Platts: 2024 онд анх удаа дэлхийн литийн үйлдвэрлэл сая тонн давна

Г.БААТАР

Литийн үнэ гурвантаа дээд амжилтаа эвдэж, жилийн 150 хувийн өсөлтөөр 2023 оныг угтсан. Эрэлт хэрэглээг дагаад энэ жил дэлхийн литийн нийлүүлэлт нэмэгдэх тул үнэ 57.4 мянган ам.долларт суларч болзошгүйг Хятадын үйлдвэрлэгч Sinomine Resource-ийн захирал Ван Пинвэй таамаглажээ. Бүр 11 мянган ам.доллароор үнэлэгдэх ч төлөвийг Goldman Sachs дэвшүүлсэн байна. Сүүлийн 3 жилийн дотор дэлхийн литийн зах зээл 5-6 дахин өргөжсөнийг Albemarle-ийн захирал Норрис онцолжээ.

Benchmark Mineral Intelligence-ийн мэдээллээр 2018-2020 онд литийн үнэ 25 мянган ам.доллароос 6000 хүртэл огцом буурч байсан бол өнгөрсөн хоёр жилд ханш 13 дахин өссөн. Тэгвэл Хятадын эдийн засгийн удаашрал литийн зах зээлд сөргөөр нөлөөлөх эрсдэл байгааг S&P Global анхааруулж байна.

Өнгөрсөн онд литийн зах зээл дээр 15 мянган тонн хомсдол үүсжээ. Харин 2023 онд үйлдвэрлэл нэмэгдсэнээр 2000 тонн хомсдол гарахыг Platts тооцоолсон байна. 2022 онд дэлхийн хэмжээнд 691 мянган тонн лити үйлдвэрлэжээ. Энэ жил 915 мянган тонн хүрэх төлөвтэй төдийгүй 2024 онд литийн үйлдвэрлэл анх удаа сая тонн давж магадгүй гэсэн таамгийг Platts-аас дэвшүүлсэн байна.
Томоохон үйлдвэрлэгч улс Хятадын хувьд литийн олборлолтоо нэмэгдүүлэхэд анхаарч байгаа бөгөөд 2025 он гэхэд дэлхийн нийлүүлэлтийн бараг 3/1-ийг бүрдүүлэх магадлалтайг UBS банк тооцоолжээ.

Тус улсын хяналтад буй уурхайнууд, тэр дундаа Африк дахь төслүүд 2022 онд 194 мянган тонн лити олборлосон бол 2-3 жилийн дараа олборлолтын хэмжээгээ 705 мянган тоннд хүргэх төлөвтэй байна. Ингэснээр дэлхийн хомсдол нийлүүлэлтийн 32 хувийг Хятад дангаар бүрдүүлэх аж.