УУХҮЯ болон Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (АМЕП 2) хамтран “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн орон нутаг дахь судалгааны гүйцэтгэгчээр шалгарсан Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)ТББ, Майнинг Инсайт сэтгүүлийн баг гуравдугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай сумдад ажилласан юм.
Тус ажлын үргэлжлэл болгон орон нутгийн иргэдэд уул уурхайн ач холбогдлыг таниулах, мэдлэг мэдээллийг энгийнээр, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилтоор “Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөгийг Алтанширээ суманд (2023.05.11)зохион байгууллаа.
Өдөрлөгийн эхэнд Соёлын төвд сумын албан хаагчдыг хамруулсан “Байгаль орчин, танин мэдэхүй” сургалтыг ХОБОМ-ын мэргэжилтэн Б.Алтангэрэл удирдан явуулж, оролцогчдын хамт сонирхолтой туршилтууд хийсэн.
Сургалтын дараа Алтанширээ сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа нар үг хэлснээр “Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөгийг албан ёсоор нээв.
Мэдээлэл олгох 5 өртөөгөөр шат дараатайгаар уул уурхайн анхан шатны ойлголтоос эхлээд танин мэдэхүйн мэдээллээр иргэдийг мэдлэгийг бататгахыг зохион байгуулагчдын зүгээс чухалчиллаа. Хамгийн гол нь иргэд өөрсдөө оролцож, хамтдаа туршиж, мэргэжилтнүүдтэй нээлттэй харилцан ярилцах нөхцөлийг бүрдүүлсэн нь арга хэмжээний онцлог.
Өртөө бүр чиглэсэн сэдэвтэй бөгөөд ашигт малтмалд тулгуурласан үйлдвэрлэлээр хүний өдөр тутмын хэрэглээ, ахуй амьдралд шаардлагатай эд зүйлсийг хэрхэн бүтээдэг талаарх мэдлэг, мэдээллийг хүргэсэн юм.
Геологи, уул уурхай гэж юу болох талаар анхан шатны мэдээллийг өгсөн “Өртөө 1: Ойлгоё, мэдье!”-ээр VR төхөөрөмжийн тусламжтайгаар Оюутолгойн ил, далд уурхайн орчинд очсон мэт, дэргэдээс нь бодит мэт харах, мэдрэх зэрэг виртуалаар аялууллаа.
Газрын хэвлийг судалдаг шинжлэх ухааны салбар болох геологийн нэг хэсэг нь уул уурхайн суурь мэдээллийг бүрдүүлдэг талаар “Өртөө 2: Туршилт хийцгээе!”-д геологич Н.Халиунаа өөрийн мэргэжлийн онцлог, эрдсийн эрэл хайгуул хийдэг багаж хэрэгсэл танилцуулж, мөн тусгайлан бэлтгэсэн байгалийн шинжлэх ухааны эд зүйлс, ашигт малтмалын дээж болон чуулуулгуудыг микроскопоор иргэдэд үзүүлж, эрэл хайгуул нь олборлолтоос ялгаатайг тайлбарласан юм.
Тэгвэл олборлосон ашигт малтмал, түүхий эдээс үйлдвэрлэдэг эцсийн бүтээгдэхүүний талаар шинжлэх ухаан танин мэдэхүйн ойлголт таниулах “Өртөө 3: Эд юмс юунаас үүсдэг вэ?”-д шүдний оо-ны найрлагад жонш ордог, цөмийн энергид суурилсан дэлхийн нээлтүүд, анагаах ухаанд ашиглагддаг цацраг идэвхт туяа, цахилгаан машинд зэс шаардлагатайгаас гадна уг металлаас ногоон, цэнхэр өнгийг гарган авдаг, нефть-химийн үйлдвэрлэлээр гоо сайхны энгэсэг, үнэртэй ус, товч, утаснаас эхлээд хуванцар эд зүйлс үйлдвэрлэдэг гэх мэт сэдвүүдээр ярилцлаа.
Харин иргэдийн хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн аргачлалыг танилцуулсан “Өртөө 4: Мониторинг хийцгээе!”-д мэргэжилтэн Б.Алтангэрэл иргэдийн оролцоотой агаар, ус, хөрс, ургамлын хэмжилт, туршилт хийсэн нь зочдын анхаарал, сонирхлыг ихээхэн татав.
Түүнийг “Гэртээ туршъя” төслийн санаачлагч гэдгээр нь олонд нийт мэднэ.
Ийнхүү эхний "Мэдээллийн 4 өртөө”-нөөс олж авсан мэдээлэл, мэдлэгийг бататгах “Өртөө 5: Мэдлэгээ баталгаажуулъя!”-д иргэд Та битгий уурлаарай хөлөгт тоглоомын асуулт, хариултаар өрсөлдлөө.
Түүнчлэн, хүүхэд багачууд эцэг эхийн хамтаар өнгө будаг, цаас, харандаа, баримлын шаврыг бүтээхэд ашигт малтмал ямар оролцоотой болох талаар таньж мэдсэний дараа зураг зурж, баримлаар урлан, “Би уурхайчин” зургийн самбарт дурсамж зураг татуулав.
Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аяллын өртөөлчилсөн энэхүү өдөрлөгт сумын удирдлага, байгаль орчны мэргэжилтэн, малчид, жижиг дунд бизнес эрхлэгч, ЕБС-ийн сурагчид нийт 120 иргэн оролцлоо.
АМГТГ-ын (2023.03 сар)мэдээллээр Алтанширээ сумын нутагт дэвсгэрт хүчин төгөлдөр ашигт малтмалын 15, хайгуулын 11 тусгай зөвшөөрлийг нийт 24 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Тус суманд Газрын тос боловсруулах үйлдвэр, Хар төмөрлөгийн ҮТП бүтээн байгуулагдаж буй.
“Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөгийг үргэлжлүүлэн Дундговь аймгийн Хулд сум (2023.05.18), Булган аймгийн Бүрэгхангай (2023.06.05)суманд тус тус зохион байгуулна.