Эрчим хүчний нүүрс цойлсон “цонх үе”

Түүхэндээ анх удаа дэлхийн зах зээл дээр коксжих болон эрчим хүчний нүүрсний ханш эн тэнцээд байна. Есдүгээр сард Ньюкасл боомтод эрчим хүчний нүүрсний фючерсийн үнэ 466 ам.долларыг шүргэн алдлаа. Одоогоор хамгийн дээд үзүүлэлтэд тооцогдох ч үүнийг салбарынхан эхний өсөлт гэж харж байна. Айсуй өвөл даарч хөрөхөөс болгоомжилсон хөгшин тивийн эрэлт нүүрсний үнийг цааш ч хөөргөх төлөвтэй. Европ тивийнхэн Монголоос ч боломж бололцоог хайж байна. Германы компаниуд Индонезийн нүүрсний фючерсийг худалдаж авснаар Хятад руу нийлүүлэх Индонезийн нүүрс нэлээд хэмжээгээр буурч болзошгүй. Оросын эсрэг хоригоос үүдэн Япон, Өмнөд Солонгосын хатуу түлшний хэрэглээ бүхэлдээ импортоос хамаарч байна. Дэлхий дахинаараа ногоон шилжилтийг ярьж эхэлснээс хойш эрчим хүчний нүүрс нь бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг, үнэ цэнд цойлсон “цонх үе” гадаад зах зээл дээр үүсээд байгаа нь энэ. Энэ нь Монгол Улсын хувьд коксжих нүүрсний зэрэгцээ эрчим хүчний нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломж юм. Эрчим хүчний үйлдвэрлэгч хийгээд экспортлогч орон болох нөхцөл шилжилтийн хугацаанд бүрдэж мэдэх нь. Боломжийг ашиглах уу, алдах уу гэсэн сонголтын өмнө иржээ. Эрчим хүчний хувьсгал биднийг хуучин зүйлсээ эргэн харахад хүргэж байна.

Хятад Улсаас Монгол Улсад ээлж дараалан өндөр дээд хэмжээний айлчлал хийгдэх үеэр хоёр улсын хооронд урт хугацаанд нүүрс нийлүүлэх асуудал хөндөгдлөө. Сүүлд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад албан ёсоор айлчлах үеэр 2025 он хүртэл Монголоос Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг жил бүр 40-70 сая тонн байх квотыг харилцан тохиролцохоор санал солилцов. Хятад улс жилд дунджаар 70 орчим сая тонн коксжих нүүрс импортолдог. Манай улсын хувьд коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрс нийлүүлэх орон зай Хятадын зах зээл дээр байна. Монголын экспортын нүүрс Хятадын нийт хэрэглээний ердөө 3 хувийг, тэр дундаа эрчим хүчний нүүрсний импортынх нь 1 хувийг бүрдүүлж буй. Далай шиг зах зээлийн багахан өөрчлөлт нь дусал мэт манай нийлүүлэлтэд эерэгээр эргэх талтай юм. Өнгөрсөн онд Хятадын дотоодын нүүрсний олборлолт 4 тэрбум тонн давжээ. Тухайн жил 560 сая тонн коксжих нүүрсний хэрэглээнийхээ 10 хувийг импортолсон. Эрчим хүчний нүүрс гэхэд 300 сая тонныг гаднаас авдаг. Хятадын нүүрсхүчлийн хий хамгийн ихээр ялгаруулдаг салбар нь эрчим хүч болон гангийн үйлдвэрлэл юм. Сүүлийн 20 жилд хотжилт идэвхтэй явагдсанаар гангийн хэрэглээ 10 дахин нэмэгджээ. Өдгөө үл хөдлөх хөрөнгийн салбар нь уруудах мөчлөгтөө шилжиж байна. Шилэн байшин барилгууд сүндэрлэсэн шинэхэн хотуудад шингэх гангийн эрэлт тогтворжин, өмнөх жилүүд шиг өндөр өсөлт үзүүлэхгүй болов. Тиймээс ч Хятад Улс түүхий гангийн үйлдвэрлэлийг бууруулах бодлого барьж байна. Өнгөрсөн онд 1 тэрбум тонн ган үйлдвэрлэхдээ 3 хувиар танаж, тухайн жилийн зорилтоо биелүүлсэн. Өнөө жил гангийн үйлдвэрлэл дээрээ тодорхой зорилт зарлаагүй ч өмнөх жилийн хэмжээнээс давахааргүй байна. Оны эхнээс 609 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар доошилжээ. Коксжих нүүрсний хэрэглээний 95 хувь гангийн салбарт ногддог. Хятад ган үйлдвэрлэлээ коксжих нүүрсгүй технологи руу эрчимтэй шилжүүлэх хөтөлбөрийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

“Түдэй Тинк Танк”-ийн мэдээллээр, гурван жилийн дараагаас Хятадын ган үйлдвэрлэл дэх нүүрсний хэрэгцээт хэмжээ жилд 30 сая тонн болж багасна. Гангийн үйлдвэрлэлээ танах бодлогын улмаас Хятадын коксжих нүүрсний эрэлт дорвитой өсөхгүй ч Монголын нүүрсэнд орон зай бүрэн дүүрэн бийг “Фэнвэй Дижитал Информэйшн Сервисез” компани Coal Mongolia 2022 дээр тэмдэглэсэн.

Тээвэрлэлтийн зай, зардал талаасаа дөт нийлүүлэлт урт хугацаандаа байсаар байна гэж үзэж байна. Эхний долоон сард Хятад 138 сая тонн нүүрс импортолсноос 32 сая тонн нь коксжих нүүрс аж. Өмнөх жилийн 55 сая тоннтой харьцуулбал энэ оны сүүлчээр Хятадын коксжих нүүрсний импорт мэдэгдэхүйц өсөх магадлалтай байна. Дайнаас улбаатай геополитикийн амаргүй нөхцөлд хил залгаа Монгол, Оросын нүүрсийг авахыг илүүд үзэх нь зүйн хэрэг. Бүх төрлийн нүүрсний нийт нийлүүлэлтээр Орос манлайлж, Австралийн нүүрс үндсэндээ Хятадын зах зээлээс шахагджээ. Австралийн нүүрсний эсрэг импортын хэсэгчилсэн хоригоо Хятад цуцлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Хятадын импортын бүтэц Австралийн нүүрснээс үл хамаарахаар болж бүхэлдээ өөрчлөгдсөн. Коксжих нүүрсний нийлүүлэлт Канад, АНУ, Индонез, Колумбиас нэмэгдсэн бөгөөд 32 хувийг Орос, 31 хувийг Монгол бүрдүүлж байна. Хоёр хүрэхгүй жилийн өмнө Хятадын импортын тэн хагас нь ногддог байсан Австралийн нүүрс хамгийн бага буюу 6 хувьд хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Хурдтай хөдөлж байр сууриа ахиулсныг хойд хөршийн нөхцөл байдал харуулж байна. Харин эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтээр Индонез, Орос тэргүүлж буй бол 1 хувийг нь Монгол Улс эзэлж байна. Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэгдсэн 33 тэрбум тонноос 17 тэрбум нь эрчим хүчний нүүрс юм. Манай улс жилдээ 40 сая тонн нүүрс олборлодог ч уурхайнуудын хүчин чадал 80 сая тонн. Дотоодын хэрэглээний 10 сая тонн нүүрсийг эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг. Улсын орлогын 1/3-ийг нүүрсний экспортоос бүрдүүлж байна.
Коксжих нүүрсний экспортын хувьд зөвхөн Хятадын зах зээлд гардаг. Хамгийн ихдээ 36 сая тонн нүүрс экспортолж байв. Нүүрсний голлох худалдааны Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Булган, Бичигт боомтын зорилтот хүчин чадал нийлээд 210 сая тонн гэхээр нийт хүчин чадлынхаа 20 хувийг л ашиглаж байна. Энэ оны улсын төсөвт 34 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч 18 сая болгож тодотгоод байна. Гэтэл ашиглалтад орох, үйл ажиллагаа явуулахад бэлэн эрчим хүчний нүүрсний 39 уурхайд гадаад, дотоодын нийт 702 сая ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Хөрсөнд сул “хэвтээ” хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсад тэрбумаар хэмжигдэх орлогын том эх үүсвэр нээгдэх шийдлийг “Биг Могул Фанд” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Соал Mongolia” 2022 хурал дээр дэвшүүлсэн юм. Эхний жилд нь жилд 15 сая тонн эрчим хүчний нүүрс экспортлох боломжтой гэж үзэж байна. Энэ нь боомтуудаас 150-300 км радиуст орших эрчим хүчний нүүрсний уурхайнуудын хүчин чадлыг тооцсон дүн юм. Замын-Үүд боомтоор нүүрс экспортолдог компаниуд бүгд эрчим хүчний нүүрснийхэн. Бичигт боомтын хувьд хүрэн нүүрсний олон тоглогчтой байх боломжтой. Ханги боомт орчмын бүс нутаг нэлээд уурхайтай. Тухайлбал ашиглалтад бэлтгэж байгаа эрчим хүчний нүүрсний томоохон Баянбогд уурхай мөдхөн нээгдэнэ. Гашуунсухайт боомтоор Монгол Улсын коксжих нүүрсний гол экспорт хийгддэг ч “Эрдэнэс Тавантолгой” компани эрчим хүчний нүүрс гадаад зах зээлд нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийж байгаа тул удахгүй тээвэр эхлэх хүлээлттэй байна. Шивээхүрэн боомтын экспортын багагүй хувийг эрчим хүчний нүүрс эзэлдэг. Бургастай боомтын хувьд мөн эрчим хүчний нүүрсний экспорт хийгдэх боломжтой. Эрчим хүчний нүүрсний үнийг дунджаар 66 ам.доллар/тонн гэж тооцоход эдгээр 7 боомтоор 15 сая тонн эрчим хүчний нүүрс экспортлоход жилдээ 900 орчим сая ам.долларын орлогын бодитой боломж байгаа юм. Хоёр дахь шийдэл нь уурхай түшиглэсэн цахилгаан станц байгуулж, эрчим хүч экспортлох. Манай улсын хүрэн нүүрсний гол нөөц төв, зүүн бүс нутгаар (Төв, Дорноговь, Дорнод, Хэнтий) тархсан байдаг. Энд өнгөрсөн хугацаанд хөгжүүлэлт хийсэн уурхайнуудаас экспортын чиг баримжаатай тодорхой төслүүдийг ялган авч, мега төслийн хэмжээнд төсөөлжээ. Эрчим хүчний нүүрсний нийт 5.7 тэрбум тонн нөөц бүхий 7 төслийг хэрэгжүүлснээр жилд 30 сая кВатт цахилгаан Хятад руу экспортлоход 3 тэрбум ам.долларын орлого олж болно. Төслүүдийн хөгжүүлэлтэд 3-4 жил зарцуулна. Сүүлийн 20 жилд цахилгаан станц байгуулах, улмаар эрчим хүч экспортлох зорилттой 7-гоор тогтохгүй төсөл яригдсаар ирсэн. Өнөөг хүртэл ажил болоогүй шалтгаан нь экспортлох зах зээлийн бүтцийг бүрэн судлаагүй, дутуу ойлгосных юм. Хятад нь төрийн өмчит компанид суурилсан эдийн засагтай. Аливаа том төслийг төрийн компаниуд нь голдуу хэрэгжүүлдэг.

Харин манайхны хувьд хэсэг бусгаар, уялдаа холбоогүй хөөцөлддөг тул бодит ажил хэрэг болсон юмгүй төслүүд царцанги байдалтай байна. Тиймээс төр, хувийн хэвшил хамтарсан “Супер холдинг” компани байгуулж, түүндээ 7 төслөө нэгтгэн Хятадын Засгийн газартай, төрийн компаниудтай “нэг цонхоор” гэрээ хэлэлцээр хийх саналтай байгааг “Биг Могул Фанд” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх уламжлав. Ингэхдээ Монгол, Хятад улсын хамтарсан компани эзэмших 800кВ хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам татна. Тэрхүү сүлжээндээ 7 төсөл холбогдож байж эрчим хүчээ гадаад руу борлуулж чадна гэж үзэж байна. WEC, IIASA-ийн хамтарсан судалгааны дүнг харвал, 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч тэргүүлж, атомын цахилгаан станц удаалж, нүүрс гуравдугаарт эрэмбэлэгдэхээр байна. Энэ нь нүүрс эдийн засгийн эргэлтээс бүрэн гарна гэсэн ташаа ойлголтыг няцааж, гагцхүү хэрэглээ өөрчлөгдөхийг илэрхийлж байна.

Мэдээж улс орнуудын хөгжлийн түвшнээс хамаарч нүүрсний эрэлт, хэрэгцээ харилцан адилгүй байх нь зүйн хэрэг.

XX зууны сүүлч хүртэл дэлхийн эдийн засаг Европ болон Хойд Америкийн орнуудад төвлөрч ирсэн билээ. Эдгээр орнуудын аж үйлдвэржилт дэлхийн дулааралд үлэмж хувь нэмэртэй байж ирсэн. Тиймээс хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг сааруулахгүйгээр бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй болоход цаг хугацаа олгох нь шударга ёсны шаардлага гэдгийг СОР 26 хурал дээр Энэтхэг улс илэрхийлсэн юм.

Эрчим хүчний аюулгүй байдал, түүний баталгаа хэчнээн чухал болохыг өнөөгийн геополитикийн нөхцөл, үүнээс улбаатай Европын тулгамдсан асуудлаас тодорхой харж байна. Хятад энэ онд дотоодын нүүрсний үйлдвэрлэлээ 300 сая тонноор нэмэгдүүлсэн нь гадаад хурцадмал нөхцөл байдалд нөөцөө баталгаажуулсан хэрэг юм.
Сүүлийн жилүүдэд хөгжингүй орнуудын тоо нэмэгдсээр байна. “Next eleven” гэгдэх орнууд буюу Мексик, Индонез, Өмнөд Солонгос, Турк, Бангладеш, Египет, Иран, Нигер, Пакистан, Филиппин, Вьетнам улсын нийт хүн ам 1.46 тэрбум, нэрлэсэн ДНБ 6.5 их наяд ам.долларт хүрчээ. Ирээдүйд Европт эрчим хүчний хэрэглээ харьцангуй тогтвортой байх бол Азийн залуу эдийн засгуудын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь өндөр хэвээр байна. Ойрын жилүүдэд эрчим хүчний нүүрс нь Ази, Африкийн эрчим хүчний үйлдвэрлэлийн багцад байсаар байх болно гэж шинжээчид дүгнэжээ. 30 жилийн дараа дэлхий даяар 700 сая цахилгаан авто машин зорчино. Томоохон цэнэг хураагуурын шийдлүүд улс орнуудад нэвтэрч эхэллээ. ESG-ийн шалгуураар уул уурхайн үйлдвэрлэлд цахилгаан техник, тээврийн хэрэгслийг өргөнөөр ашиглана. Энэ бүхэнд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Одоогийн таамаг, төсөөллөөс ч хурдтай өсөх магадлалтай юм. 

Mining Insight сэтгүүл, 2022.09