Ажлын байран дахь доргион чимээгүй хөнөөл учруулдаг

Манай улсын тухайд 2000 оноос хойш мэдрэлийн тогтолцоотой холбоотой өвчлөл огцом өссөн. Бүр сүүлийн таван жилд мэргэжлээс шалтгаалсан өвчний нийт тохиолдлын 57.6 хувийг эзэлж байна. Ажлын байран дахь тоос, чичиргээ, доргион, дуу шуугиан зэрэгт урт хугацаанд өртсөний үр нөлөө юм. 

Уул уурхай, зам тээврийн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр ажлын байранд доргион үүсгэдэг техник, тоног төхөөрөмжүүд өргөн хэрэглэгдэж доргионтой нөхцөлд ажиллах ажилчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. 

Ажлын байрны доргионыг бүх биед дамжих доргион, гарт дамжих доргион гэж ангилдаг. Ачааны автомашин, автобус, трактор, комбайн, үйлдвэрийн машин механизм зэрэг дээр ажилладаг хүмүүс бүх биед дамжих доргионы нөлөөнд өртдөг байна. 

Харин тасдагч, давтагч, гинжит хөрөө, няцлагч, үрэгч, өрөм зэрэг цахилгаан болон хийн шахуургаар ажилладаг багаж хэрэглэдэг ажлын байран дахь ажилтнууд гар, шуунд дамжих доргионы нөлөөнд илүүтэй өртдөг. 

Доргионы нөлөө нь хэдэн герцийн давтамжтайгаас шалтгаалан хүний биед дараах төрлийн өвчин, эмгэгийг үүсгэдэг байна. Тухайлбал, 

  • Яс, холбоос, нугалмын гэмтэл,

  • Тэнцвэр алдалт, 

  • Хоол боловсруулах эрхтний эмгэг, 

  • Зүрхний эмгэг, 

  • Үений үрэвсэл, 

  • Булчингийн хатангиршил 

  • Бугуй, гарын ясан ургацаг үүсгэнэ. 

Ажлын байрны доргионоос ажилтны эрүүл мэндийг хамгаалахын тулд дараах арга хэмжээг авч ажилласнаар дээрх эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой. 

  • Доргионы эх үүсвэрийг арилгах,

  • Доргион бага үүсгэдэг машин тоног төхөөрөмжөөр солих,

  • Доргион бууруулагч материалыг шаланд суулгах,

  • Ивүүр хийх, 

  • Дэвсгэр болон гар багажны бариул зөөлөвч хийх,

  • Доргионы нөлөөнд өртөх хугацаанд хязгаарлалт тогтоох,

  • Доргионы эх үүсвэрүүдэд анхааруулах тэмдэглэгээ байршуулах,

  • Хамгаалах хэрэгслээр хангах,

  • Доргионы нөхцөлд ажилладаг ажилтныг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах.