Хөдөлмөрийн аюулгүй байдал бол байгууллагын жинхэнэ шалгуур

Үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдлоор хамгийн өндөр уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт 10 мянган аж ахуйн нэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн ажилчдын эрүүл мэнд нь байгууллага төдийгүй салбарын тогтвортой ажиллагаа, бүтээмжийн үндэс юм. Тиймээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн асуудал энд зайлшгүй хөндөгдөх нь зүйн хэрэг. 

Хөдөлмөр эрхлэлтийн явцад аюулгүй ажиллагааны шаардлага хангагдаагүйн улмаас ажилтан хүн үйлдвэрлэлийн осолд орж бэртэл гэмтэл авах, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй. Хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй нөхцөлд ажилтан хүн ажилласан тохиолдолд ажлын байрны шалтгаант хордлогод өртөх, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчлөх эрсдэл үүсдэг. Тиймээс ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн хүний амь нас, эрүүл мэндийг аюулгүй ажлын орчин бий болгож сөрөг хүчин зүйлсээс хамгаалах шаардлагатай. 

ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн нэвтэрхий тольд “Хөдөлмөрийн эрүүл ахуй нь ажлын байрнаас үүсэж, ажилтан, ойр орчмын оршин суугчдад нөлөөлж болзошгүй аюултай хүчин зүйлсийг урьдчилан таамаглах, таньж илрүүлэх, хэмжиж үнэлэх, хяналт тавьж бууруулах шинжлэх ухаан” гэж тодорхойлогджээ. 

Тэгвэл манай улс хуулиндаа хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлагыг стандартаар тогтооно гэж заасан. Стандартад ажилчид ажлын байрандаа зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тоос, шуугиан, хорт бодист өртөх нь эрүүл ахуйн шаардлага зөрчигдөж, МШӨ-өөр өвчлөх эрсдэлтэй нөхцөл үүсдэг. Иймд ажил олгогч нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, өртөлтийг зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бууруулж, мөн л ажилтнаа хамгаалах шаардлагатай. 

Мэргэжлээс шалтгаалах өвчин ихтэй салбар, байгууллагуудад тоосжилт, дуу шуугиан, доргион зэрэг эрсдэлт хүчин зүйлүүд түгээмэл байдаг. Тухайлбал, уул уурхайн салбарын ажилчид доргион, тоосонд өртдөг бол, эрчим хүчний салбарын ажилчдад тоос, дуу шуугианы өртөлт хамгийн түгээмэл аж. 

Ийн эрсдэл өндөртэй салбарт хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл хангаагүйн улмаас ажилтан, байгууллага, салбар төдийгүй цаашлаад улс орны эдийн засгийн өсөлтөд ч сөргөөр нөлөөлдөг. Эрүүл ахуйн нөхцлийг хангах нь зардал биш ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэж болох юм. 

Учир нь эрүүл ахуйн стандартыг хангахад чиглэсэн хяналт, үнэлгээ, сургалтад тогтмол хөрөнгө оруулсан байгууллагын үйлдвэрлэлийн осол буурч, өвчлөл буурахын зэрэгцээ ажилчдын сэтгэл ханамж нэмэгдэж, бүтээмж, тогтвортой байдал сайжирдаг байна. 

Эсрэгээрээ урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулаагүй, ажлын байрны орчин нөхцлөө сайжруулаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлтэй байгууллагад ихээхэн сөрөг үр дагаврууд илэрдэг. Үүний хамгийн тод жишээ нь, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тоо. Нэг ёсондоо өвчлөлийн тоо бол эрүүл ахуйн толь гэж болох юм. 

Ялангуяа манай улс шиг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай эдийн засагтай улсад ажилтны амь нас, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хамгийн чухал билээ.

Тиймээс ажлын байрны эрсдэлээ үнэлж, хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтыг тогтмолжуулж, хувийн хамгаалах хэрэгслийн зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлж, ажилтнаа эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт хамруулах нь байгууллага, ажил олгогчийн өмнө тулгарч буй сорилт төдийхөн бус ирээдүйд учирч болох том эрсдэлийг хаах боломж юм.