Сүүлийн жилүүдэд уул уурхай орон нутгийн харилцааны асуудал ихээхэн тулгамдаж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компаниуд орон нутагт очоод иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах явдал түгээмэл болов. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ үед орон нутгийнхны байр суурийг хүргэх үүднээс төлөөлөл болгон Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай Mining Insight ярилцлаа.
Дундговь аймагт уул уурхай дагасан ямар өөрчлөлт бий болж байна вэ?
Дундговь аймаг бол уул уурхай сул хөгжсөн орон нутаг. Ашигт малтмалын 160 орчим тусгай зөвшөөрөлтэй ч тогтвортой, хариуцлагатай, системтэйгээр үйл ажиллагаа явуулдаг уурхай бараг байхгүй гэхэд болно. Одоогоор аймгийн хөгжил дорвитой урагшилж чадахгүй байна. Зам харгуй тавих, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, байшин барилга барих, хүн амынхаа амьдралын чанарыг сайжруулмаар байдаг. Энэ бүгдийг бий болгох хөрөнгө санхүүг хамгийн хурдан босгож чадах салбар нь уул уурхай. Уул уурхайдаа түшиглэн аймгийн эдийн засгийн багтаамж томрох, дагаад жижиг дунд бизнес өндийх бололцоотой.
Монгол Улсын хүрэн нүүрсний нөөцийн 50 гаруй, шохойн чулууны 30 гаруй хувь манай аймагт байдаг. Жонш, гөлтгөний нөөц ихтэй. Барилгын материалд ихээр ашиглагддаг боржин чулууны ордуудтай. Сүүлийн үед энэ чиглэлээр үйлдвэр байгуулах сонирхлоо илэрхийлж буй компаниуд бий. Мөн шохойн чулууны ордод түшиглэн гипсэн материалын чиглэлийн үйлдвэр байгуулах сонирхолтой хөрөнгө оруулагчид ирж уулзаж байна. Иймэрхүү санаачилгыг түлхээд байхгүй дэмжээд, зөв хөрөнгө оруулагчидтайгаа хамтраад явбал Дундговь аймаг ашигт малтмалаа зөв зохистой ашиглаж хөгжих боломж бий.
Гэвч нутгийн засаг захиргааны байгууллагаас уул уурхай хөгжүүлье гээд явахаар ард иргэдээ үл тоосон юм шиг, иргэдийнхээ талд орохоор төр засгийг төлөөлсөн хууль дүрмээ зөрчөөд байгаа мэт хоёр туйлд савласан байдалтай байна. Хамаг чулуугаа гадаадын компанид өгөх гэлээ гэсэн хардлага сэрдлэгээс эхлээд мушгиж гуйвуулах улс төр ч мундахгүй.
Уул уурхайтай холбоотой ямар бодлого, зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?
Миний хувьд 2022 оны арванхоёрдугаар сард аймгийн Засаг даргаар томилогдсон. Дундговь аймаг ирэх 20-30 жилд хөгжлийн огцом өөрчлөлтийг уул уурхайгүйгээр олж харахгүй байна. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн онд аймгийн хэмжээнд Уул уурхайн форум зохион байгуулсан. Аймгийн нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг бүгдийг урьснаас 40 гаруй компанийн төлөөлөл оролцсон. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд өмнө нь аймаг, эсвэл сумтай Нийгмийн хариуцлагын гэрээ (НХГ) байгуулдаг байсан бол Уул уурхайн форумын дараагаар аймаг, сум, аж ахуйн нэгж гэсэн 3 талт гэрээ байгуулдаг болсон. Ингэснээр эхний ээлжинд компаниудад ирдэг дарамтыг багасгахыг зорьсон. Учир нь гэрээ байгуулснаар аймгийн асуудлыг шийдвэрлэх мөнгө санхүүг нийгмийн хариуцлагын хүрээнд компаниуд гаргах болдог. Гэтэл үйл ажиллагаа явуулдаг сумандаа сургалтын төлбөр төлөх, эсвэл наадам, арга хэмжээ ивээн тэтгэнэ. Хажуугаар нь багийн түвшинд малчдын өвс тэжээл, худаг усны асуудлыг шийддэг. Товчхондоо уул уурхайн компани нь аймаг, сум, баг гэсэн 3 түвшинд “хүслийг хангагч” болж хувирдаг. Шийдэхгүй бол эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарна. Ийм бэрхшээл нийтлэг ажиглагдсан. Ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөлгүй болж байна. 3 талт НХГ-гээр компани жилд тодорхой хэмжээний мөнгө дүнг ОНХС-гийн дэргэдэх Нийгмийн хариуцлагын санд хийнэ. Тухайн хөрөнгийн 70 хувийг аймаг боловсрол, эрүүл мэнд болон бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд, үлдсэн 30 хувийг сум өөрийн шийдвэрээр зарцуулна. Компаниуд зөвхөн засаг захиргаатай харилцана. Засаг захиргааны байгууллага нь орон нутгийн түвшинд НХГ-ний эрх үүргийг хамгаална, иргэддээ таниулна. Ийм л үндсэн концепциэр манай аймаг ажиллаж байна.
Гэрээгээр зохицуулж буй бусад асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?
Компанийн үйл ажиллагааны цар хүрээ, том жижгээс хамаараад жилд 10-100 орчим сая төгрөгийн дүнтэй гэрээ байгуулдаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймаг 30 сая мод тарих болсон. Үүний тодорхой хэсгийг компаниуд тарих заалтыг НХГ-нд гэрээнд шинээр оруулж байна. Мөн орон нутгаас ханган нийлүүлэх, бүтээгдэхүүн худалдаж авах зэрэг зохицуулалтыг гэрээнд тусгасан ч хэрэгжилт янз бүр байна. Орон нутгаас шалтгаалж байгаа зүйлс ч бий. Тухайлбал уул уурхайн үйл ажиллагааг дагнаж хариуцсан нэгж Дундговь аймагт байхгүй. Байгаль орчин, эрдэс баялаг, аялал жуулчлалын асуудал хариуцсан ганц мэргэжилтэнтэй. Асуудал их, мэргэжилтэн хүрэлцэхгүй байна. Гэтэл сумын түвшинд зовлон нэг өөр, аймгийн хэмжээнд асуудал нь бүр том. Дундговь аймгийн зарим суманд уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагддаг бол заримд нь огт байхгүй. Уул уурхайгүй гээд зарим сумынхаа асуудлыг аймаг хөсөр орхих учиргүй. Компаниудын АМНАТ нь ОНХС-гаар дамжин шууд сумдад очдог болсноор тусгай зөвшөөрөл ихтэй сумд илүү санхүүжилт авч эхэлсэн. Бараг тусгай зөвшөөрөлгүй шахам Дэлгэрцогт сум АМНАТ-өөс ОНХС-гаар дамжуулан 30-40 сая төгрөг авдаг бол хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй Баянжаргал сумд 580 гаруй сая төгрөг хуваарилагдаж байна. Дээрээс нь суманд НХГ-ний санхүүжилтийн 30 хувь нэмэгдэнэ.
1 тэрбум төгрөг дөхсөн орлоготой мөртлөө оновчгүй зарцуулалттай, зарцуулж барахгүй дараа жил рүүгээ шилжүүлдэг сум байхад огт тусгай зөвшөөрөлгүй, орлого багатай сум ч байгаа юм.
Ер нь сумд зөвхөн өөрсдийн хүрээний асуудлаа чухалчилдаг. Гэтэл аймгийн хувьд бүх сумдад хүртээмжтэй байдлаар том зургаар харж асуудлаа шийдвэрлэхийг зорьдог. Тиймээс л аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын санхүүжилтийн 70 хувийг аймаг нэн хэрэгцээтэй нийгмийн бэлэн төслүүдтэй 15 сумандаа ижил тэгш хуваарилах бодлого барьж байна.
Компаниуд нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хэрхэн харилцаж, хамтын ажиллагаагаа хэрэгжүүлдэг вэ?
Нутгийн захиргааны байгууллага, уул уурхайн компани хоорондын харилцаа НХГ-н дээр тогтож байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар компаниуд орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах үүрэгтэй. Гэхдээ сум, аймаг гэж зааглаагүй тул дийлэнх компанийн хувьд сумтайгаа НХГ байгуулах сонирхолтой байдаг. Сумын удирдлагуудын хувьд ч мөн адил. Энэ жилээс УУХҮ-ийн сайдтай аймгийн Засаг дарга нар байгуулдаг Санамж бичигт “ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд тухайн аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулах” хэмээн тусгай заалтаар тодотгосноор тодорхойгүй байдлыг арилгасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд тайлан, төлөвлөгөөгөө АМГТГ-аар батлуулдаг. Тус төлөвлөгөөнд зааснаар аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан байх ёстой. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд яалт ч үгүй компаниуд нутгийн засаг захиргаан дээр ирдэг. Өөрөөр бол тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд орон нутгийг ер нь тоохгүй талдаа байдаг.
Геологи, уул уурхайн компаниуд аймгийн хөгжилд ямар хөрөнгө оруулалт, хувь нэмэр оруулж байна вэ?
Үнэндээ дорвитой гээд хэлэх зүйл алга байна. Өнгөрсөн жил 26 компанитай НХГ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлсэн нь цөөн. Дэлгэрхангай сумын гөлтгөний орд, Баянжаргалан суманд нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Монголын Алт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтаа нэлээд өгөөжтэй ажилладаг. Хариуцлагатай уул уурхайн үлгэр жишээ компанийн нэг. Сумдын засаг захиргаанаас санал болгосон төслүүдийг компаниас дэмжин хөрөнгө оруулаад явдаг. Говийн бүсэд хэд хэдэн уурхайтай учир МАК нь тэмээ үржүүлэхэд онцгойлон анхаарсан малчдыг урамшуулдаг “Ботгонд бонус” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнд малчид таатай ханддаг. Мөн төмрийн хүдрийн хоёр ч ордод Хятадын хөрөнгө оруулалттай “Чинхаш”, “Шан Жи” компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тус компаниудад аймгийн зүгээс тодорхой санал тавьсан. Тэд ч нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтай хамтран ажиллах үүргээ ухамсарладаг. Ойлголцож чадахгүй байгаа ганц компани нь “Эрдэнэс Силвер Ресурс”. Төрийн өмчит компани гэдэг утгаараа орон нутагтай дорвитой харилцаа үүсгэдэггүй. Орон нутгийн зүгээс тодорхой саналууд явуулдаг ч төдийлөн хүлээж авдаггүй. Гэтэл нутгийн иргэд Дундговь аймагт тодорхой өгөөжтэй ажиллах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Эрх баригч МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн тодорхой хувийг хувьцаа хэлбэрээр нутгийн иргэдэд эзэмшүүлэхээр тусгасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэх асуудлаар УИХ-ын гишүүдэд хандаж байна. Уг нь тус компани жилд ойролцоогоор 220 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Бусад аймгуудын жишгээс харахад аж ахуйн нэгж жилийн борлуулалтынхаа 2-3 хувийг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хэлбэрээр орон нутагт шингээдэг юм билээ. Дорнод аймаг газрын тосны компаниудтай, Сүхбаатар аймаг “Цайрт Минерал” компанитай ийм жишгээр ажилладаг. Үүнтэй адил “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн борлуулалтаас жилдээ 4-6 тэрбум төгрөг Дундговь аймагт орж ирэх боломжтой юм. Энэ нь аймгийн хувьд нийгмийн дэд бүтцээ шийдвэрлэхэд ихээхэн дэмтэй хөрөнгө оруулалт болно.
Компаниуд аймаг, сумаас зарим төрлийн худалдан авалт, ханган нийлүүлэлт хийе гэвэл орон нутагт бололцоо нь хэр байна вэ?
Уурхайнууд ойр зуурын хүнсээ орон нутгаас авдаг. НХГ-нд уурхайн тээвэрлэлтдээ Дундговь аймгийн жолооч нарыг оролцуулах, орон нутгаас боломжит бараа үйлчилгээ, ажлын хувцас зэргийг нийлүүлэх талаар тусгадаг. Ганц хоёр компанид санал тавьсан ч ажил хэрэг болоогүй байна. Хэрвээ компаниудаас ийм хугацаанд ийм хэмжээний бараа бүтээгдэхүүн авна гэсэн гэрээ тохиролцоо хийвэл орон нутгийн жижиг бизнес эрхлэгчид ажиллах хүчин, цалин хөлс, техник тоног төхөөрөмжөө тооцоолоод ажиллахад боломжтой санагддаг.
Дундговь аймгийн хувьд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл иргэдэд хэр нээлттэй, ил тод байдаг вэ?
Аймгийн Уул уурхайн анхны форумд иргэдийг нээлттэй оролцуулсан. Зарим сумдын иргэдийн төлөөлөл тодорхой аж ахуйн нэгжтэй НХГ байгуулахгүй зэргээр эсэргүүцэл, саналаа чөлөөтэй илэрхийлсэн. 2023 оны Төсвийн тухай хуулиар олборлох салбараас орсон хандив тусламж, ашиг орлогыг шилэн байлгах зохицуулалт үйлчилж байгаа. Энэ онд байгуулсан НХГ-нүүдийг аймгийн цахим хуудасны шилэн дансны мэдээлэлд хараахан байршуулж амжаагүй. Нээлттэй байршуулах боломжтой, нууцлах зүйл байхгүй. Мөн https://www. iltodgeree.mn/ сайтад гэрээнүүдээ байршуулах чиглэл аймагт ирсэн.
Ер нь компаниуд үйл ажиллагаа болон орон нутагт хийж, хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын ажлууд, хөрөнгө оруулалтынхаа талаар нутгийн иргэдэд танилцуулж, мэдээлдэг үү?
Одоогийн дүр зургаар тусгай зөвшөөрөлтэй компани иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч болохоо байхаараа л орон нутагтай харилцдаг, зохицуулж өгөөч гэдэг. УУХҮЯ, АМГТГ-т гомдоллож, эргээд тэдгээр төрийн байгууллагаас орон нутгийн удирдлагуудыг хууль хэрэгжүүл гэж шаарддаг. Угтаа бол компаниуд үйл ажиллагаа явуулахаасаа өмнө нөлөөллийн, таниулан сурталчлах ажлаа хийх хэрэгтэй байгаа юм. Үүнийг хийдэггүйгээс компани, орон нутаг болон иргэд малчдын гол зөрчил үүсдэг. Манайд асуудал зөрчил үүссэн, үүсээд байгаа хэд хэдэн сумд бий. Баянжаргалан сум бол манай аймгийн хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй, олон уурхай үйл ажиллагаа явуулдаг, тэр хэрээрээ нийгмийн анхааралд байдаг. Өлзийт сумыг хамаарсан ураны тусгай зөвшөөрөл нь 2-3 сумын нутаг дамнадаг. Уран нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордод тооцогддог тул гадаадын хөрөнгө оруулалттай бол ордын ашиглалтыг Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулдаг. Энэ нь эргээд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулдаг. Иргэдийн гол айж болгоомжлоод байгаа уран олборлоход хүн амьтанд хортой эсэхийг мэргэжлийн байгууллагуудын судалгаа шинжилгээ, дүгнэлт тайлбараар таниулан мэдүүлэх ажил ихээхэн дутагдалтай байна. Сайхан-Овоо суманд “Петровис Ресурс” компани нүүрсний давхаргын метан хийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Мөн л метан хийн талаарх нутгийн иргэдийн ойлголт бага, түүнийг дагасан айдас болгоомжлол их байгаагаас эсэргүүцэл, зөрчилтэй тулгараад байгаа. Метан хийн олборлолттой холбоотой шинжлэх ухаанч танин мэдэхүйн мэдээлэл нутгийн иргэдэд хэрэгтэй байна. Хулд сумын хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо цөөн. Жоншны нөөц ихтэй. Нутгийн иргэд өөрсдөө гар аргаар олборлолт хийгээд нөхөн сэргээлгүй орхигдсон томоохон талбай бий. Тэнд жонш идэвхтэй олборлож, худалдаж байх үед оролцоогүй иргэн гэж бараг байхгүй. Иргэдийн хувьд тодорхой хэмжээгээр ашиг хүртсэн тул жоншны үр өгөөжийн талаар өөрсдийн гэсэн ойлголттой. Гэхдээ энэ нь тогтвортой, урт хугацаанд байгаагүй тул ихэнх залуусын хувьд олсон мөнгөө архи дарсанд зарцуулж, арчаатай цөөн нь машин унаатай болж үлдсэн тал бий. Ерөнхийд нь авч үзвэл Дундговь аймагт уул уурхайн компаниудын хариуцлага муу.
Орон нутгийн түвшинд системтэйгээр уул уурхайг хөгжүүлэх талаар ойлголт тааруу. Үлгэр жишээ үйл ажиллагаа явуулдаг нь цөөн, түүнийгээ мэдээлж түгээдэггүй, зөв ойлголт өгдөггүйтэй холбоотойгоор уул уурхайн талаар сөрөг ойлголттой, үйл ажиллагааг дэмжихгүй хандлага давамгайлдаг.
Жоншны компани гээд лиценз цүнхэлчихсэн нэг “нөхөр” баахан техниктэй ирж, ухсан нүх үлдээчихэд ашиг олсон нь мэдэгдэхгүй алга болдог. Орон нутагт ямар ч үр өгөөж байхгүй, татвар хураамж төлдөггүй. Ийм байдалд өнгөрсөн 30 жил Дундговь аймаг нэрвэгдсэн. Иймээс уул уурхайг нутгийн иргэд эсэргүүцдэг. Буруутгах аргагүй. Энэ чиглэлд мэргэжлийн байгууллагууд, компаниуд өөрсдөө маш сайн ажиллах ёстой. “Танай аймагт тусгай зөвшөөрөл олгосон шүү” гэж бичиг шиддэг газрыг мэргэжлийн байгууллага гэж хэлж болмооргүй. Мэргэжлийн байгууллага нь ард иргэдийг уул уурхайн салбарын талаар зөв мэдлэг, ойлголттой болгож байж дараа нь тусгай зөвшөөрлөө олгож, албан бичгээ орон нутаг руу явуулдаг баймаар байна.
Орон нутаг, иргэд малчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компани хоорондын үл ойлголцлыг ойртуулах, харилцааг сайжруулах боломжит шийдлийн талаарх Таны байр суурийг сонирхвол?
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд эхлээд их дээрэнгүй байдлаар орон нутагт ирдэг. Шууд л том том техниктэй хүрч ирээд үйл ажиллагаа явуулах гэхээр нь гэнэт мэдсэн иргэд гайхаж, эгдүүцдэг. Иргэд, малчдын эсэргүүцэлтэй тулгарахаараа л мэдээлэл өгөх, танин мэдүүлэх ажлаа араас нь хийдэг. Ерөөс компаниуд үйл ажиллагаагаа таниулах, мэдээлэх, сурталчлах ажлаа араас нь хийдгээс орон нутагтай зөрчилдөх асуудал үүсдэг. Эсэргүүцэл тэмцэл аль алиныхаа цаг хугацааг бардаг. Аж ахуйн нэгжүүд ч эхэлж хэлж мэдээлээгүйгээсээ болоод илүү их хугацаа, зардал гаргадаг. Тиймээс эхэлж үйл ажиллагаагаа танилцуул, мэдээл, түүнийхээ дараа орон нутагтай хамтран ажилла гэсэн шаардлагыг Дундговь аймгийн зүгээс компаниудад тавьж байна. Компаниудын хувьд ч орон нутгийн иргэдийн зөвшөөрөл авахгүй бол болохгүй юм байна гэдгийг сүүлийн хоёр жилд нэлээд сайн ойлгож байна. Нөгөөтээгүүр 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тусгай зөвшөөрөл олгох үйл явцын дараалал, уялдаа холбоог сайтар зохицуулж өгөхгүй бол хүндрэл бэрхшээл хэвээр л үргэлжилнэ.
Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, Гуравдугаар сар 2023