ОХУ-ын Калининград мужийн Арбитрын шүүхээс Австрали-Британийн уул уурхайн “Рио Тинто” группийн эсрэг Оросын “Русал” компанийн 104.75 тэрбум рублийн нөхөн төлбөрийн нэхэмжлэхийг зөвшөөрсөн байна. Энэхүү шийдвэрийг арванхоёрдугаар сарын 10-нд болсон шүүх хуралдаанаар гаргажээ. Тус шүүх хурал хаалттай болсон байна.
“Русал” нь 2020 оноос ОХУ-ын татварын онцгой нөхцөлтэй бүс Октябрьский аралд (Калининград муж) бүртгэлтэй юм. Тус компани “Рио Тинто”-гийн эсрэг нөхөн төлбөрийн нэхэмжлэхээ энэ оны дөрөвдүгээр сард шүүхэд бүртгүүлжээ. Нэхэмжлэлийн хариуцагчдын жагсаалтад дараах компаниуд багтжээ.
• Их Британийн Rio Tinto plc;
• Нидерландад бүртгэлтэй Oyu Tolgoi Netherlands B.V.;
• THR Oyu Tolgoi Ltd (Британийн Виржиний арлууд);
• Австрали дахь Rio Tinto-гийн хэд хэдэн салбар компаниуд (Rio Tinto Aluminium Limited, Rio Tinto Aluminium (Holdings) Limited, Rio Tinto Limited, RTA Holdco Australia 5 Pty Ltd).
Гуравдагч этгээдүүдийн жагсаалтад ОХУ-ын “Русал” компани, Жерсигийн арлуудад бүртгэлтэй Rusal Limited, мөн Австралийн Гладстон хот дахь хөнгөн цагааны үйлдвэрийг удирддаг Queensland Alumina Limited (QAL) багтжээ. Queensland Alumina Limited компанийн 20 хувийг Оросын “Русал”, харин 80 хувийг “Рио Тинто” эзэмшдэг.
Калининград мужид болсон шүүхийн хэрэгт QAL-тай шууд холбоогүй, гэхдээ “Рио Тинто”-гийн бүтцэд багтах Oyu Tolgoi Netherlands B.V. болон THR Oyu Tolgoi Ltd хариуцагчаар оржээ. Эдгээр компани нь “Рио Тинто”-гийн өмнөөс Монголын Засгийн газартай Оюутолгойн ХөОГ байгуулсан, “Оюутолгой” компанийн 66 хувийн хувьцааг эзэмшигч компаниуд юм. Уг төслийн 34 хувь Монгол Улсын Засгийн газарт харьяалагддаг.
Оюутолгой уурхайн үйлдвэрлэл нь ОХУ-аас нийлүүлдэг шатахуунаас ихээхэн хамааралтай. Түүнчлэн Монголын төмөр замын дэд бүтцийн 50 хувийг Оросын РЖД хянадаг.
“Русал” нь шүүхийн шийдвэрийг ашиглан QAL-д эзэмшиж байсан хувиа алдсан алдангаа “Рио Тинто”-гийн хөрөнгө, төсөл хэрэгжиж буй орнуудаас нөхөн төлүүлэхийг эрмэлзэж магадгүй гэж зарим хуульчид “Ведомости”-д байр сууриа илэрхийлжээ.
Оросын эсрэг хориг арга хэмжээ “Русал”-д шууд бус байдлаар нөлөөлж байгаа тул “найрсаг бус” харилцаатай улсын шүүхийн харьяалалд “Русал” эрхээ хамгаалах нь хүндрэлтэй гэж өмгөөлөгч Инна Карташова тайлбарласан байна. Түүний хэлснээр, “Рио Тинто” компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Русал” нь ОХУ-ын Арбитрын хуулийн 248.1-р зүйлд зааснаар хоригт өртсөн этгээд оролцсон маргааныг ОХУ-д хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийг “ашиглажээ”. Энэ шийдвэр нь цаашид “Рио Тинто”-гийн хөрөнгө, төсөл буй орнуудаас нөхөн төлбөр нэхэмжлэх суурь болно гэж тэрээр үзжээ.
Түүнтэй санал нэг буй “Бубликов болон хамтрагчид” хуулийн компанийн тэргүүн Владимир Бубликов “”Русал” -ын талд гарсан шүүхийн шийдвэр нь хохирлыг бодитоор нөхөн авах зөвхөн эхний алхам. Харин хариуцагч талууд уг шийдвэрийг давж заалдах, улмаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргах, шийдвэрийн биелэлтийг хойшлуулах оролдлого хийх магадлал өндөр” гэж таамаглаж байна.
“Рио Тинто”-гийн хувьд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ямар нэгэн хөрөнгө, төсөл байхгүй. Тиймээс “Русал” -ын нэхэмжлэлийн гол зорилго нь хариуцагч талуудын үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын шүүхийн харьяалалд нөхөн төлбөр гаргуулах явдал гэсэн байр сууриа хуульч В.Бубликов хэлжээ. Түүний онцолсноор, тухайлбал ОХУ-ын Калининград мужийн Арбитрын шүүхийн шийдвэрийг Монгол Улс албадан гүйцэтгэхээр болгох нь “Рио Тинто”-гийн Монгол дахь бизнесийг ноцтой хүндрүүлэх талтай. Учир нь тус групп Оюутолгой ордын дийлэнх хувийг эзэмшдэг.
ОХУ-ын Арбитрын шүүхийн шийдвэрийг гадаад улсад хэрэгжүүлэхийн тулд эхлээд хууль ёсны болгох шаардлагатай гэж өмгөөлөгч Инна Карташова тайлбарлажээ. Тэрээр “ОХУ болон Их Британийн хооронд шүүхийн шийдвэрийг харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ байхгүй тул тухайн улсад мөнгөн төлбөр гаргуулахын тулд Британийн шүүхэд шинээр нэхэмжлэл гаргах, түүндээ ОХУ-ын Арбитрын шүүхийн шийдвэрийг хавсаргах шаардлагатай” гэжээ. Улмаар маргааныг дахин шинээр хэлэлцэх үйл ажиллагаа эхэлнэ гэж хуульчид харж байна. Гэхдээ “Русал” болон “Рио Тинто” компаниуд хөрөнгө солилцох хэлбэрийн тохиролцоонд аажмаар хүрч болзошгүйг хуульч Владимир Бубликов үгүйсгэхгүй байна. Тухайлбал, Австралийн QAL дахь 20 хувийн эзэмшлээ алдсаны хариуд “Русал” Монгол дахь ордоос тодорхой эзэмшлийн хувь авах хувилбар байж болно. Гэхдээ “найрсаг бус” улсын харьяалалтай компанийн зүгээс ийм солилцоог сайн дураараа санал болгох магадлал тун бага, харин “Рио Тинто”-д гаргасан нэхэмжлэл ийм хэлэлцээг эхлүүлэх шалтгаан болж чадна гэж тэрээр үзжээ.
Эргэн сануулахад, 2022 оны гуравдугаар сард ОХУ-ын эсрэг Австрали улс хориг арга хэмжээ авч, Орос руу хөнгөн цагаан болон хүдэр, нийлүүлэхийг хориглосон. Үүнээс нэг сарын дараа буюу тухайн оны дөрөвдүгээр сард хамтарсан үйлдвэрийн бүрэн хяналтыг “Рио Тинто” авснаа мэдэгдсэн. “Русал” компани Квийнсланд мужийн Дээд шүүхэд нэхэмжлэл гарган, хамтарсан үйлдвэрийн зэмшлийн хувиа буцаан авахыг шаардсан ч шүүх дээр ялагдсан юм.


















