Чухал ашигт малтмалын 2025-2035 оны замын зураглалыг боловсруулжээ

Зургийн тайлбар: МЧАМА-ийн хоёр дахь удаагийн чуулган (2024.05.22)

“Чухал Ашигт малтмал: Эдийн засгийн нөлөө, хөрөнгө оруулалтын орчин, замын зураг” сэдэвт семинар МУИС-ийн Номын санд өчигдөр (2025.05.29) боллоо. Тус семинарыг Монголын чухал ашигт малтмалын ассоциаци (МЧАМА)-аас гурав дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэ удаагийн семинарын онцлог нь МЧАМА-аас Монгол Улс чухал ашигт малтмалын чиглэлээр баримтлах бодлого, стратеги, жагсаалтыг өнгөрсөн жил гаргасан. Энэхүү жагсаалт Засгийн газрын түвшинд очсон бөгөөд ойрын хугацаанд батлагдана гэсэн хүлээлттэй байгааг тус ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга М.Дагва хурлын үеэр хэллээ. Тэрээр үргэлжлүүлэн, “Бидний зүгээс “Монгол Улсын Чухал ашигт малтмалын чадавхыг нээх нь: 2025-2035 оны замын зураглал” төслийн баримт бичгийг урьдчилсан байдлаар боловсруулсан. Энэхүү баримт бичгийг энд цугласан хүмүүс, бусад сувгаар дамжуулан холбогдох хүмүүст хүргэнэ. Ингээд сарын хугацаанд олон талын байр суурь, саналыг авахаар ажиллаж байна” гэв. Замын зураглалд талуудын саналыг нэмж, төрийн холбогдох байгууллагаар Монгол Улсын чухал ашигт малтмалд баримтлах баримт бичгийг батлуулахаар төлөвлөсөн байна. 

Чухал ашигт малтмалын олборлолтоор АНУ 1950-1980 онд тэргүүлж байсан. Харин 1990 оноос хойш энэхүү салбарт БНХАУ-ын том орон зайг эзлэх болсон байна. Улмаар 2000 оноос хойш БНХАУ чухал ашигт малтмалыг зарим тохиолдолд геополитикийн хэрэгсэл болгон ашиглаж иржээ. 

Хурлын үндсэн илтгэлийг МУИС-ийн профессор, эдийн засагч Ч.Хашчулуун “Дэлхийн эдийн засаг дахь чухал ашигт малтмалыг үүрэг: Яагаад, одоо болон ирээдүйд чухал вэ” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр “Чухал ашигт малтмалыг эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлын үүднээс ач холбогдолтой, нийлүүлэлтийн сүлжээ нөлөөлөлд өртөмхий гэж тодорхойлсон байдаг. Энэ төрлийн ашигт малтмалыг төрөөс анхаардаг нь өвөрмөц болгодог. Манай хойд хөрш 2024 онд Засгийн газрын тусгай хөтөлбөр гаргасан. Үүний үр дүнд үндэсний хэмжээний тусгай хөтөлбөр боловсруулж, жилдээ 3000 тонн хүргэнэ гэсэн санаатай байна. Ингэснээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж, экспортолно гэж үзэж байна. 

Чухал ашигт малтмал өөрөө хөрөнгө оруулалтын өвөрмөц нөхцөл шаарддаг салбар учраас эдийн засгаас илүү геополитикийн талаас харах нь чухал байх. Чухал ашигт малтмалыг аж үйлдвэржсэн, технологитой улсууд ярихад болж байна. Гэтэл манай улс ийм төрлийн бизнес эрхэлдэггүй, сонирхохгүй байна. Манайх энэ салбарт олборлож, экспортолж, хөрөнгө оруулалт татсан юм алга. Манай Засгийн газар Хятадын Баян-Овоо шиг орд байгуулъя гэсэн санаа байхгүй. 

Манай улс нийлүүлэгч гэсэн үүднээс хандаж болно. Нийлүүлэгчийн хувьд өөрийн гэсэн асуудал үүсдэг гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн нийт нийлүүлэлтийн 90 хувь нь Хятад гэсэн ганц улсад байна. Нэмээд хойд хөрш улсын тусгай хөтөлбөр зарлачихсан байхад манайх хажуугаас нь орвол сайн зүйл үзэхгүй байх. Манай улс ашиглах боломжийг 15 жил идэвхтэй ярьж байгаа боловч геополитик, хөрөнгө оруулалт, улс төрийн орчин, хүнд суртлаас болж ахиц гаргаагүй. Боловсруулахад эсэргүүцэлтэй тулгарах учраас олборлоод эхний шатанд Англи, Япон руу гаргахад ямар ч асуудал байхгүй. Гэхдээ олборлолтоо хүртэл эхлүүлж чадахгүй байна. 

Чухал ашигт малтмалын салбарт хувийн компаниуд ажилласан нь зөв болов уу, гэж судлаачийн зүгээс боддог. Төрийн компаниуд улс төрийн дарамт, шахалтад байдаг. Монгол Улс чухал ашигт малтмалыг олборлоод, хөгжүүлье гэвэл хувийн хэвшлийг оруулах нь зөв. Хувийн хэвшлийг оруулахдаа тэднийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй” гэв. 

Чухал ашигт малтмалаас зэс хамгийн эрэлттэй байх төлөвтэй байна. Тэгвэл зэсийн үнийн хэтийн төлөв 2026 онд 11.5 мянган ам.доллар, 2030 онд 15.8 мянган ам.доллар байхаар BMI-аас тооцоолжээ. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл, дэд бүтэц, барилгын салбарын өсөлтөөс үүдэн 2030 он хүртэл 6-8 хувиар өсөх хандлагатай байна. 

Түүний дараа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Геологи, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян “Монгол Улсын 2050 он хүртэлх эдийн засгийн боломжууд: Чухал ашигт малтмалын үүрэг” сэдвээр илтгэлээ. Тэрээр хэлэхдээ, “Монгол Улс цаашид орлогын эх үүсвэрийг хангаж, тогтвортой байхын тулд бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд 2030 оноос эхлэн критикал ашигт малтмалын оролцоог нэмэгдүүлж, 2050 он гэхэд ашигт малтмалын орлогын 16 хувийг энэ төрлийн бүтээгдэхүүнээс бүрдүүлэхээр тооцож байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс критикал ашигт малтмал гэдэгт зэс, ГХЭ, лити, графит, магни, манган, никель, вольфрам, жонш, ураныг авч үзсэн. Энд нэрлэсэн ашигт малтмалын хайгуул, олборлолтод төвлөрч ажиллахаар байна. Манай улсад нөөц тогтоогдохгүй ашигт малтмалд нөөц тогтоох гэж эрэх шаардлагагүй. 2030 он гэхэд критикал ашигт малтмал экспортлохгүй юм гэхэд тодорхой хэмжээний нөөц бүрдүүлчихсэн байна. Нөөц бүрдүүлчихсэн байвал цаашид эдийн засгийн үйл ажиллагаанд оруулах бололцоотой. 

Критикал ашигт малтмалд хувийн хэвшлийн оролцооны тухай ярьдаг. Энэ асуудал өөрөө хоёр талтай. Төрийн компаниуд ч адилхан бизнес хийж байгаа. Бид олборлож, боловсруулж, экспортолж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Тэгэхээр бизнесийг урт хугацаанд, тогтвортой авч явахын тулд хувийн бизнестэй адилхан үйл ажиллагаа явуулдаг. Төрийн өмчит компаниудыг геологи, хайгуулын ажил хийдэг гэдэг. Бид улсад татвар төлчхөөд тодорхой хэмжээний ашгаас зарцуулдаг” гэв. 

“Азийн Батарей Металс” ХК-ийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Азийн эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалын нөөцийг илрүүлэх, хөгжүүлэх: Дэлхийн хөрөнгө оруулалтын орчин ба Монгол Улс” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр хэлэхдээ, “Мичиганы Их Сургуулиас эрчим хүчний шилжилтэд урт хугацаандаа дутагдах түүхий эдийн судалгаа хийсэн. Энд зэс хамгийн их дутагдана гэж гарсан. Монголын геологийн тогтцыг аваад үзвэл хамгийн байх боломжтой эрдэс нь нүүрс, зэс хоёр. Нэг ёсондоо хамгийн чухал гэж хэлж болох элемент нь зэс. Алт гэдэг хөтөлбөр богино хугацааны татварын урсгалыг арилгахад хэрэгтэй байж болно. Урт хугацаандаа, улсын өрсөлдөх чадварыг сайжруулъя гэвэл зэс хөтөлбөрийг зөв гаргаж ирэх хэрэгтэй. 

Эрчим хүчний шилжилтэд зэс хамгийн бага хэрэглэгдэх хувилбарт топ-10 уурхайтай тэнцэх 1.1 уурхай ашиглалтад орох шаардлагатай гэж тооцсон. Дан салхин сэнс, цахилгаан машин явахаар үзвэл жилд 22 уурхай ашиглалтад орж байж хэрэгцээг хангана. Үндсэндээ эрчим хүчний шилжилтийн чухал түүхий эд нь зэс. Манай улсын нөөц, бололцоо өндөр” гэв. 

Хуралд чухал ашигт малтмалын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Халзан бүрэгтэй” төслөөс дэд захирал Ч.Мөнхжаргал оролцоо. Тэрээр “Ногоон эрчим хүчний шилжилтийг хурдасгах газрын ховрын тогтвортой хангамжийн сүлжээг байгуулах нь” сэдвээр илтгэл тавьсан. Ч.Мөнхжаргал “Ховд аймаг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, олон улсын нисэх онгоцны буудал байгуулахаар төлөвлөж байгаа. Манай төсөл Баруун бүсийн эрчим хүчний сүлжээтэй ойрхон, мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслөөс 40 км-т, 12 МВт-ын Дөргөн УЦС-аас 107 км-т байрлаж байна. 

Манай төслийн хагас үйлдвэрлэлийн туршилт эхэлсэн. Зургаадугаар сараас хөвүүлэн баяжуулалтын туршилт эхэлнэ. Хөвүүлэн баяжуулалт дууссаны дараа дундын боловсруулалт руу орно. Төсөл ТЭЗҮ боловсруулах дунд шатандаа явж байна. 2023 оны урьдчилсан судалгаагаар 13 мянган тонн бүтээгдэхүүн, 20 жилийн турш уурхайлах боломжтой гэж тооцоолсон. Хэдийгээр бид нийлмэл исэл үйлдвэрлэнэ гэж тооцоолсон ч карбонат байж болно. Монгол Улс боловсруулах, нэмүү өртөг шингээх бодлого баримталж байгаа учраас энэ талын судалгаа хийж байна” гэв. 

Чухал ашигт малтмалын гурав дахь удаагийн семинарт “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ыг төлөөлж дэд профессор Б.Батболд, Их Британийн Бирмингемийн Их Сургуулийн Стратегийн элемент ба чухал ашигт малтмалын судалгааны төв, Чухал түүхий эдийн судлаач Гавин Харпер, “Мканго Ресурс” ХХК-ийн (TSX-V/AIM), шинжээч Энзо Саткуру-Гранзелла, МУУҮА-ийн дэд захирал П.Оюунбилэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор Б.Оюунжаргал, “Хүний эрх хөгжил төв” ТББ–ын тэргүүн Г.Уранцоож, МГТИС-ийн профессор М.Баярмөнх нар оролцлоо.