Олон улсад үндсэн металлын хайгуулын хөрөнгө оруулалт хоёр дахь жилдээ буурчээ. S&P Corporate Exploration Strategies 2024 судалгааны (2025.02.21) тайлангаар, дэлхий дахинаа геологи хайгуулын нийт хөрөнгө оруулалт 12.5 тэрбум ам.доллар буюу өмнөх жилээс 3 хувиар буурсан байна. Анхан шатны хайгуулын ажил багасах нь ноцтой асуудалд хүргэж болзошгүйг S&P-ийн менежер Эйлин Грейс Дела Круз анхааруулжээ. Өндөр эрсдэлтэй хайгуулын ажилд жуниор компаниуд хөрөнгө оруулалтаа бууруулж буйгаас шинэ нөөцийг нээж тогтоох боломж багасаж байгааг тайланд онцолжээ. Энэ нь компаниуд эрсдэлтэй төслүүдээс зайлсхийн оронд нь одоогийн ордуудад анхаарлаа хандуулснаар критикал металлын хэтийн нийлүүлэлтийг бууруулж болзошгүй хандлага гэж судлаачид үзэж байна.
2025 онд ч хайгуулын хөрөнгө оруулалт буурах магадлалтай гэсэн таамгийг S&P дэвшүүлжээ. Учир нь жуниор компаниуд хөрөнгө босгоход хүндрэлтэй байна.
Ийм нөхцөл байдлын зэрэгцээ дэлхий дахинаа өсөн нэмэгдэж буй үндсэн металлын хэрэгцээг хангах нөөцийг шинээр нээн илрүүлэх шаардлага бий. Тэгвэл томоохон компаниуд илүү дараагийн шатны төслүүдэд хөрөнгө зарцуулсаар буй.
Бүс нутгаар авч үзвэл, Латин Америк орнууд хайгуулын хөрөнгө оруулалтаар тэргүүлсэн хэвээр байгаа бол Канад, Австралийн жуниор компаниуд төсвөө ихээхэн танасан байна.
Өнгөрсөн жил алтны ханш 2700 ам.доллар хүрч дээд амжилт тогтоосон ч шар металлын хайгуулын хөрөнгө оруулалт 5.6 тэрбум ам.доллар болж 7 хувиар буурчээ. Энэ салбарт жуниор компаниудын зарцуулалт 21 хувиар буурч 1.8 тэрбум ам.доллар болсон байна. Алтны хайгуулаар Канад улс 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар тэргүүлсэн ч ч өмнөх жилээс 16 хувиар буурчээ. Нэмж дурдахад алтанд төвлөрсөн компаниудын тоо ч 8 орчим хувиар буурч 1235 болсон аж.
Ногоон шилжилтэд чухал үүрэгтэй металлын нэг зэсийн хайгуулын хөрөнгө оруулалт 2 хувиар өсөж 3.2 тэрбум ам.долларт хүрч, улмаар ордын хайгуулыг 12 хувиар нэмэгдүүлсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Литийн хувьд хайгуулын хөрөнгө оруулалт 30 хувиар өсөж анх удаа нэг тэрбум ам.долларын босгыг давжээ. Гэхдээ 2023 оны түвшний бараг тал хувь хүртэл буурсан байна. Никелийн хайгуулын хөрөнгө оруулалт 30 хувиар, кобальтынх 35 хувиар тус тус буурчээ.
Тэгвэл ураны хайгуулын хөрөнгө оруулалт өсөлттэй байна. Шар нунтгийн хайгуулын санхүүжилт 331 сая ам.долларт хүрч өмнөх жилийнхээс 33 хувиар өсжээ. Энэхүү өсөлт нь нүүрстөрөгчийг ангижруулах зорилтоор цөмийн эрчим хүчийг дахин анхаарч байгаатай холбоотой.