Уул уурхайн компаниудын худалдан авалт цахимжиж, хүртээмжтэй болж байна

С.БОЛД-ЭРДЭНЭ

Монголын эдийн засагт үзүүлэх уул уурхайн салбарын нөлөө улам бүр томорсоор байна. Нүүрсний үнэ болон биет хэмжээний огцом өсөлт, Оюутолгойн гүний уурхайн олборлолт нэмэгдсэнээр уул уурхайн экспорт энэ оны эхний 9 сард 11 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 93 хувийг бүрдүүлж байна. Төсвийн орлогод эзлэх уул уурхайн татварын орлого жил бүр нэмэгдсээр энэ оны эхний 8 сард 37 хувьд хүрээд байна. Энэ бол урьд байгаагүй үзүүлэлт. Үүнээс гадна энэ оны эдийн засгийн өсөлтийн 1/3-ийг нь зөвхөн олборлох салбар дангаараа бүрдүүлэхээр байна. Энэ нь Монголын эдийн засаг уул уурхайгаас хамаарах хамаарал улам бүр нэмэгдсээр байгааг тод харуулж байгаа хэрэг юм. 

Уул уурхайн салбар өргөжиж, томрохын хэрээр эдийн засгийн бусад салбар, бизнесүүдэд ихээхэн эерэг нөлөөлөл үзүүлж байна. Тээвэр, санхүүгийн салбар, жижиг дунд үйлдвэрлэл, орон нутгийн бизнес эрхлэлт гээд уул уурхайн салбар худалдан авалтын сүлжээгээрээ дамжуулан бизнесийг дэмжих байдал төрийн худалдан авалтын сүлжээнээс хамаагүй том нөлөөтэй болжээ. Ганцхан жишээ дурдахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс тээврийг хийдэг компаниуд 2021 онд 7 тэрбум төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төлж байсан бол 2023 онд 221 тэрбум төгрөг болж огцом нэмэгджээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан “Mining Week & Mine Pro” уул уурхайн салбарын нэгдсэн чуулга, үзэсгэлэн ч үүнийг тод илтгэсэн. Энэ жилийн чуулганы нэг онцлог нь салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, шийдэл ярилцахаас гадна цаашдын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон гэхэд болно. Уул уурхайн салбар, тэр дундаа олборлогч компаниуд зөвхөн экспортын орлого, төлсөн татвараа ярихаас илүүтэй эдийн засгийн бусад салбарт, бизнесүүдэд, орон нутгийн эдийн засгийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулах, үр дүнг нь нийтэд нээлттэй мэдээлдэг байдал руу анхаарах болно гэдэг нь энэ жилийн “Mining Week & Mine Pro” чуулганы оролцогчид, хурлын сэдэв, томоохон компаниудын удирдлагын байр сууриас харагдаж байв. 

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацын Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Уул уурхайн салбар томорч байна. Томрохын хэрээр улсын төсөв санхүү, эдийн засаг, бизнесүүдэд нөлөөлөх нөлөө ч үлэмж нэмэгдэж байна. Энэ жилийн Mining Weekийн онцлог бол уул уурхайн салбар бусад салбарт ямар нөлөө үзүүлж байгааг, тэрхүү нөлөөг хүртэж байгаа бүх салбарыг хамруулахыг зорьсон юм. Уул уурхайн салбар томрохын хэрээр бусад салбарт ч мэдэгдэхүйц өсөлт харагдаж байгааг оролцогчдын оролцоо, хандлагаас харж болно” хэмээн онцолсон. Мөн “Уул уурхайн салбарт тулгамдаж байгаа асуудал бол ганцхан уурхайчдынх биш иргэдэд, төр засагт, бусад бизнесүүдэд бүгдэд тулгамдаж байгаа асуудал гэсэн үг. Тиймээс нийтлэг эрх ашгийг шийдсэн шийдлүүд гарах боломжтой” хэмээн энэ жилийн Mining Week-ийн онцлогийг тодотгож байна. 

Уул уурхайн салбар гэдгийг зөвхөн олборлогч компаниудаар буюу уурхайнуудаар төлөөлүүлэн ойлгож, ярьсаар ирсэн. Цаашид зөвхөн олборлогч компаниуд биш туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, бүр орон нутгийн бизнес эрхлэгчид гээд олон талыг хамруулж ойлгож, ярьж байх нь зохистой болж байна. Mining Week-ийн хоёр дахь өдөр болсон уул уурхайн компаниудын худалдан авалтын талаарх хурлаас үүнийг тодорхой харж болохоор байв. Үйл ажиллагаа нь тогтворжсон томоохон олборлогч компаниуд их наяд төгрөгөөр хэмжигдэх дүнтэй худалдан авалтыг жил бүр хийж байна. Энэ их мөнгөний урсгал салбар салбарын бизнесийг дэмжихэд ихээхэн чухал. Тэр дундаа орон нутгийн бизнесээс худалдан авалт хийх байдлаар ажлын байрыг бий болгож, эдийг засгийг дэмжих нь илүү чухал гэж олборлогч компаниуд үзэж байна. Зарим компанийн хувьд худалдан авалтынх нь 90 хүртэлх хувийг орон нутгийн компаниуд бүрдүүлж байна. Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн Ко” компанийн өнгөрсөн оны худалдан авалтын 90 хувийг орон нутгийн компаниуд эзэлсэн байна. Тэгвэл “Оюутолгой” компани ирэх жил ханган нийлүүлэгчийн сүлжээгээ илүү өргөжүүлэх, ялангуяа Ханбогдын нийгэм, эдийн засгийн хөгжлийг сайжруулахад анхаарна гэдгээ онцоллоо. Тухайлбал, уурхай дээр эрхэлж байгаа зарим үйл ажиллагааг Ханбогд руу шилжүүлэх, Улаанбаатарт байгаа зарим үйлчилгээг Ханбогдод бий болгох бөгөөд энэ чиглэлд дотоодын ханган нийлүүлэгчдийг хамтран ажиллахыг уриалсан. Үүнээс гадна уул уурхайн олборлогч компаниуд худалдан авалтын системээ цахимжуулж, илүү хүртээмжтэй, ил тод, шуурхай байлгахыг зорьж байна. 

“Энержи Ресурс” компани өнгөрсөн онд 450 гаруй компаниас 1.3 их наяд төгрөгийн бараа үйчилгээ худалдан авсан байна. Үүний 90 хувийг 60 гаруй компанитай байгуулсан 110 гэрээ эзэлдэг. Тус компани худалдан авах ажиллагаагаа цахимжуулж, илүү нээлттэй, хүртээмжтэй байлгахыг зорьж байгаа аж. Тус компанийн гол хувьцаа эзэмшигч “М Си Эс групп”-ийн ханган нийлүүлэгчийн MCS Supplier Portal системд жилийн өмнөөс холбогдож, 300 гаруй худалдан авалтыг нээлттэйгээр зарласан байна. Ингэснээр шинэ нийлүүлэгч хайх цаг буурсан, өрсөлдөөнт үнийн санал ирдэг болсон гээд худалдан авагч компанид олон давуу талтай. Харин ханган нийлүүлэгч компанид бол группын 40 компанийн тендерийг нэг дороос харах, оролцох, шалгаруулалтын явцыг хянах, баримт бичгээ цахимаар бүрдүүлэн үнийн санал илгээх гээд олон давуу талыг олгосноороо шинэлэг аж. Тус порталаар нийт 1500 худалдан авалт хийгдсэн бөгөөд 2400 ханган нийлүүлэгч компани бүртгэлтэй болсон байна. MMC компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Ханган нийлүүлэгчидтэйгээ урт хугацаанд түншилж, тогтвортой ажиллахыг чухалчилдаг. Ялангуяа томоохон гэрээт компаниудтай. Учир нь уурхайн үйл ажиллагаа тогтвортой, саадгүй үргэлжлэхэд бараа материал нийлүүлэгчид, ажил үйлчилгээ үзүүлэгчдийн найдвартай байдал хамгийн чухал байдаг. 

Дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг авах нь логистик, хил гаалийн эрсдэлээс сэргийлдэг болохоор аль болох дотоодоос авахыг зорьдог. Нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэгчдэд хэрэглэгч, зах зээл байх нь чухал” хэмээн онцолсон. “Эрдэнэт үйлдвэр” бусад төрийн өмчит компани, үйлдвэрүүдтэй харьцуулахад хамгийн олон тендер зарладаг. Энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 918 тэрбум төгрөгийн худалдан авалтын 664 гэрээг 330 компанитай байгуулжээ. Сонирхолтой нь тус компанитай гэрээ байгуулсан компаниуд дунд Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод гээд нийт 8 аймгийн компаниуд байна. Мэдээж дийлэнх нь Улаанбаатар болон Орхон аймгийн компаниуд. Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаагаа цахимжуулж, хиймэл оюун ухаанд суурилсан Tenderval системийг ирэх оноос бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Ингэснээр хүнээс хамааралтай байдлыг бууруулж, тендерийн баримт бичгийг автоматаар шинжилж, ангилах, хугацааг багасгах, авлигаас ангид байх гээд олон давуу талтай болно гэнэ. Тус үйлдвэр Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрээс 2022 оноос хойш 3.3 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан байна. Цаашид энэхүү цахим дэлгүүрийг улам хөгжүүлэх, ханган нийлүүлэгч компаниудыг идэвхтэй хамрагдахыг уриалсан. Өргөн хэрэглээний гэж болохуйц бараа бүтээгдэхүүнийг цахим дэлгүүрээс худалдан авснаар компанийн хувьд ч ашигтай, ханган нийлүүлэгчдэд ч ашигтай хувилбар болж байна. Цаашид төрийн өмчит компаниуд Төрийн худалдан авалтын цахим дэлгүүрийн ашиглалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байгааг Төрийн худалдан авалтын газрын дарга хэлж байв. Харин “Мо Эн Ко” компанийн худалдан авалтын бодлогод барьдаг гол зарчим бол орон нутгийн бизнесийг дэмжиж, орон нутагт бүртгэлтэй компаниудад давуу тал олгодог. Ингэснээрээ уул уурхайн компаниуд тухайн бүс нутгийн эдийн засаг, бизнес эрхлэлтийг дэмжих, улмаар орон нутгийн иргэдэд илүү хүртээмжтэй байж, цаашлаад үйл ажиллагааг тогтвортой явуулахад эергээр нөлөөлдөг байна. Тус компани 2011 оноос хойш нийт 1.5 орчим их наяд төгрөгийг бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулсан байна. Үүний нэг их наяд гаруй төгрөгийг орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулжээ. 

Орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд Хөгжлийн сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох, сургалт явуулах гээд олон талаар дэмжсэний үр дүн гарч, 2015 оноос нийт худалдан авалтад эзлэх орон нутгийн худалдан авалт үлэмж нэмэгдсэн байна. 2014 он хүртэл ихдээ 2.4 тэрбум төгрөгийг л орон нутгийн худалдан авалтад зарцуулж байсан нь нийт худалдан авалтын 8 хүрэхгүй хувийг бүрдүүлж байжээ. Харин өнгөрсөн онд орон нутгийн бизнесүүдээс 418.6 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн нь нийт худалдан авалтын 90 хувийг бүрдүүлсэн байна. Цаашид ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд орон нутгийн бизнес эрхлэгчдийг төслөөс хамааралгүйгээр бие даасан үйл ажиллагаатай болгохыг зорьж ажиллаж байгаа аж. Засгийн газрын зүгээс томоохон уул уурхайн компаниудад хувь эзэмших хэлэлцээр хийхээ зарласан. Стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй, Баялгийн санд төвлөрүүлэх мөнгийг нэмэгдүүлэх гэдэг ганцхан шалтгаанаар. Учир нь Стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудын төлсөн татвар хувийн хэвшлийн компаниудаас даруй хоёр дахин их байгаа учир тэднээс авах орлогоо нэмэхийг хүссэн гэж ойлгож болохоор. Төрийн энэхүү хандлага учир дутагдалтай тул цаашид улам өргөжиж, идэвхжих нь буруу, уул уурхайн компаниуд илүү хүртээмжтэй болж байгаа гэдгийг энэ жилийн “Mining Week”-ээр уул уурхайн компаниуд харуулахыг зорьсон мэт. Улсад төлж буй татвар нь нийт төсвийн орлогын 1/3-ийг бүрдүүлж, нэмээд ханган нийлүүлэгчдээр дамжуулан жижиг дунд үйлдвэрлэгчид, тэр дундаа орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид хөгжихөд уул уурхайн компаниуд нэг тулах цэг нь болж байгааг олборлогч компаниуд төдийгүй ханган нийлүүлэгч компаниуд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа олборлогч компаниуд худалдан авалтын системээ илүү боловсронгуй болгож, илүү хүртээмжтэй, орон нутгийн хөгжилд өгөөжтэй байхыг зорьж буйгаа ч чуулганы үеэр хэлж байв.

Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар 2024