Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Ногоон шилжилтийн өрнөл хийгээд эдүгээ дэлхий дахинаа тулгарч буй олон талын эрсдэл, хүчин зүйлс нь улс орнуудыг эрдэс баялгийн салбар, үйлдвэрлэл, түүхий эдийн хэрэглээ, нийлүүлэлтийн сүлжээгээ шинээр харах, дахин төлөвлөхөд хүргэж байна. Монгол Улс ч гэсэн ирээдүйн эл өөрчлөлтөд нухацтай бэлтгэж, уул уурхайн бодлого, стратегиэ шинэчлэн боловсруулж, шийдэмгий хөдлөхгүй бол оройтох нь. Үүний тулд улсаараа ойлголтоо ойртуулах, нийгмийн зөвшилцөлд хүрэхийн чухалд анхаарал хандуулаасай хэмээн Mining Insight шинэ дугаараа бэлтгэлээ.
Мөн “Авторын булан” нээж, салбарын туршлагатай мэргэжилтнүүдээс энэ чиглэлд үзэл бодлоо хуваалцахыг хүсэв. Mining Insight сэтгүүлийн Бодлогын зөвлөлийн гишүүн, QMC группын Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал М.Дагва “Авторын булан”-д “Өнөөдөр бидний эргэн тойронд уул уурхайгаас эхлээд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл хүртэлх шинэ экосистем бүрэлдээд эхэлж. Ашигт малтмалын потенциал өндөртэй манай улс шинэ экосистемийн нэг хэсэг болон байршиж чадвал ойрын нэгээс хоёр жилдээ багтан олон тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж, уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн бусад салбаруудаа ч хурдацтай хөгжүүлэх боломж байгааг том улстөрчид олж хараад, асуудлыг барьж аваасай” гэснийг давтан эшилье.
Монголын уул уурхайн салбарынханд ийм алсын хараа, амбиц, мөрөөдөл байна. Холбоод бичихэд хоёр гуравхан өгүүлбэрт багтах хэдий ч хүрч очихын тулд бодох зүйл их, түүний хэрээр шийдээд урагшлах асуудлууд зөндөө. Үүнд дээр өгүүлснээр засаг төр санаачилгыг авах нь чухал бөгөөд хамгийн том үүрэг хариуцлага нь суурийг зөв тавьж өгч, салбарын эрсдэлийг бууруулах явдал юм.
Төр эрдэс баялгийн салбарынхаа боломж бололцоог бодитоор үнэлж, урагш нь жаахан түлхээд өгөөсэй.
Эхэндээ Монголын уул уурхайн салбарынхан онцгойлж төдий л бодоогүй байгаль орчин, нийгмийн асуудлууд өнөөдөр чухал байр суурьт тавигдаж байна. Үл ойшоож ирсний гарз хохирол нь манай эрдсийн салбарт хуримтлагдаад буй асуудал бэрхшээлүүд. Олз нь гэвэл салбарын олон талт оролцогчид байр сууриа нэгтгэхгүйгээр, нийгмийн зөвшилцөлд хүрэхгүйгээр урагшлах зам үгүйг уул уурхайн компаниуд ч, орон нутаг ч, бодлого тодорхойлж шийдвэр гаргадаг нь ч, ерөөс бүх тал аргагүй хүлээн зөвшөөрч эхэлсэнд буй за.
Иймийн учир “Оюутолгой” ХХК-ийн Орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Г.Сугарыг “Авторын булан”-даа урилаа. Уул уурхайн салбарын эдийн засгийн ач холбогдлоос гадна уурхайн бүхий л үе шатан дахь байгаль орчин, нийгмийн асуудлуудад анхаарал хандуулахын чухлыг, түүний тулд орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн цогц системийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар компаниуд тогтож нэг харна уу.
Монголын уул уурхай 100 жилийн босгон дээрээ дараагийн урт хугацааны байр байдлаа тодруулахын тулд одоогийн нөхцөл байдлаа бодитоор үнэлэх, үнэн зөвөөр мэддэг байх хэрэгцээ шаардлага ч бас байна. Энэ үүднээс Mining Insight сэтгүүл Монголын уул уурхайн дөрвөн том компанийг сонгон, эдийн засагт үзүүлж буй шууд нөлөөллийг нь тодруулж харахыг оролдлоо.
Хүртээмжтэй уул уурхай буюу хариуцлагатай гэдгээс давсан, илүү өргөн хүрээний энэхүү ойлголтыг дэлгэрүүлэхэд Mining Insight сэтгүүлийн Редакци нийтлэлийн бодлогоо чиглүүлнэ
“Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Энержи Ресурс” компанийн сүүлийн 5 жилд төлсөн татвар, худалдан авсан бараа, үйлчилгээний дүнг нэгтгэхэд 28 их наяд төгрөг болж байна. Үүний 18 их наяд нь зөвхөн худалдан авалтын төлбөр юм. Уул уурхайн салбар Улсын төсвөөс бараг хоёр дахин их мөнгөний худалдан авалт хийдэг салбар болжээ. Энэ бол бусад бизнесийг тэтгэн хөгжүүлэх асар том потенциал. Өмнө нь нийлүүлж, том зургаар нь харж байгаагүй уул уурхайн салбарын хүртээмж юм. Бидний энэ тооцоолол хамгийн энгийн аргачлалаар ил байгаа тоон мэдээлэлд суурилж, нөлөөллийг үнэлэх гэсэн оролдлого. Мэдээж илүү нарийвчлах, илүү бодитой тооцоолох шаардлага бий. Уг судалгааг гүнзгийрүүлэн хийхийн ач холбогдол их юм.
Юун түрүүнд уул уурхайн компаниуд худалдан авалтдаа анализ хийж, байгаа бол түүнийгээ ил гаргаж зарлаасай. Юуг, ямар хэмжээгээр худалдан авдгаа, авснаа, авах боломжтойгоо нээлттэй зарлаад явбал бизнесүүдэд санаа сэдэл өгөх төдийгүй Монгол Улс уул уурхайн салбараа ямар нөлөөлөлтэйг бодитоор үнэлэхэд нэн чухал алхам болох юм. Улмаар үндэсний болон орон нутгийн бизнесийг хэрхэн тэтгэж, өндийлгөсөн нь ил тод харагддаг, түүгээрээ өрсөлддөг, уралддаг бол энэ нь уул уурхайн өсөлтийг хүртээмжтэй болгох нэг том үзүүлэлт болно.
Хүртээмжтэй уул уурхай буюу хариуцлагатай гэдгээс давсан, илүү өргөн хүрээний энэхүү ойлголтыг дэлгэрүүлэхэд Mining Insight сэтгүүлийн Редакци нийтлэлийн бодлогоо чиглүүлэх юм. Энэ санаагаа “Хүртээмжтэй уул уурхайн төлөө” нийтлэлээрээ толилуулж байна.