Хүний нүдэнд үл үзэгдэх 4 микрометр болон түүнээс бага диаметртэй тоос амьсгалын замаар биед нэвтэрч, уушгинд хуримтлагдан удаан хугацааны туршид эдийг гэмтээдэг. Уг үйл явцын улмаас уушгины эд сорвижин, амьсгалын үйл ажиллагаа алдагдаж, уушги тоосжих өвчин үүсдэг. Энэ өвчин Монгол Улсад бүртгэгдэж буй мэргэжлээс шалтгаалах өвчний талаас илүү хувийг эзэлж байна.
АШУҮИС-ийн судлаач Ш.Оюунбилэгийн 2011 онд “American Journal of Industrial Medicine” сэтгүүлд нийтлүүлсэн судалгаагаар, уушги тоосжих өвчтэй хүний амьдралын хугацаа дунджаар 9.5 жилээр богиносож, эрүүл амьдралын чанар 45 хувиар буурдаг болохыг тогтоожээ.
Иймд тоосны өртөлт бүхий аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөндөө ажлын байрны тоосны өртөлтийг тогтмол хэмжих, хянах, үнэлэх тогтолцоог нэвтрүүлэх нь зайлшгүй хэрэгцээтэй байна. Мөн тоосны өртөлтийн түвшинд үндэслэн ажилтны эрүүл мэндийг хамгаалах дэвшилтэт техник, технологийн шийдэл, зохион байгуулалтын үр дүнтэй арга хэмжээ, хувь хүнд чиглэсэн хувийн хамгаалах хэрэгслийг зөв сонгох зэрэг хамгаалалтын бодит үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь чухал юм. Түүнчлэн тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг бууруулах, арилгах цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах үндсэн баталгаа болно.
Ажлын байрны тоосны өртөлтийг тодорхойлох хэмжилт нь MNS 7000-1,2,3,4:2023 стандартын дагуу хийгдэг. Энэ хэмжилтэд баталгаатай, өндөр нарийвчлал бүхий сорьц цуглуулах багаж ашиглан ажилтны амьсгалын түвшинд, ажлын бүтэн ээлжийн турш сорьц цуглуулна. Хэмжилт хийхдээ тухайн ажлын байрны тоос үүсгэгч эх үүсвэр болон тоосны шинж чанар, төрлийг харгалзан, зориулалтын өөр өөр багаж хэрэгсэл, сорьц авах аргачлалыг сонгон хэрэглэнэ. Тухайлбал барилгын болон уурхайн орчинд нарийн ширхэгтэй тоос, кварцын тоос, гагнуурын хэсэгт хүнд металлын тоос, дизель хөдөлгүүрийн орчинд дизелийн тоосонцор зонхилдог. Цуглуулсан сорьцод зорилгоос нь хамаарч кварц цахиур, хүнд металлын агууламж зэрэг лабораторийн шинжилгээ хийдэг.
Ийнхүү хэмжилт, шинжилгээний үр дүнд тухайн ажлын байрны агаарт агуулагдаж буй тоосны хэмжээ, найрлага, шинж чанарыг бодитой, нарийвчлалтай үнэлж, ажилтны эрүүл мэндэд үзүүлэх болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлох боломж бүрдэнэ.
Хэмжилтийн үр дүнгээс хамааруулан MNS 4990 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан ажилтанд өвчлөл үүсгэх эрсдэлийг тодорхойлдог. Тоосны шинж чанар болон хүний биед үзүүлэх сөрөг нөлөөллөөс хамааран зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь өөр өөр байдаг.
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс (ЗДХ) хамааруулан эрсдэлийг 4 ангилдаг.
* Эрсдэлгүй буюу ажилтан өдөр тутам ЗДХ-ний 10-50%-тай тэнцүү тоосонд өртөж ажиллахад урт хугацаанд амь нас, эрүүл мэнд, амьдралын чанар, хөдөлмөрийн чадварт нь сөргөөр нөлөөлөхгүй.
* Дунд буюу ажилтан өдөр тутам ЗДХ-ний 51-99%-тай тэнцүү тоосонд өртөж ажиллахад урт хугацаанд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхгүй ч ажлын бүтээмжийг бууруулах, тааламжгүй нөлөө үзүүлнэ
* Өндөр буюу ажилтан өдөр тутам ЗДХ-ээс 1-1.9 дахин их тоосонд өртөж ажиллахад урт хугацаанд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсгэх, хөдөлмөрийн чадварыг нь бүр мөсөн алдагдуулах, амьдралын чанарыг нь бууруулах сөрөг үр дагавартай.
* Ноцтой буюу ажилтан өдөр тутам ЗДХ-ээс 2 дахин ба түүнээс дээш тоосонд өртөж ажиллахад урт хугацаанд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсгэх, хөдөлмөрийн чадварыг нь бүр мөсөн алдагдуулах, амьдралын чанарыг нь бууруулах сөрөг үр дагавартай, богино хугацаанд хурц хордлого үүсгэх зэргээр амь насанд нь аюултай
Иймд хэмжилтийн үр дүн нь эрсдэлийг үнэлэх, хянах чухал хэрэгсэл болдог. Үр дүнд үндэслэн аль ажлын байр, үйл ажиллагаа, технологийн шат дамжлага хамгийн өндөр өртөлттэй байгааг тодорхойлж, хамгаалах арга хэмжээг оновчтой, зорилтот байдлаар төлөвлөх боломж бүрдэнэ.
Мөн техник, технологийн шийдлийн үр нөлөөг үнэлэх бодит шалгуур үзүүлэлт болдог. Тухайлбал, тоос бууруулах агааржуулалтын болон инженерийн хяналтын арга хэмжээний үр дүнг хэмжилтийн дүнгээр үнэлж, шаардлагатай тохиолдолд сайжруулалт хийх үндэслэл болдог.
Ажилтны эрүүл мэндийг хамгаалахад шууд ач холбогдолтой. Тоосны өртөлтийн түвшний мэдээлэлд тулгуурлан хувийн хамгаалах хэрэгслийг зөв сонгох, мөн урьдчилсан болон хугацаат эрүүл мэндийн үзлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх боломжийг бүрдүүлдэг.
2023 онд Environmental Science and Pollution Research сэтгүүлд хэвлэгдсэн “A systematic review of the effectiveness of dust control measures adopted to reduce workplace exposure” нэртэй судалгаанд дурдсанаар, тоосны хяналтын арга хэмжээг зохих ёсоор хэрэгжүүлснээр ажлын байрны тоосны өртөлтийг хамгийн ихдээ 96 хувиар бууруулах боломжтой болохыг тогтоосон байна. Иймд ажлын байрны тоосны хэмжилтийг тогтмол, системтэйгээр хэрэгжүүлэх нь зардал бус, харин хүний эрүүл мэнд, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашигт чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт болох юм. Өөрөөр хэлбэл, тоосны өртөлтийг хянах, бууруулах арга хэмжээг хэмжилтийн үр дүнд тулгуурлан хэрэгжүүлснээр мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, байгууллагын тогтвортой хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлэх олон талын ач холбогдолтой юм.



















