Техникийн зохицуулалтын ач холбогдол нь ажилтны эрүүл мэнд, тухайн байгууллагын нэр хүнд, санхүүтэй шууд хамаатай ойлголт билээ. Учир нь тоосноос үүдсэн өвчлөл бол аажим явцтай байдаг. Иймээс аливаа байгууллага олон жил бэлтгэсэн ажилтныг нэг өдөр алдах, үүнээс үүдэн тухайн байгууллагын бүтээмжид эрсдэл үүсэж болох билээ.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны 12 дугаар сард 232-р тогтоолоор Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалтыг баталсан. Уг 232 дугаар тогтоолыг энэ оны долоодугаар сарын 01-нээс эхлэн мөрдөж байна. Хэдийгээр шинэ ойлголт боловч аж ахуйн нэгжүүд өмнө нь хэрэгжүүлж байсан стандартуудын нийлбэр юм.
Тоосны техникийн зохицуулалтад тоосны өртөлт бүхий аж ахуй нэгж байгууллага ажлын байран дахь тоосыг хэмжиж үнэлэх, эрсдэлийг нь тодорхойлон бууруулах, хянах арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ажилтнуудыг тоосны шалтгаант өвчлөлийг эрт илрүүлэх үзлэгт хамруулах, ажилтнуудад тоосны шалтгаант өвчлөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тухайн өвчлөлийг хүндрүүлэх хувь хүний зан үйл, дадлын талаар сургалт зохион байгуулах зэрэг ажил олгогчийн хэрэгжүүлэх цогц арга хэмжээг тусгасан юм.
Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэгтэй, хэрэгжүүлдэг аж ахуй нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаанд тоосны техникийн зохицуулалтыг ханган ажиллаж байна. Тэгвэл техникийн зохицуулалтын тогтоол батлагдсанаас хойш нэгэн аж ахуй нэгж өөрийн ажлын байран дахь тоосыг бууруулах туршилтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь амжилттай болжээ.
Тус компани нь өөрийн нэрийг ил гаргахыг хүсээгүй бөгөөд уул уурхайн чиглэлийн, тэр дундаа нийтээр тоосонд өртөмхий байдал өндөр гэдэгт ордог юм. Иймээс сул хөрсийг бэхжүүлэх стандартын хэд хэдэн бодисыг, янз бүрийн техникийн хувилбараар туршсан байна. Туршилтын үр дүнд нэг төрлийн бодис өндөр эерэг үзүүлэлттэй байжээ. Тэрхүү бодисыг ойрын хугацаанд өөрийн сул хөрстэй бүх талбайд ашиглахаар шийдсэн гэдгийг хэлж байна. Хэдийгээр өндөр зардалтай ч компанийн хувьд ажилчдын эрүүл мэндийг нэгт тавьж, үүнийг дагаж компанийн нэр хүнд, урт хугацаанд санхүүгийн эрсдэлийг ч бууруулна гэдгийг хөндлөнгийн шинжээч өгүүлж байгаа юм.
Монгол Улсад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хяналтад байдаг хоёр хүн тутмын нэг буюу 2273 хүний 1171 нь уушги тоосжих өвчтэй гэж бүртгэгдсэн. Үүний хажуугаар мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр шинээр бүртгэгдсэн хүний тоо жил бүр харилцан адилгүй байна. Өнгөрсөн онд 86, 2023 онд 60, 2022 онд 94 байсан. Энэ тоо зөвхөн албан ёсоор бүртгэгдсэн тохиолдол бөгөөд өөр тохиолдлууд байдгийг эрүүл мэндийн болон бусад холбогдох салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Үүгээр жил бүр харилцан адилгүй байдлаар тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдах тохиолдол бүртгэгдэж буйг харуулж байна.
Ажилтан бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлгөгч нь байдаг. Тэр дундаа тоосны өртөлтийн түвшин өндөртэй аж ахуйн нэгж, байгууллага ажилтнуудаа тогтмол алдах эрсдэлтэй тулгарч болно. Эрсдэлийн хэмжээгээр аж ахуйн нэгж, байгууллага төдийгүй Монгол Улсын эдийн засагт учруулах хохирол дагаад өндөр байж болохоор байна. Тухайлбал 2019 онд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний манай улсад үзүүлэх эдийн засгийн хохирлыг 127.8 тэрбум төгрөг гэж “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгаа”-нд тооцоолсон байна. Энэ нь зөвхөн бүртгэгдсэн тохиолдолд хийгдсэн судалгаа бөгөөд зарим тохиолдлыг нуун дарагдуулан бүртгүүлэхгүй байх, бүртгэгдээгүй тул тохиолдлыг нарийвчилж хянах ажил хийгдэхгүй байна.
Тэгвэл 2022 оноос хойш манай улсын уул уурхай, олборлолтын салбарын экспорт эрс нэмэгдсэн. Тэр дундаа нүүрсний экспортын гарц огцом өсөөд байна. Гарц өсөхийн хэрээр олборлолтын үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн онд 37 мянга гаруйд хүрснийг салбарын зүгээс мэдээлдэг. Энэ нь тухайн салбарт эрсдэл өндөр байгааг харуулдаг. Мөн нүүрс гэлтгүй манай улсын бусад ашигт малтмалын экспортын биет хэмжээ 2025 он гарснаас хойш нэмэгдсэн. Энэхүү өсөлт цаашид хадгалагдана гэдгийг холбогдох албаныхан мэдээлж буй. Гэтэл уул уурхай, олборлолтын салбар уушги тоосжих өвчний хяналтад байдаг өвчтөний 70 гаруй хувийг эзэлж байна.
Хөнгөн ирж хүнд өвчлөл үүсгэдэг тоосноос ажилтнуудаа хамгаалъя!



















