан “Дорноговь их хөгжил сан” байгуулсан. Компаниуд өөрсдөө сангаа удирдаж, хөрөнгө хуримтлуулан орон нутгаас ирүүлсэн саналыг сангийн ТУЗ-өөр хэлэлцэн, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэдэг. Энэ сан 2016 оны арваннэгдүгээр сард байгуулагдсанаас хойш аймгийн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, барилга байгууламж зэрэг бүхий л чиглэлд хөрөнгө оруулсан. Сумдад хүүхдийн цэцэрлэг, спорт заал барьж, эмзэг бүлгийн иргэдэд гэр олгох зэрэг ажил хийсэн. Сангийн хөрөнгийг аймаг, сумын Засаг дарга гарын үсэг зурж захиран зарцуулах эрхгүй. Дорноговь аймаг уул уурхайн компаниудтай хамтран ажилладаг зарчим энэ. Энэ ажил амжилттай хэрэгжиж байсан ч ковидын улмаас сүүлийн жилүүдэд тасалдсан. Цар тахлын 2 жилд уул уурхайн компаниудтай хамтын ажиллагаа хийгдээгүй. хөл хориотой холбоотой компаниудын ашиг орлого муудаж, үйл ажиллагаа тасалдсан, экспорт буурсан. Ийм нөхцөлд аль болох хүлээцтэй хандсан. Одооноос компаниудын үйл ажиллагаа тогтворжиж байна. Тиймээс энэ жилээс “Дорноговь их хөгжил сан”-гийн үйл ажиллагааг сэргээнэ.
Орон нутаг ба уул уурхайн харилцаанд ямар асуудал бэрхшээл тулгамдаж байна вэ?
Агаарын бохирдол, ургамал болон бэлчээрийн доройтол зэргээр сөрөг нөлөөлөл үзүүлж буй асуудлууд байгаа. Говийн бүс нутагт гүний усны асуудал хурцаар тавигддаг. Хайгуул, ашиглалтын дараах нөхөн сэргээлт хийхгүй байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хэд хэдэн эзэн дамжаад, нөхөн сэргээлт эзэнгүй үлдчихдэг. Бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, уул уурхайг хослуулж явах шаардлагатай байна. Компаниуд жил бүр Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, БОНБҮ-ний тайлангаа ИТХ-д өгдөг ч төдий л хангалттай биш. Мэргэжлийн бус компаниуд уул уурхайн салбарын нэр хүндийг асар ихээр унагаж байна. Энэ нь компани, иргэд хоорондын зөрчлийг үүсгэж байна. Мэргэжлийн, бүрэн хэмжээний ТЭЗҮ боловсруулсан, цогцоор хэрэгжүүлэх чадвартай, хариуцлагатай компаниудыг ажиллуулах нь чухал. Жижиг орд нээж, багахан хайгуул хийсэн болоод олборлож чадахгүй, ухаж сэндийчээд явчихдаг тохиолдол олон. Орд олсон нэртэй хам хум өрөм тавьж, хөрс эргүүлж хаячихаад тусгай зөвшөөрлөө худалдах гээд явдаг. Иргэд эхний удаад зөвшөөрдөг. Гэтэл нөгөө талбайд үйл ажиллагаа явагдахгүй таг зогсчихоор иргэд уул уурхай хэрэггүй гэсэн ойлголттой болж үлдэж байна.
Геологи, уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд нутгийн иргэд ямар оролцоотой байдаг вэ?
Компаниуд иргэдтэй хэрхэн харилцахаа зөв томьёолох хэрэгтэй байна. Иргэд компаниудтай харилцах хэм хэмжээг тодорхой болгох ёстой. Жишээ нь нутгийн иргэн бүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авах нь компанид хүндрэлтэй. Үүссэн асуудлыг нь зохицуулахад төрд ч бэрхшээлтэй. Тиймээс мах, сүү, ажлын хувцас, багаж хэрэгсэл нийлүүлэх дагнасан хоршоод байгуулах ажлыг Дорноговь аймагт эхлүүлж байна. Уул уурхайн компаниуд орон нутгаас худалдан авалтыг хувь иргэнтэй бус хоршоодтой хийнэ. Хоршоодыг бүх суманд бий болгож, энэ схемийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлнэ. Ялангуяа том үйлдвэр дагасан жижиг дунд бизнесийг хоршоогоор дамжуулж хөгжүүлнэ. Компаниудын үйл ажиллагаатай уяж хоршоодыг бойжуулна. Ингэснээр ханган нийлүүлэлтийн бодитой бизнес харилцаа компани, иргэд хооронд үүсэж, хамтын ажиллагаа ойлгомжтой болно.
Дорноговийн иргэдийн уул уурхайд хандах хандлага ямар байна вэ?
Сүүлийн үед уул уурхайг эсэргүүцэх, хүлээн зөвшөөрөхгүй иргэд давамгайлах хандлагатай болж байна. Уул уурхай эрхэлсэн бүхнийг “хулгайч” гэж иргэд харж эхэллээ. Нэг л уурхайн буруутай, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж сөрөг хандлага үүсдэг. Түүнчлэн төрийн өмчит компанийн тодорхой хувийг эзэмшиж ногдол ашиг авч байгаа жишгээр бусад уул уурхайн компаниудаас авах ёстой гэсэн ойлголт иргэдэд сууж байна.
Хувийн хэвшлийн компаниудаас татварын системээр татвар төлбөр хураамжийг хураан авч, эргээд цалин тэтгэвэр, халамжид хуваарилдаг талаарх ойлголт иргэдэд дутмаг. Аймаг сум болгоны ОНХС нь уул уурхайн компаниудын татвар, төлбөрөөс бүрддэгийг иргэд мэддэггүй.
Мэдээлэлгүйгээс буруу зөрүү ойлгож, эсэргүүцэл тэмцэл үүсдэг. Манай аймгийн хувьд өргөн хэмжээний эсэргүүцэл тэмцэл, аливаа төслийг гацаах шантаажлах зүйл харьцангуй гайгүй.
Орон нутгийн иргэдийн хамгийн их чухалчилдаг зүйл бол ахуй амьдралд үзүүлэх бодит үр өгөөж юм. Уул уурхай болон орон нутгийн харилцааг илүү сайжруулах боломжит шийдлийг Та хэрхэн харж байна вэ?
Компаниуд орон нутагт хэрэгжүүлж буй төслийн мэдээллийн ил тод байдлыг хангах хэрэгтэй. Анхнаас нь ТЭЗҮ-ээр хэдэн ажилтан, ямар техник тоног төхөөрөмж ашиглах, орон нутгаас ямар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах тухайгаа багийн хурлаас эхлээд бүхий л түвшинд нээлттэй мэдээлж байх нь чухал. Харин уул уурхайн компаниудын төлдөг АМНАТөөс ОНХС-д орж байгаа хөрөнгийг хэрэгтэй бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Нөгөөтээгүүр орон нутгийн засаг захиргаа, ИТХ-ын эрх мэдлийг нэмэгдүүлмээр байна. Уул уурхайн нурмаг ачаанаас үүсдэг бохирдол, зам тээврийн тоосжилтын сөрөг нөлөөллийг бууруулах төлбөр хураамжийг орон нутагт нь өгч, түүгээр орон нутаг нөхөн сэргээлт хийдэг баймаар байна. Зохистой, харилцан шүтэлцээтэй, бие биеэ нөхдөг зүйлийг хийж чадвал ард иргэд уул уурхайг хүлээж авна. Дорноговь аймгийн хувьд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд дэд бүтцээ сайжруулахад илүүтэй анхаарч байна.
Майнинг Инсайт Сэтгүүл, Гуравдугаар сар 2023