“Газрын ховор элементийн судалгаа-Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна. Хурлаар ГХЭ-ийн төрийн бодлого, хэрэгжилт, геологи боловсруулалт, баяжуулалт газрын ховор элементийн судалгаа гэсэн гурван үндсэн салбарын хүрээнд 13 илтгэл тавигдах юм.
Хурлын эхний хэсэгт анхаарал татсан зарим асуудлыг хөндлөө.
Монгол Улсын Мушгай худаг, Хотгор, Лугийн гол, Халзан Бүргэтэй, Улаан дэл, Цагаан чулуут ордын ГХЭ-ийн нийт нөөц 2.2 сая тонн байгаа нь дэлхийн нийт нөөцийн 1.9 хувийг бүрдүүлж байна. Энэ нь 2009-2017 онд хийсэн судалгааны үр дүн юм. АНУ-ын Геологийн албаны гаргасан 2021 оны АНУ-ын нөөцтэй ойролцоо хэмжээ аж.
БНХАУ-ын ГХЭ-ийн үйлдвэрлэх квотыг эрс нэмэгдүүлсэн ч дангаараа дэлхийн хэрэгцээг хангаж чадах уу. АНУ-ын батлан хамгаалах, эрчим хүчний салбар ГХЭ-ийн технологи хөгжүүлэх, боловсруулалтад зориулж 2020-2022 онд 556 сая ам.долларыг төсөвлөсөн зэрэг нь Монгол Улс тоглогч болох олон улсын нөхцөл, шаардлага байгааг харуулж байгааг оролцогчид онцолсон.
Халзан бүрэгтэйн ордыг эхний ээлжинд ашиглавал бусад ордуудыг ашиглах жишиг болж болно. Үүнээс өмнө цацрагийн стандарт тодорхойгүй байгааг төр шийдвэрлэх шаардлагатай. Монгол орны ГХЭ-ийн хүрээг тэлэхийн тулд хүдэржилтийн төрлүүдийг шинээр судлан тогтоох хэрэгтэйг ч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Илтгэлийн үеэр хурал удирдагчид Монгол Улсад газрын ховор элементийн анхны эрдэм шинжилгээний хурал болж байна хэмээн тодотгож байлаа. Мөн ГХЭ-ийг олонд таниулах үүднээс илтгэлүүдийг оюуны эрхийн зөвшөөрлийн дагуу цахим орчинд байрлуулна гэсэн юм.
Газрын ховор элементийн судалгаа-Аж үйлдвэржилтийн сэргэлт” хурлыг УУХҮЯ, ШУА, Эрдэнэс Монгол, ШУТИС, МГТИС, МУИС, Геологийн судалгаа-шинжилгээний төв хамтран зохион байгуулж байна.