Хятадад төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ өсчээ

Хятадын барилгын салбар идэвхэждэг оргил үетэй холбоотой тус улсын гангийн үйлдвэрлэл болон төмрийн хүдрийн эрэлт өсч байна. Мөн аравдугаар сарын эхний долоо хоног үргэлжлэх Хятадын үндэсний баярын өдрийг угтан гангийн үйлдвэрүүд төмрийн хүдрийн нөөцөө нэмэгдүүлжээ. Улмаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ өсч 100.36 ам.доллар/тонн хүрэв. Хятадын гангийн үйлдвэрлэл болон түүхий эдийн эрэлт ирэх сард тогтвортой үргэлжлэх төлөвтэй. Түүнчлэн, ган үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг коксжих нүүрсний үнэ Даляны түүхий эдийн бирж дээр 2.9 хувиар өсчээ.

Нөгөөтэйгүүр, хэт халууны ган гачигдалтай холбоотой усан цахилгаан үйлдвэрлэдэг гол мөрнүүд ширгэж байгаагаас Хятадад эрчим хүчний нүүрсний эрэлт өндөр хэвээр байна. ОУЭА-ийн үзэж буйгаар, энэ онд Европын нүүрсний хэрэглээ 7 хувиар нэмэгдэх ба Оросоос нүүрс импортлохоо зогсоосноор Өмнөд Африк, Индонези, Австралийн далайн тээврийн нүүрс рүү шилжиж байгаа юм. Австралийн Ньюкасл боомтод нүүрсний фьючерс үнэ 440 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.