Г.БААТАР
Хятадын зах зээл дээр 2 жилийн хугацаанд 1300 хувиар өссөн литийн үнэ огцом буурч эхэлжээ.
Asia Metal-ийн мэдээллээр, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүхэн дээд амжилт тогтоосноос хойш литийн үнэ ердөө дөрвөн сарын дотор 2 дахин буураад байна. Ханш унаж байгааг үндсэн хоёр шалтгаанаар шинжээчид тайлбарлажээ. Нэгт, зах зээл дээр литийн нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байна. Хоёрт, Хятадын цахилгаан машины үйлдвэрлэлийн огцом өсөлт сулрах шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ.
Хятадын зах зээл дээр нийлүүлэлтийн өсөлтийн төлөв нь эрэлт багасаж буйтай давхацсан тул литийн үнэ хурдацтай буурч байна.
Энэ нь цахилгаан машин болон батарей үйлдвэрлэгчдэд зардлаа хэмнэхэд ашигтай тусаж буй ч литийн үнэ 2020 оны доод түвшинтэй харьцуулахад өндөр хэвээр юм. Шинэ төслүүд хэрэгжихийн хэрээр литийн нийлүүлэлт энэ жил мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байна.
Энэ оны дөрөвдүгээр улиралд ойролцоогоор 200 мянган юань буюу түүнээс доош унах магадлал өндөр буйг Хятадын цахилгаан машины томоохон үйлдвэрлэгч Nio группын Гүйцэтгэх захирал Уильям Ли мэдэгджээ.