Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 70-120 дахин нэмэгдүүлсэн


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулах, санал авах, АМНАТ-ийн зохистой хувь хэмжээний талаарх судалгааны ээлжит нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр (2023.05.24) боллоо. Хэлэлцүүлгийн оролцогчоор Америк, Австрали, Европын худалдааны танхим, МҮХАҮТ, эдгээрийн гишүүн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцсон.

Хэлэлцүүлгийн эхэнд АМТХШН-ын төсөлд орсон нэмэлт, өөрчлөлтийг танилцууллаа. Тус танилцуулгад өмнө нь хийсэн хэлэлцүүлэг (2023.04.05) буюу компаниудаас гаргасан санал бодол туссан байлаа. Тухайлбал, цацраг идэвхт ашигт малтмалыг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулж байсныг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах болсон. Харин бусад цацраг идэвхтэй холбоотой асуудлыг Цөмийн энергийн тухай хуулиараа явна. Холбогдох албаныхан үүнд санал нэгдсэн гэсэн юм. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй баяжуулах үйлдвэрт тусгай зөвшөөрөл шаардахгүй болсон.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төрөлд “Баяжуулах” тусгай зөвшөөрлийг шинээр нэмсэн байв. Хэлэлцүүлгийн үеэр тусгай зөвшөөрлийн тоог нэмсэн нь хүнд суртал газар авахгүй юу хэмээн асууж байлаа. Гэтэл энэ нь хуульд зохицуулагдаагүй харилцаа үүсдэг байсныг, түүнчлэн бичил уурхайн асуудлыг шийдэх боломжтой гэж Ажлын хэсэг үзэж буй хэллээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөлд гарсан өөрчлөлтүүд:


- Одоогийн хуулиар эрлийг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хийдэг байсныг улсын болон хувийн хөрөнгөөр хийж болохоор зохицуулсан. Эрлийн ажлын үр дүнгээр хэтийн төлөв тогтоогдвол цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж олгохоор зохицуулсан.


- Нэг тусгай зөвшөөрөл олгох талбайн дээр хэмжээг 13 900 нэгж талбар буюу 100 мянгаас хэтрүүлэхгүй байхаар хуулийн төсөлд туссан.


- Хайгуулын ТЗ-ийг “өргөдөл, сонгон шалгаруулалт” гэсэн 2 төрлөөр, ашиглалтын ТЗ-ийг “сонгон шалгаруулалт”-аар олгох. Ингэхдээ геологийн суурь судалгаа хийгдсэн талбайд сонгон шалгаруулалтаар, бусад талбайд өргөдлөөр олгоно.


- Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг га тутамд үйл ажиллагаа явуулж буй жилээс шалтгаалан 6500 төгрөг, 13 000 төгрөг, 52 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн.

- Өргөдлөөр олгож байгаа талбайд хайгуулын ажлын зардлын доод хэмжээг нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрлийн төлбөрийг өндөр байлгана.

- Тусгай зөвшөөрлийн талбайд газрын төлбөр төлөхгүй бөгөөд тусгай зөвшөөрлийн талбайгаас гадна газар ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан төлбөр төлнө.

- Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 70-120 дахин нэмэгдүүлсэн нь хайгуул хийх компаниудыг үргээсэн шийдвэр юм биш үү гэж хэлэлцүүлгийн үеэр оролцогчид асууж байлаа. Үүнд, олон улстай харьцуулахад дундаж байгаа. Нэмсэн шалтгаан нь бодлогын хүрээнд хийгдсэн. Мөн та бүгд хайгуулын тусгай зөвшөөрөл ямар үнэтэй байж болох судалгаатай саналаа ирүүлэх боломжтой гэлээ. Шинэ хуульд нэгж талбар (unit) гэдэг шинэ нэр томьёог оруулж өгчээ.

Шинэчилсэн найруулгад шинээр орсон зарим өөрчлөлтүүдээс:

- Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь гектар тутамд жил бүр 104 000 төгрөг байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд гектар тутамд 14 500 төгрөг байна.

- Ашиглалт, баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хаалтын урьдчилсан төлөвлөгөөг уурхайн олборлолтын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш 5 жил тутам нарийвчлан тодотгоно.

- Баяжуулалтын үйл ажиллагааг баяжуулалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхэлнэ. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч баяжуулалтын үйл ажиллагааг эрхлэх тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан баяжуулалтын тусгай зөвшөөрөл шаардахгүй. Ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагааны явцад үүсэх үүсмэл ордыг бусад этгээд ашиглах тохиолдолд баяжуулалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглана.

- Баяжуулах тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаанд олгож, мөн хугацаанд сунгаж болно.

- АМНАТ ногдох орлогын зарчим зэс, цайр, цагаан тугалга, хар тугалга, молибден, гянтболдын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох орлогыг олон улсын зах зээлийн үнэ тогтоодог Лондоны металлын биржийн зарласан тухайн сарын дунджийг үндэслэнэ.

- АМНАТ-ийг суурь болон шатлан нэмэгдүүлэх төрөлтэй байхаар зохицуулсан. Суурь АМНАТ-ийн хэмжээ нь одоогийн хуультай ижил. Шатлан нэмэгдүүлэх АМНАТ-ийг суурь АМНАТ ногдох үнийн түвшингээс давсан хэсэгт ногдуулах байдлаар зохицуулж байгаа.

Сүүлийн байдлаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад 1200 гаруй санал ирсэн. Энэ 7 хоногт багтаан санал ирүүлэх боломжтой аж.