Хятадын нүүрсний олборлолт 1.58 тэрбум тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсжээ

Хятадын Статистикийн газраас оны эхний дөрвөн сард дотоодын нүүрсний олборлолт 1.58 тэрбум тонн хүрч, өнгөрсөн оны мөн үе (ӨОМҮ)-ээс 6.6 өссөн гэж мэдээллээ. Харин импорт 152.6 сая тонн болж, 5.3 хувиар буурсан байна. 

Дөрөвдүгээр сард олборлосон нүүрсний хэмжээ 389.3 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс өссөн ч гуравдугаар сараас огцом буурсан. Гуравдугаар сард 440.5 сая тонн нүүрс олборлож, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. 

Нүүрсний импорт дөрөвдүгээр сард ӨОМҮ-тэй харьцуулахад 16 хувиар буурсан нь дотоодод олборлосон нүүрсний өрсөлдөх чадвар сайн байгааг харуулж байна. Мөн Хятадад нүүрсний нөөц хангалттай байгаа нь нүүрсний импортод нөлөөлжээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын сүүлийн байдлаар уурхай дахь нүүрсний нөөц 89 сая тонн буюу 41.7 хувиар, Бохай тэнгис орчмын боомтуудын нөөц 31 сая тонн буюу 25 хувиар тус тус  ӨОМҮ-ээс өссөн байна. 

Энэ жил дотоодын олборлолт 4.1 тэрбум тонн хүрэх төлөвтэй гэдгийг Хятадын үндэсний нүүрсний ассоциациас мэдээлжээ. 

Эх сурвалж: CGTN, Reuters