-Монгол Улсад анх удаа Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт Засгийн газрын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн А/232 тоот тушаалын хавсралтаар батлагдан 2025 оны 07 сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ-
Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд ажилтныг тоосны өртөлтөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тавигдах нийтлэг, заавал мөрдөх шаардлагыг тодорхойлсон эрх зүйн баримт бичиг юм.
Монгол Улсын Засгийн газраас “Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталснаар уг чиглэлд анх удаа заавал дагаж мөрдөх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Техникийн зохицуулалт нь стандарттай харьцуулахад эрх зүйн хувьд ялгаатай бөгөөд стандарт бол тодорхой хүрээнд бий болгосон, тодорхой нөхцөлд хэрэглэх боломжтой, сонгон хэрэглэх зохицуулалттай байдаг. Техникийн зохицуулалт нь эрх бүхий байгууллагаас баталсан, заавал мөрдөх шинжтэй баримт бичигт тооцогддог юм.
Аливаа аж ахуйн нэгж, байгууллага тоосны өртөлт бүхий үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд ажилтны эрүүл мэндийг тоосноос үүдэлтэй мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Үүний хүрээнд ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах техникийн зохицуулалтыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Ажлын байран дахь тоосны өртөлтийг тандах хэмжилт хийх
Ажлын байран дахь тоосны өртөлтийн тандалт хэмжилтийг MNS 7000-1,2,3,4,5:2023 багц стандартын дагуу, баталгаат багаж, тоног төхөөрөмж ашиглан ажилтны амьсгалын бүсээс сорьц цуглуулна.
Цуглуулсан сорьцод итгэмжлэгдсэн лаборатори тоосны концентрацийг тодорхойлно. Хэмжилтээр дундаж концентраци нь MNS 4990 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан үнэлж, эрсдэлийн түвшнийг тодорхойлно.
Тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийн үнэлгээ нь тоосны сөрөг нөлөөлөлд өртдөг ажилтны эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилготой юм.
Тоосны дундаж концентраци нь зөвшөөрөгдөх дээд хэмжээний 10 хувиас хэтрээгүй тохиолдолд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлгүй, 10 хувиас хэтэрсэн тохиолдолд тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсэх эрсдэлтэй гэж үнэлж, эрсдэлийн үнэлгээ хийнэ.
Эрсдэлийн түвшнээс хамааран тоосны өртөлтийн тандалт хэмжилтээр ноцтой эрсдэлтэй тохиолдолд жил тутамд, өндөр эрсдэлтэй хоёр жил тутам, дунд эрсдэлтэй гурван жил тутам харин зөвшөөрөгдөх дээд хэмжээний 10 хувиас хэтрээгүй нөхцөлд 5 жил тутамд үнэлгээг хийнэ.
Ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт
Ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу зохион байгуулна.
Тоосны өртөлт бүхий ажлын байранд шинээр ажилд орох ажилтныг техникийн зохицуулалтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Хугацаат үзлэгийг эрсдэлийн үнэлгээний дүнд үндэслэн мэргэжлээс шалтгаалсан өвчний судлаач эмч удирдан зохион байгуулна. Харин зарим төрлийн тоосны өртөлтөд өртдөг буюу металл боловсруулах, гагнуур, хортой металлын өртөлт бүхий бусад ажлын байранд ажиллагсдыг био-мониторингийн шинжилгээнд хамруулах зохицуулалттай байдаг. Ийнхүү ажилтны эрүүл мэндийн үзлэг, тоосны өртөлтийн хэмжилтийн дүн болон ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үр дүнг үндэслэн тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношилно.
Тоосны эрсдэлтэй ажлын байранд зориулсан сургалт, мэдээлэл, зааварчилгаа
Тоосны өртөлт бүхий ажлын байранд ажилладаг ажилтнуудад зориулсан хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулна. Мөн эрсдэлийн үнэлгээний мэдээ, мэдээлэл, бусад шаардлагатай мэдээллээр хангаж, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тоос дэгдэлтийг бууруулах арга, дадлыг эзэмшүүлэхэд чиглэсэн зааварчилгааг тогтмол өгнө.
Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах нийтлэг” журамд заасны дагуу аж ахуй нэгж байгууллага дотооддоо хяналтыг хийж техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангана.




















