Хятад: ГХЭ-ийн экспортыг чангатгах шийдвэр хэвээр мөрдөгдөнө

Хятад газрын ховор элементийн экспортын үйл ажиллагааны шалгалт, зөвшөөрөл олголтыг чангатгах шийдвэр хэвээр мөрдөгдөнө гэж тус улсын Худалдааны яам (2025.06.12) мэдэгджээ. Ингэхдээ улс орнуудтай ГХЭ-ийн экспортын чиглэлээр яриа хэлэлцээгээ ахиулж, хууль тогтоомжид нийцсэн худалдааг хөнгөвчлөхөд бэлэн гэдгээ тухайн яамны төлөөлөгч Хэ Ядун мэдэгдэлд онцолсон байна.  

Бээжин газрын ховор элементийн экспортоо чангатгаж, зарим металлын экспортыг хязгаарласан нь барууны орнуудын автомашин зарим үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хэд хэдэн шугамаа зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Энэ нь неодим-төмөр-бор (NdFeB) соронзонд хэрэглэгддэг диспрозиум зэрэг металлын эрэлт их буйг харуулж буй.

Хятад улс 2010 онд газрын ховор элементийн экспортдоо квот тогтоосон нь зөвхөн дотоодын хууль бус уурхайнуудыг хянах зорилготой гэж мэдэгдэж байжээ. 2014 онд Дэлхийн худалдааны байгууллагын зөвлөл үүнийг эсэргүүцсэн шийдвэр гаргасны дараа тус улс шийдвэрээ цуцалсныг шинжээчид эргэн сануулж байна. Тэгвэл мөн хугацаанд буюу 2012 онд автомашин үйлдвэрлэгч Renault компани ZOE загвартаа газрын ховор элементгүй мотор бүтээжээ. Үнэхээр, газрын ховор элементгүй мотороор ажилладаг цахилгаан автомашины эзлэх хувь 2010 онд дэлхийн борлуулалтын 1 хувьд хүрэхгүй байсан бол 2017 он гэхэд 12 хувь хүрч өсжээ. Өөрөөр хэлбэл Хятад улс чухал металлын экспортоо чангатгаж буй өнөөгийн  нөхцөл байдал үйлдвэрлэлийг дахин өөрчилж магадгүй гэж судлаачид үзэж байна.