Г.БААТАР
Нүүрснээс хамааралтай Индонез улсыг 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, нүүрсхүчлийн хийг саармагжуулах түвшинд хүрэхэд нь 20 тэрбум ам.долларын багц өгөхөө хөгжилтэй орнууд амлажээ.
Египетэд болж буй НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх COP27 хуралтай зэрэгцэн зохион байгуулагдаж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр эхлүүлсэн уг багцад 10 тэрбум ам.долларын төрийн санхүүжилт, цаашлаад 10 тэрбум ам.долларын хувийн хэвшлийн санхүүжилт багтсан гэж АНУ-ын Цагаан ордон мэдэгдсэн байна. "Их 20-ийн удирдагчид дэлхийн бага, дунд орлоготой улс орнуудад дэд бүтцийг сайжруулах асар их хэрэгцээг хангахын тулд хамтдаа хөрөнгө оруулалт хийх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн. Энэхүү алсын хараатай хүчин чармайлтад нэгдэхийг бид урьж байна" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэлдээ дурджээ.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Индонез улс 2030 он гэхэд эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах ба эрчим хүчний 1/3-ийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэх үүрэг хүлээж байна. Тус улс нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч юм.