Эрдэнэс Тавантолгой компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгана


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж онцгой дэглэмийн хугацаа болон бүрэн эрхт төлөөлөгчийг дахин 6 сараар сунгах шийдвэр гаргалаа. 
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны (2023.04.11) хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайлан мэдээлэл хийсэн юм. Тайланг ЭТТ-н Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцуулсан байна.
Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгч томилсон юм.

Онцгой дэглэмийн таван сарын хугацаанд ЭТТ-н борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин нэмэгджээ. Нийт 1,260.6 сая ам.доллар бүхий 13 сая тонн нүүрс борлуулсан байна.

Монголын хөрөнгийн биржээр нээлттэй цахим арилжааны хүрээнд нийт 7 удаагийн арилжаагаар 416 мянган тонн нүүрс борлуулж 53.9 сая ам.долларыг орлого олжээ. Улмаар орлого 20.9 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр нүүрсийг 100-115.83 ам доллар-тонн үнээр борлуулж байсан бол нээлттэй цахим арилжаагаар хил нөхцөлөөр худалдахдаа 178.6-182.1 ам.доллар үнэ хүргэжээ.
Өнгөрсөн жил ЭТТ нийт 6.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, баталсан төсвөөс 7 сая тонноор илүү буюу нийт 13.5 сая тонн нүүрс экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлжээ.Харин энэ онд 14.1 сая тонн нүүрс борлуулахаар тооцсон бөгөөд эхний улирлын байдлаар 7.5 сая тонн нүүрс борлуулж оны төгсгөлд 24-30 сая тоннд хүргэх зорилттой ажиллаж байна.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.

Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс