Хандах зүг

Mining Insight сэтгүүлийн Бодлогын зөвлөлийн гишүүн, QMC группын Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал М.Дагвын нийтлэлийг “Авторын булан”-гаар толилуулж байна

Дээгүүр гүйдлээ олох...

Дундад зуунаас, магадгүй бүр түүхийн эхнээс 1800-гаад оны дунд үе хүртэл дэлхий даяар нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 5 хүрэхгүй хувийг л хил дамнан нэгэндээ худалдацгааж байсан юм билээ. Аж үйлдвэрийн хувьсгалаас түлхэц авсан глобалчлалын анхны давлагаагаар уг үзүүлэлт 1910 оны орчимд 30 хувьд хүрээд, Америкийн их хямрал, Д2Д-ны улмаас 10 хувь хүртэл буцан унасан байдаг. Глобалчлалын хоёрдугаар давлагаа 1950-иад оноос эхэлж 2010 оны орчимд хил дамнасан худалдаа дэлхийн ДНБ-ий 60 хувьд хүрчээ. Глобалчлал ашигт малтмалыг бараг бүгдийг нь Хятад улсад боловсруулдаг дэлхийг бий болгосон. Дэлхийн зэсийн 30 хувийг олборлодог Чили улс 1980 оноос хойш шинээр зэс хайлах үйлдвэр бариагүйг 2017 онд очихдоо анх сонсож, Атакамын цөл дэх 1950-иад оны үйлдвэр гэмтэл гараад түр зогссон байхад нь ороод гарч байлаа.
Манай улсын өнгөрсөн 30 жилд бий болгосон 6 тэрбум ам.долларын экспортын орлого бүхий уул уурхайн салбар ч глобалчлалын хоёрдугаар давлагаанд түшиглэсэн, БНХАУ уруу чиглэсэн бүтэцтэй байгаа. Их гүрнүүд хоорондын худалдааны дайн, КОВИД-19, Орос Украины дайн нь глобал ханган нийлүүлэлтийн сүлжээнд том асуудал үүсгэж, “reshore”, “friend-shore” гэсэн хэллэгүүд сонсогдож эхэлж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Саудын Арабад зохион байгуулагдсан “Future Minerals Forum”-д оролцох үедээ Арабын хойг, Хойд Африк, “Стан”-ы орнуудын ашигт малтмалыг Саудын Араб Улсад боловсруулаад Европ, АНУ-ыг хангах боломжийн талаарх “friend-shore”-ийн нэг хувилбарыг босгож ирэх концепцийг ид ярилцаж байгааг сонссон.

Мөн өнгөрсөн 6 дугаар сард Канадын Торонтод PDAC хуралд оролцох явцдаа АНУ тэргүүтэй (Австрали, Канад, Финланд, Франц, Герман, Япон, БНСУ, Швед, Их Британи, Европын Комисс) улс орнууд Mineral Security Partnership хэмээх чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх санаачилгаа зарлаж байгааг нүдээр үзлээ. Энэ санаачилгын хүрээнд өнгөрсөн наймдугаар сард Герман Улсын Канцлер Олаф Шольц Мерседес Бенц болон Волксваген компаниудаа дагуулан Канад Улсад айлчилж, батарей үйлдвэрлэлд ашиглах түүхий эд болох чухал ашигт малтмалуудаар хангах тухай санамж бичиг байгуулаад өгчихлөө.
Хоёр туйлт, эсвэл гурван ч туйлт дэлхий, түүнийг мэдэрч, хоёр хөрш ба гуравдагч хөршийн бодлогуудтайгаа уялдуулан уул уурхайн салбараа шинээр хэлбэршүүлэх ажил биднийг хүлээж байгаа.

Доогуур суудлаа олох...

“Хүмүүс уул уурхайг хайрлаад, учиргүй дурлаад байдаггүй юм. Уурхайчид юу ч хийсэн байлаа түүнийг эсэргүүцдэг орон нутгийн ч бай, тодорхой зорилго бүхий бүлгүүд байдаг. Тэдний унаж буй машин, барьж буй утсыг уул уурхайн бүтээгдэхүүнээр хийдэг юм гэх логик яриад амжилтад хүрсэн уурхайчин байхгүй ээ...” гэсэн үгийг олон жилийн туршлагатай, олон улс орон дамжин ажилласан хүнээс сонсож билээ. Сүүлийн 30 жилийн хөгжил Монголд уул уурхайн салбарын эдийн засгийн ач холбогдлыг харуулж чадсан хэдий ч нийгэмд олон эргэлзээ тээнэгэлзээг бий болгосон. Сайн муу нийлж сав дүүрдэг. Монголын уул уурхайн “сав”-нд Монголын ч, олон улсын ч шүүлтүүрээр сайн нь ч байна, муу нь ч байна. Бүтээн байгуулалт хийх, олборлолтын үйл ажиллагаа явуулах, дуусгах үе шатууд дахь байгаль орчин, нийгмийн асуудлуудаа Олон Улсын Санхүүгийн Корпораци зэрэг байгууллагуудаас тавигддаг шаардлага, стандартуудад нийцүүлэн ажиллаж буй төслүүд ч байна. Тэдгээрээс суралцаад, хуулбарлаад бусад төсөлд нэвтрүүлж буй менежерүүд, мэргэжилтнүүд ч байна.

Салбарыг хамарсан хэм хэмжээ болгочих гээд зүтгэж буй олон нийтийн байгууллагууд ч байна. Бага багаар ахиж л байна. Энэ хурдаараа явбал магадгүй арваас хорин жилийн дараа Монголын уул уурхайн салбар нийтээрээ Монголын нийт ард иргэдэд тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх байх. Магадгүй. Саван дахь сайн нь муугаасаа олон болж, олон нийтэд сайнууд нь түлхүү харагддаг тэр “сайн цаг” ирэх хүртэл олон нийт уул уурхайн эсрэг популист амлалт өгсөн улстөрчдөд саналаа түлхүү өгсөөр, сонгосоор, уул уурхайн салбарт таагүй ханддаг, эсвэл дэмжиж байгаагаа олон нийтэд ил тод илэрхийлэхээс зайлсхийдэг улстөрчид давамгайлсан байдлаар шийдвэр гарсаар байх тохиолдолд уул уурхайн салбарт сайжруулалт хийх төрийн зохицуулалтуудыг хийхэд маш хүнд юм байна гэдгийг би ойлгосон.

Манай салбарт реформууд маш урт удаан хугацааг туулж, олон шалгуур сорилтуудыг давж байж хийгдэх байх. Учраа олох гэж их л удахаар харагдаад байгаа. Гэхдээ бидэнд яарах шалтгаан гараад ирлээ. Дэлхий нийт ойрын 30 жилд яаж ийж зүтгэж байгаад эрчим хүчний эх үүсвэрээ солино. Зам зуурын бэрхшээл гарах байх, бага зэрэг эргэж буцах байх, 30 жилд амжихгүй 40 жил сунжирч ч магад. Гэхдээ эрчим хүчний эх үүсвэр солигдоно. Эрчим хүчний шинэ төрлийн эх үүсвэрт газрын ховор элемент, уран, цахиур маш ихээр хэрэгтэй болно. Эрчим хүчийг дамжуулах, түгээх дэд бүтцийг шинэчлэх, шинээр байгуулах хэрэгцээ мөн ихээр нэмэгдэж, түүнд ашиглах зэс, хөнгөн цагааны хэрэгцээ дорвитой нэмэгдэнэ. Шинэ төрлийн эрчим хүчийг хадгалах хэрэгтэй болсон. Үүнд хэрэглэх лити, никель, кобальт, графит, манган, ванади, титан, цагаан алт, хром болон зарим төрлийн газрын ховор элементүүд, мөн цирконы эрэлт огцом нэмэгдэж байна.
Уул уурхайн салбарт 3-10 жил хайгуул хийж, нөөц тогтоосны дараагаар мөн л ойролцоо хугацаанд бүтээн байгуулалт хийж байж олборлож эхэлдэг гэдгийг нийтээр мэддэг тул сүүлийн 3-4 жилд дээр дурдагдсан элементүүдийг хайх сонирхол нэмэгдэж, хайгуулын хөрөнгө оруулалт олон улсад өссөн. Уул уурхайн топ компаниуд чухал ашигт малтмалын төслүүдийг түлхүү худалдан авах замаар эрчим хүчний шилжилтэд өөрсдийгөө бэлтгэж байгаа бөгөөд судалгааны байгууллагуудын мэдээлж байгаагаар зөвхөн 2021 онд гэхэд чухал ашигт малтмалын төслүүдийг худалдан авсан дүн 2020 онтой харьцуулахад 2 дахин өссөн. Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үүднээс чухал ашигт малтмалын төслүүд төвлөрсөн бүс нутаг, улс орнуудад уул уурхайн олборлолт, боловсруулалтын дараагийн шатны боловсруулалтын үйлдвэрлэлүүдийн тодорхой шат дамжлагуудыг байгуулж болохоор хандлага мөн ажиглагдаад эхэллээ.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл өнөөдөр бидний эргэн тойронд уул уурхайгаас эхлээд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл хүртэлх шинэ экосистем бүрэлдээд эхэлж байгаа бөгөөд магадгүй 2030 оны үед дүр төрхөө олоод төлөвшчих байх. Энэ үйл явцын гадна үлдчих вий гэх айдас надад яарах мэдрэмжийг төрүүлдэг.

Ашигт малтмалын потенциал өндөртэй манай улс шинэ экосистемийн нэг хэсэг болон байршиж чадвал ойрын нэгээс хоёр жилдээ багтан олон тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж, уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн бусад салбаруудаа ч хурдацтай хөгжүүлэх боломж байгааг том улстөрчид олж хараад, асуудлыг барьж аваасай.

Харамсалтай нь “юм хийе” гэсэн улстөрч хүнд барьж авахад хамгийн халгамаар салбар өнөөдөр Монголд ашигт малтмалын салбар болчихлоо. Хэтэрхий олон асуудалтай. Асуудлууд нь үсээр бол даахираад сам шигдэхээргүй, утсаар бол орооцолдоод зүү орохооргүй болчихсон. Лав сүүлийн арав гаруй жилд даахирааг гаргаж чадахгүй байгаа тул гаднаас нь лакдах, гельдэх маягаар аргалж яваа.

Байгалийн баялагтай улс орнуудыг дотор нь 1-д) баялгаа хөгжил болгон хувиргаж, баялаг дээрээ тулгуурлан эдийн засгийн олон салбарыг бий болгож чадсан ба 2-т) байгалийн баялгаасаа цааш харж чадалгүй улам бүр баялгаасаа хараат эдийн засагтай болж буй гэсэн хоёр категорид хуваах нь бий бөгөөд энэ шалгуураар бид 2 дугаар зам дээрээс өөрсдийгөө олно. “Юм хийе” гэвэл нэгдүгээр зам руу л гарах ажлыг хийх ёстой бөгөөд жолоон дээр нэлээд хүчтэй баг сууж байж хийнэ. Орооцолдоог хаанаас эхэлж тайлах вэ? Салбар хооронд ялангуяа уламжлалт салбар ба уул уурхайн салбар хооронд газрыг булаалдах үзэгдэл хаа ч байдаг, манайд ч хурцаар илэрч байна. Энэ эрэмбийг тогтоох дүрэм тодорхойгүй, тогтоодог институц нь төлөвшөөгүй, салбар хооронд нь шидээд уралцуулах байдлаар явж байгааг сууриар нь өөрчлөх ажил ач холбогдлоороо дээгүүр эрэмбэлэгдэнэ.

Судалгаанд суурилсан шийдвэр гаргахгүй бол олигтой шийдэл болохгүй бөгөөд судалгаа нь Монгол Улсын өнөөгийн төсөв илүүчилж чадахааргүй их хэмжээний санхүүжилт шаардана. Уг санхүүжилтийг шийдвэрлэж судалгаа хийн, уул уурхайн өндөр потенциалтай бүсүүдийг тодорхойлж, тэдгээрээс ашигт малтмалын хайгуул хийх боломжтой хэсгийг нь ялган, үндэсний зөвшилцөл хийж, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан уул уурхайг тухайн хэсгүүдэд явуулна. Гэх мэтээр арай өндрөөс хараад, алхам алхмаар гэхдээ хурдтайгаар ажиллаад эхэлвэл бас ч богино хугацаанд шийдчихэж болмоор юм шиг санагдаад л байдаг. 

Майнин Инсайт Сэтгүүл, есдүгээр сар 2022 №09 (010) дугаарт нийтлэгдэв