Хүний нөөцийг дэглэх нэг хувилбар

-Ажилтнаа хэмээх байгууллагын соёлыг төлөвшүүлье-

Монгол Улсын эдийн засгийн бүтцэд уул уурхай, олборлолт, барилга, эрчим хүч гэсэн гурван салбар салшгүй холбоотой байдаг билээ. Эдгээр салбарт ажиллагсад нийт ажиллах хүчний 12 орчим хувийг эзэлдэг. Энэ тоо ойрын хугацаанд огцом нэмэгдэх төлөвтэй байгаа. Үүний голлох шалтгаан бол Монгол Улсын Засгийн газрын 14 мега төсөл, Улаанбаатар хотод хэрэгжих 23 мега төсөл юм. Засгийн газрын зүгээс хамгийн түрүүнд зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжих боломжтой хэмээн нэрлэсэн. Төслийн тендерт оролцох урилгыг ГХЯ-аар дамжуулан 20 гаруй улсын 55 компани руу илгээгээд байна. Харин Нийслэлийн Засаг даргын зүгээс “Улаанбаатар метро” байгуулах төслийн эхний шатны сонгон шалгаруулалтад Монголоос гадна Их Британи, Орос, Хятад зэрэг 7 улс багтсаныг зарласан. Гэвч эдгээр том төсөлд оролцох ажиллах хүч дутагдаж магадгүй байна. Манай улс хөдөлмөрийн насны ажил эрхлэгчдийн тоо Азийн орнуудтай харьцуулахад харьцангуй бага бөгөөд үүний дээр Монгол Улсын 200 орчим мянган иргэн гадаад улсад ямар нэг байдлаар оршин сууж, амьдардаг гэдгийг ГХЯ-наас мэдээлдэг. Цаашдын томоохон бүтээн байгуулалтад хүний нөөцийн дутагдлыг нөхөх нэг арга зам бол түүнийг дэглэх юм. Тэр дундаа төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд ажиллагсдынхаа эрүүл мэндийг хамгаалж, үнэ цэнтэй хөрөнгө хэмээн үнэлэх нь үүний нэг хэсэг билээ. 

Төр-Байгууллага-Хувь хүн

Ажилтны эрүүл мэндийг хамгаалахын тулд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай холбогдох хууль, дүрэм журмын уялдаа холбоо чухал. Нөгөөтээгүүр ажил олгогчид тухайн ажилтны ажлын байрны онцлогт таарсан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах хэрэгтэй. Эдгээр хоёр нөхцөл хангагдсан хэдий ч тухайн ажилтан өөрийн эрүүл мэндийн үнэлэх ухамсартай байх нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл төрөөс хууль, дүрэм журам, байгууллагаас ажилтны эрүүл мэндэд зориулсан хөрөнгө оруулалт, нөгөө талаас хувь хүний ухамсар гэсэн гурвалсан ойлголтыг иргэн бүр өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй байна. 

Уул уурхай, олборлох салбарын өсөлт үргэлжлэх төлөвтэй

Монгол Улсын эдийн засагт 2023 оноос хойш огцом өсөлт гаргасан. Үүнд уул уурхайн салбарын оролцоо чухал бөгөөд цаашид энэ салбарын ирээдүй нээлттэй байгаа. Учир нь гадаад улсад нүүрс гэлтгүй зэс, газрын ховор элемент зэрэг өндөр технологид шаардлагатай түүхий эдийн хэрэгцээ тасралтгүй нэмэгдэх төлөвтэй байна. Нөгөө талаар нүүрсний эрэлт олон улсад буурсан гэдэг ч өмнөд хөршийн хэрэгцээ дэлхийн хэрэглээний талаас илүү буюу бараг 5  тэрбум тоннд хүрдэг. Манай улсын хувьд энэ жил 80 гаруй сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байна. Цаашид нүүрсний экспортын хэмжээ 100 сая тоннд хүрнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Үүний зэрэгцээ олон улсын зах зээлд зэс, алтны үнэ нэмэгдсэнээр экспортоос орж ирэх орлого ойрын хугацаанд өндөр түвшинд хадгалагдах хандлагатай байна. Эдгээр эрдсийн орлого ирээдүйд тогтвортой байхын тулд уул уурхай, олборлох салбарын томоохон компаниуд олон нийтэд ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Учир нь мэргэжлээс шалтгаалах өвчин бол аажим явцтай буюу 2023 онд манай улсын нүүрсний гарц сайжирч, энэхүү чиг хандлага хэвээр хадгалагдана гэвэл 2030-аад оноос нүүрснээс үүдэлтэй уушги тоосжих өвчтөний тоо нэмэгдэж болохоор байгаа юм. Үүн дээр нэмж зэс, алт, төмөр, цайр зэрэг бусад экспортын томоохон хувийг эзэлдэг ашигт малтмалын салбарт хүний нөөцийн дутагдал үүсэх эрсдэлтэй гэдгийг холбогдох албаныхан сануулсаар ирсэн билээ.

Монгол Улсын хөдөлмөр эрхлэгчдийн тоо 2025 оны I улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47.5 мянгаар өссөн байна. 

Мега төслүүдийн хэрэгжилт, уул уурхайн салбарын эдийн засаг дахь нөлөө нэмэгдэх нь барилга, эрчим хүчний салбарын өсөлтөд шууд нөлөөлнө. Муу мэдээ гэвэл эрчим хүчний салбарт ажиллагсдын цалин бага гэдгийг залуу мэргэжилтнүүд хэлэх болсон. Гэтэл Монгол Улсын эрчим хүчний салбар төрийн оролцоо өндөртэйд ордог. Стратегийн чухал салбар гэдэг боловч төр бүсээ чангалах шийдвэрийг Засгийн газар солигдох бүрд гаргадаг. Үүнээс үүдэн мэргэжлээс шалтгаалах өвчний тандалт, урьдчилан сэргийлэх үзлэг орхигдох талтай байна. 

Барилгын салбарт мэргэжлээс шалтгаалах өвчлөл бага бүртгэгддэг. Үүний шалтгааныг барилгын гүйцэтгэх ажилтнууд ажлын байранд тогтож ажилладаггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хэдийгээр салбар техник, технологиос ихээхэн хамааралтай боловч богино хугацааны ажлын байран дахь ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах шаардлага байгаа юм. 

Эцэст нь, 2023 онд АНУ нэг хүнд ногдох дундаж эрүүл мэндийн зардалд 13.4 мянган ам.доллар зарцуулснаар олон улсыг тэргүүлсэн. Тус улсын араас Швейцар, Герман, Австри зэрэг өндөр хөгжилтэй орнууд жагссан. Хэдийгээр Монгол Улс хөгжиж буй орон ч өөрийн боломжид тааруулан төр, хувийн хэвшлийн байгууллагууд  ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалмаар байна. Угтаа энэ бол хожим үүсэж болох эрүүл мэндээс шалтгаалсан манай улсын эдийн засаг, хүний нөөцийн дутагдлыг урьдчилан дэглэх нэг боломж юм.