Таны эрүүл мэндийн “намтар” анх ажилд ороход урьдчилсан үзлэгээр бичигдэж, харин тэр түүхийг хугацаат үзлэг үргэлжлүүлдэг гэдгийг та мэдэх үү. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтны эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний баримтыг эрүүл мэндийн тандалт хийх зорилгоор бүртгэл үүсгэж хадгалдаг.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 14-р зүйлд дурдсанаар ажил олгогч нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалын эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт хамруулах журмын дагуу ажилтан бүрийн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж урьдчилсан болон хугацаат үзлэгт хамруулах үүрэгтэй байдаг.
Энэхүү шаардлагын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг нь мэргэшсэн дижитал оношилгооны төхөөрөмж, хиймэл оюунд суурилсан уушгины хавдрыг эрт илрүүлэх рентген, амьсгалын багтаамж тодорхойлох, сонсголын бичлэгийн төхөөрөмжүүдийн тусламжтайгаар өвчний эрсдэлийг нарийн тодорхойлсноор зөв оношлон, эрт илрүүлэн ажилладаг.
Эрүүл мэндийн үзлэг нь ажилтны эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой. Эрүүл мэндийн үзлэг нь дараах төрлүүдтэй байна.
1. Урьдчилсан үзлэг нь ажилтан ажилд орохын өмнөх эрүүл мэндийн үзлэг бөгөөд тухайн ажилд орох иргэн гүйцэтгэх ажил үүрэг, ажиллах орчин нөхцөлдөө эрүүл мэндийн хувьд тохирох эсэхийг (мэргэжлийн тохироо) тодорхойлно.
2. Хугацаат үзлэг нь ажил үүрэг, ажлын орчин нөхцөл нь ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэх мөн ажилтны эрүүл мэндийн байдал нь тухайн ажлын байранд тохиромжтой хэвээр байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор ажил эрхлэх явцад тодорхой давтамжтайгаар явуулна.
Урьдчилан сэргийлэх үзлэг нь ажилтан өвдсөн тохиолдолд ажлын орчин, хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалсан уу, эсвэл өмнө нь байсан суурь өвчин үү гэдгийг ялгах үндэс болдог. Өөрөөр хэлбэл урьдчилсан үзлэг нь ирээдүйн мэргэжлээс шалтгаалах өвчин (МШӨ)-ний тандалт судалгааны суурь өгөгдөл болох юм.
Харин хугацаат үзлэг нь ажлын орчны толь байдаг. Ажлын онцлог, нөхцөлөөс шалтгаалан харилцан адилгүй үзлэг шинжилгээ хийгддэг. Энгийнээр тоостой орчинд ажиллагсдын хувьд амьсгалын замын үзлэг, шинжилгээ чухал бол шуугиантай орчинд сонсголын сорил, доргионтой орчинд мэдрэл булчингийн үзлэг зайлшгүй хэрэгтэй байдаг. Эдгээр нь ердийн өвчлөл илрүүлэх “цус, шээсний шинжилгээ”-тэй адил зүйл биш ажлын онцлог, нөхцөлд нийцсэн нарийн хяналт юм. Гэвч олон байгууллага эрүүл мэндийн үзлэгийг ердийн үзлэгтэй ижил байдлаар ижил шинжилгээгээр хийдэг. Ингэснээр ажлын онцлог тусгагдахгүй, сөрөг хүчин зүйлүүдийн талаар бодитой мэдээлэл үүсдэггүй байна. Үр дүнд нь мэргэжлээс шалтгаалах өвчний эрт үеийн шинж тэмдэг оношлогдохгүй үлдэж, хожим нөхөн сэргээхэд оройтдог.
Нэг жишээ авч үзье. Барилгын компанийн хоёр ажилтаны нэг нь цемент савлагч, нөгөө нь нягтлан бодогч. Цемент савлагчийн ажлын байрны орчинд тоос, шуугиан өдөр бүр давтагдана. Харин нягтлан бодогчийн хувьд олон цагаар дэлгэцийн өмнө суудаг. Тэгвэл хугацаат үзлэгт хоёр ажилтныг ижилхэн шинжилгээнд хамруулбал юу болох вэ? Цемент савлагчийн сонсгол бууралт, тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушгины өвчлөл, багтраа, цементийн тоосноос үүсдэг цементоз зэрэг өвчлөлүүд, нягтлан бодогчийн нүдний хэт ачаалал, нурууны асуудал ч анзаарагдахгүй үлдэх эрсдэлтэй. Харин ажил мэргэжилд нь тохируулсан үзлэг хийвэл энэ бүхнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
Дээрх байдлаар ажил олгогч нь ажлын байрны онцлогоос хамааруулан үзлэгт хамруулсанаар байгууллагад мэргэжлээс шалтгаалсан өвчний тархалтыг тогтоож, эрүүл мэндийн бодлогыг илүү ухаалгаар төлөвлөж, шаардлагатай арга хэмжээг нь авах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь ажилтны амь нас, хөдөлмөрийн чадварыг хамгаалах чухал ач холбогдолтой.
Монгол улсын хэмжээнд 2024 оны байдлаар 2273 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хяналтад байгаа бөгөөд үүний 51.5% буюу 1171 хүн уушиг тоосжих өвчтэй байна. Иймд тоосны эрсдэл бүхий аж ахуй нэгж байгууллага нь урьдчилсан болон хугацаат эрүүл мэндийн үзлэгт заавал амьсгалын багтаамж, уушгины рентген болон шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмчийн заалтаар бага тунт болон өндөр нарийвчлалтай компьютер томографын шинжилгээ, эдийн шинжилгээг оруулах шаардлагатай. Хэрвээ уушиг тоосжих мэргэжлээс шалтгаалсан өвчин оношлогдсон тохиолдолд ХАБЭМТ-д мэдээлж, бүртгүүлэн хяналтад ордог.
Ажилтан та уушиг тоосжих өвчнөөр өвдөхийг хүлээх бус, эрүүл байхын төлөө эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, эмчийн зөвлөгөөний дагуу эрүүл мэндээ сахих, ажлын байранд хамгаалах хэрэгслийг тогтол хэрэглэх нь чухал юм. Иймээс өнөөдрийн урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт таны уушгийг хамгаална.


















