"Эрдэнэс Монгол" нэгдлийн “Асгат” төслийн нэгжийн зохицуулагч Б.Акжол, уулын инженер Д.Мөнхдэлгэр, геологич Ч.Буянбаатар, Э.Энхбаяр нар Асгатын мөнгөний ордын талбайд хийх хээрийн судалгааны ажлынхаа хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Армантай уулзаж, тус төслийн нэгжийн гүйцэтгэх үүргийн талаар танилцуулжээ.
“Асгат” төслийн нэгж нь мөнгөний ордод хээрийн судалгаа хийж, хүдэржилт бүхий хэсгээс дээж авах, авсан дээжид лабораторийн шинжилгээ хийлгэж агуулга тодорхойлох, уулын ам нээх, зам засах, топо геодези, гурван хэмжээст зураглал болон эрсдэлийн аюулгүй байдлын үнэлгээ хийх, ордын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэх нэмэлт хайгуул хийх зэрэг ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.1.5 дах заалтад “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийх, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх” гэж тусгагдсантай холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн (2023.06.20) 48 дугаар тогтоолоор “Асгат” төслийн нэгжийг хоёр жилийн хугацаатай байгуулсан юм. Төслийн хугацаанд Асгатын мөнгөний ордод ордын нэмэлт геологи хайгуулын ажлыг гүйцэтгэх, уул-геологи, уул-техникийн нөхцөл тодорхойлох, уурхайн баримт материалын зураг боловсруулах, нөөцийн тайлан, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж үйлдвэрлэлийн нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлно.
Эх сурвалж: Эрдэнэс Монгол нэгдэл