Тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалсан өвчний сөрөг нөлөө

Хөдөлмөрийн эрүүл ахуйн хүчин зүйлсээс хамгийн түгээмэл бөгөөд эрүүл мэндэд хамгийн өндөр эрсдэл дагуулдаг нь тоос юм. Тоос хэлбэр хэмжээ, найрлагаасаа хамаарч хүний амьсгалын замд үзүүлэх нөлөөлөл нь өөр өөр байдаг. 

Тоос хэмжээнээс хамаарч хамгийн эхэнд хамар, төвөнх, гуурсан хоолойн салбарласан бүдүүн хэсгээр дамжин амьсгалын тогтолцооны хамгаалах механизмаар нэвтэрдэг. Улмаар гуурсан хоолойг гэмтээж архаг үрэвсэл буюу бронхит үүсгэнэ. Уг өвчин даамжрахад тамхины утаа, цаг агаарын нөхцөл, амьсгалын замын халдвар ихээхэн нөлөөлдөг. 

Харин нарийн ширхэглэгт тоос нь гуурсан хоолойн нарийн төгсгөлийн гуурсанцар, уушгины цулцан, цулцангийн хөндийн хийн солилцооны бүсэд гүнзгий нэвтэрч хуримтлагдсаар цулцангийн дотоод гадаргууг бүрхэн гэмтээж, уушги тоосжих өвчнийг үүсгэдэг. Ийм нарийн ширхэглэгт тооснууд гуурсан хоолойн нарийн сүвүүдийг бөглөж, цулцанд орох хүчилтөрөгч бүхий цэвэр агаарыг саатуулж, уушгины хатгалгаа үүсгэдэг байна. Нэг ёсондоо амьсгалын дутагдалд оруулна гэсэн үг юм. 

Ингэснээр ажлын байран дахь тоосны өртөлт нь мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсэх шалтгаан болдог. Тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалах өвчинд уушги тоосжих өвчин, гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушгины бусад архаг бөглөрөлт өвчнүүд, амьсгалын замын хэт мэдрэгшил, силикоз, антракоз, цементоз уушгины хавдар зэрэг хамаарна. Манай улсын хэмжээнд энэ төрлийн өвчний тохиолдол 2013 онд 441 байсан бол 2024 оны байдлаар 1171 болж өсжээ. Энэ нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тэтгэмж авч байгаа иргэдийн 51 хувийг эзэлж байна. 2017 онд нийт мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлын 30.6 хувийг уушги тоосжих өвчин, үүний 60.4 хувь нь кварц цахиур агуулсан тоосоор үүсэх силикоз эзэлж байсан. 

Тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалах өвчин нь тухайн ажилтны ажлын байр, мэргэжлийн онцлогоос ихээхэн хамаарна. Эрчим хүч, уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилга, авто зам, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт уушги тоосжих өвчний өвчлөл тэргүүлдэг. Уул уурхайн салбарт гэхэд конвейерын машинч, маркшейдэр, засварчид болон бутлуур, тээрмийн хэсгийн ажилтнууд кварц цахиурын тоосонд хамгийн их өртдөг байна. Кварц цахиурын тоос бол уушгины цулцанд нэвтэрдэг хамгийн түгээмэл тархацтай тоос юм. Цулцанд нэвтэрдэг тоос нь архаг бронхит, уушгины архаг бөглөрөлт өвчин, бөөрний өвчин, дархлааны өвчин, үүсгэдэг бол талст цахиур нь силикоз, уушгины хавдар үүсгэдэг. АНУ-д 1.7 сая, Европт 9 сая, Хятадад 23 сая ажилтан ажлын байрандаа цулцанд нэвтэрдэг кварц  цахиурт өртөж ажилладаг талаарх тооцоо байдаг.

Түүнчлэн нүүрсний тоос нь антракоз, карбоканиоз хэмээх өвчин үүсгэгч болдог бол гагнуурын тоосонд агуулагдах хүнд металлууд ажилтны эрүүл мэндэд мэргэжлээс шалтгаалсан хордлого, өвчлөл үүсгэдэг болох нь судалгаагаар нотлогдсон. Олон улсын хавдар судлалын агентлагаас (IARC) 1990 онд гагнуурын тоосыг хавдар үүсгэж болзошгүй бодисын ангилалд багтааж, 2010 онд хавдар үүсгэгчээр ангилсан байдаг.

Ажилтны өртөж буй тоосны хэмжээ их, үргэлжлэх хугацаа урт буюу давтамж их байх тусмаа өвчин үүсэх магадлал улам бүр өснө. Хүнд үйлдвэрийн салбарт 10-24 жил тасралтгүй ажилласан, 30-49 насны хүмүүст мэргэжлээс шалтгаалсан өвчин, ялангуяа тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл хамгийн өндөр хувиар илэрчээ. Мөн л уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээврийн салбарын ажилчдад зонхилж байна. 

БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Хуажонг Их Сургуулиас цахиураар уушги тоосжих өвчин (силикоз)-тэй 33,640 хүний эмнэлгийн баримт бичигт эргэмж судалгаа хийжээ. Судалгаагаар силикоз өвчтэй хүмүүс дунджаар 56 насалж байгааг тогтоосон байна. Энэ баримтаар жишээ татвал силикозоор өвчилсөн хүмүүс Монгол хүний дундаж наслалтаас 14.4 жилээр бага наслах тооцоо гарчээ. 

Тоосны шалтгаант өвчин нь зөвхөн ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй үйлдвэрлэлийн бүтээмж буурах, тэтгэвэр, нөхөн төлбөр олгохтой холбоотой зардал ажил олгогч болон улсын төсвөөс гардаг нь эдийн засгийн ачааллыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тухайн ажилтан болон түүний гэр бүлд эдийн засаг, нийгэм, сэтгэл зүйн ихээхэн хохирол учирч, амьдралын чанар доройтдог.

Тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушги тоосжих өвчин зэрэг МШӨ-ий үед амьсгалын эрхтний бүтэц эдгэшгүй өөрчлөгдөж, алхах, шатаар өгсөх зэрэг биеийн хүчний бага зэргийн ачаалалтай үед ч амьсгаадаж, ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй болдог. Түүнчлэн амьсгаадах, турах, цустай цэр гарах, зүрх томрох зэрэг шинж тэмдэг илрэхийн зэрэгцээ уушгины дархлаа суларсны улмаас сүрьеэгээр өвчлөх тохиолдолд хүндрэл гардаг. Тоосны өртөлт нь зарим тохиолдолд хавдар үүсгэж, улмаар амь насанд шууд аюул учруулан үхэлд хүргэх ноцтой эрсдэл дагуулдаг.

Дэлхий дахинаа мөн л тоос, тоосжилтын шалтгаант уушгины өвчлөл тулгамдсан асуудал хэвээр байна. Ажлын байран дахь тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр жилд 2-3 сая хүн оношлогдож улмаар уушги тоосжих өвчний улмаас уурхайн 14,000 ажилчин нас бардаг гэх судалгаа бий. Мөн силикоз өвчин л гэхэд цахиур агуулсан тоосоор 10-15 жил амьсгалахад үүсдэг байсан бол сүүлийн жилүүдэд залуу хүмүүс уг өвчнөөр нас барах тохиолдол АНУ-д нэмэгдэж буйг анхааруулжээ.