АНУ-ын Төв Аппалачиагийн нүүрсний үнэ 205 ам.доллар/тонн болж өссөн нь 2005 оноос хойших дээд ханшид тооцогдож буйг тус улсын Эрчим хүчний газраас мэдээлжээ. Дэлхийн нийт хамгийн бохир чулуужсан түлшнээс татгалзах зорилт дэвшүүлсэн энэ үед АНУ-ын цахилгаан станцуудын тэргүүлэх түлш нүүрс хэвээр байна. Эрчим хүчний нүүрсний үнэ өсөж буйгаас АНУ-ын 20 сая өрх буюу зургаан хүн тутмын нэг нь цахилгааны төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн эрсдэлтэй тулгарчээ.
Европын эрчим хүчний хямралын улмаас 2022 онд далайн тээврийн эрчим хүчний нүүрсний эрэлт 14 хувиар нэмэгдэж 98 сая тоннд хүрнэ гэж Wood Mackenzie үзэж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) мэдээллээр, дэлхийн нүүрсний худалдааны 79 хувийг эрчим хүчний нүүрс, үлдсэн хувийг металлургийн нүүрс эзэлж буй.
Дэлхийн нүүрсний талаас илүү хувь ногддог Хятадын нүүрсний хэрэглээ эхний хагас жилд 3 хувиар буурсан ба энэ онд тус улсын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа тул нүүрсний эрэлт 4.2 тэрбум тонн хэвээр байх төлөвийг ОУЭА-аас дэвшүүлжээ.
Дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч Индонези улс 2021 онд 344 сая тонн нүүрс олборлож байсан бол энэ онд 349 сая тонн болж буурах төлөвтэй. Австралийн нүүрсний олборлолт өнгөрсөн жилийнхээс буурч 196 сая тонн байх бол Оросын нүүрсний олборлолт энэ жилийн хувьд 130 сая тонн болж буурах магадлалтай байна. Орос бол дэлхийн гурав дахь том нүүрс үйлдвэрлэгч улс. Украин дахь дайнтай холбоотой зарим улс орнуудын хоригтой тулгарсан Орос одоо нүүрсээ Хятад, Энэтхэгийн зах зээлд түлхүү нийлүүлж байна.
Австралийн Ньюкасл боомтын нүүрсний ханш хамгийн өндөр хэвээр байгаа юм. Тус боомт дахь нүүрсний үнэ 400 ам. долларт хэлбэлзэж байна. Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн (2022.02.24)эхлэх үед Ньюкасл дахь эрчим хүчний нүүрсний үнэ 161 ам.доллароос 239 ам.доллар/тонн болтлоо огцом өсөж, ердөө сарын дараа гэхэд 435 ам.доллар хүрч дээд амжилт тогтоосон билээ. Fitch-ийн зүгээс эрчим хүчний нүүрсний үнийг ирэх жил 280 ам.доллар, 2024 онд 250 ам.доллар, 2025 онд 200 ам.доллар, 2026 онд 180 ам.доллар болж буурна гэж харж байна. Тэгвэл Trading Economics-ийн дэвшүүлсэн таамаглалаар, эрчим хүчний нүүрсний үнэ оны сүүлчээр 461 ам.доллар, дараа жил 550 ам.доллар хүрч өснө гэжээ.