Индонезийн эрчим хүчний нүүрсний үнэ, эрэлт Хятадад өсөж байна

Г.БААТАР

Хятадын худалдан авалттай холбоотой Индонезийн эрчим хүчний нүүрсний үнэ өсөж байна. Сүүлийн хоёр сарын турш буурах хандлага ажиглагдсан Индонезийн эрчим хүчний нүүрсний үнэ энэ долоо хоногт эерэг өөрчлөлтийг үзүүлэв. Тус улсын 4600 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрсни үнэ 120 ам.доллар давжээ.   

Индонезийн эрчим хүчний нүүрс үнэ, эрэлт нэмэгдсэн нь түр зуурын төлөв гэж шинжээчид үзэж байна.

Түүнчлэн, Европын орнуудын нүүрсний эрэлт нэмэгдсэнээс өнгөрсөн аравдугаар сард Индонезийн эрчим хүчний нүүрс 330 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон юм.

Арваннэгдүгээр сарын сүүлчээс хүйтний урсгал Хятадын 20 гаруй мужийг хамарчээ. Улмаар ихэнх нутгаар хүйтний эрч чангарснаар Хятадын нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь Индонезоос импортлох эрчим хүчний нүүрсний үнэ, эрэлт өсөхөд нөлөөлжээ. Арваннэгдүгээр сарын 28-наас хойш Хятадад эрчим хүчний нүүрсний үнэ 8-10 ам.доллароор өсөөд байна.