2022 он: Дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалт өсөх төлөв

Э.ОД

“S&P Global market intelligence”-ээс 2022 онд дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалт 5-15 хувиар өсөх төлөвийг дэвшүүлжээ. Энэхүү таамаглалаар хайгуулын хөрөнгө оруулалт 12.8 тэрбум ам долларт хүрч магадгүй бөгөөд энэ нь хамгийн сүүлд 2013 онд ажиглагдсан үзүүлэлт юм. Тус байгууллагын судалгаагаар, КОВИД-19 цар тахлын улмаас унасан хайгуулын хөрөнгө оруулалт 2021 оноос уналтаас гарч сэргэж эхэлжээ. 2020 онд хайгуулын 1762 компанийн жилийн нийт хөрөнгө оруулалт 8.3 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 11.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 35 хувиар нэмэгджээ. Энэ нь 2012 оны оргил үетэй харьцуулбал 45 хувиар доогуур байгаа юм. Цар тахлын халдвар буурч, дэлхийн түүхий эдийн зах зээл дээр металлуудын ханш өсөж, санхүүжилт болон хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь 2021 онд хайгуулын салбар огцом сэргэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал алт, зэс тэргүүтэй үндсэн металлуудын үнэ гайхалтай өсөлт үзүүлсэнтэй холбоотойгоор хайгуулын салбарын нийт хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 52 хувь нь алт, 21 хувь нь зэсийн хайгуулд чиглэжээ. Харин цайр, алмаазын хайгуулын хөрөнгө оруулалт хангалтгүй байсныг судлаачид тэмдэглэсэн байна.
2020 оны сүүлчээр, 2021 оны эхэн үеэр үнэ буурсантай холбоотой лити, кобальтын хайгуулын хөрөнгө оруулалт бага байсан бол энэ онд литийн хайгуул өсөх төлөвтэй байна. Өнгөрсөн оны хувьд жуниор компаниудын жилд төсөвлөсөн хөрөнгө оруулалт 4.1 ам.доллар хүрч, 62 хувиар нэмэгджээ. Харин том компаниуд 5.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээрээ дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалтын тал хувийг бүрдүүлсэн хэвээр байна. Канад улс дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалтаас хамгийн их хувийг татаж чаджээ.
2021 онд хайгуулын салбартаа татсан хөрөнгө оруулалт 800.5 сая ам.доллараар нэмэгдэж, 2.1 тэрбум ам.долларт хүрсэн нь 2012 оноос хойших дээд амжилтыг тогтоосныг S&P судалгаандаа онцолжээ. Хөрөнгө оруулалт татсан үзүүлэлтээр Африкийн бүс нутаг хоцорч байна. Нийт 1.1 тэрбум ам.доллар татаж 2020 оныхоос 12 хувиар нэмэгдүүлжээ. Гэхдээ Африкийн бүс нутгаас БНАКонго улс хайгуулын салбарынхны сонирхлыг татаж байна.

Хайгуулын салбарт санаа зовних том асуудал бол сүүлийн 5-10 жилд томоохон нээлт хийгдээгүй. Энэ байдал үргэлжилбэл зэсийн нийлүүлэлт гүйцэхгүй байх эрсдэлтэй гэдгийг цохжээ. Эрэлтийг хангахын тулд зөвхөн зэс гэлтгүй бусад металлуудын эрэл хайгуулд 2026 он хүртэл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Орос, Украйны мөргөлдөөний нөхцөл байдал дэлхийн түүхий эдийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж байгаа. Бараг бүх үндсэн металл үйлдвэрлэлээр Орос нь дэлхийд тэргүүлэх 10 улсын нэг. Өнөөгийн байдлаар Орос улс Европ, Хойд Америк болон зарим орнуудын зүгээс эдийн засгийн хатуу хоригт орсон тул хамгийн өндөр эрсдэлийг Европын зах зээл мэдэрч байна. Европ нь цэвэршүүлсэн зэс, төмрийн хүдрийг голчлон Орос, Украйнаас экспортолж ирсэн юм. Дэлхий дахинаа үүссэн дайны шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор энэ онд хайгуулын хөрөнгө оруулалт өмнөх жилийн “үсрэлт”-ийн хэмжээнд хүрэхгүй гэж судлаачид үзэж байна. Хайгуулын хөрөнгө оруулалт татах гол эрдэс алт хэвээр байх бол лити, никель, ураны чиглэлд идэвхжих төлөвтэй байгаа аж.