Э.ОДЖАРГАЛ
Дэлхийн уул уурхайд шинэ эрин эхэлснийг PDAC 2022 чуулган улам тодотголоо. Критикал минералын ирээдүй хөгжил буурай орнуудад маш том боломжийг нээж байна. Өндөр хөгжилтэй Канад, Австрали, АНУ-тай эн зэрэгцэн өрсөлдөх том амбицаа жижиг орнууд чуулганаар зарлав. Хөгжлийн харилцан адилгүй ялгаанаас үл хамааран бүгд чухал металлын нөөц баялагт чиглэсэн стратегиар уул уурхайн бодлогоо шинээр томьёолж байна.
КОЛУМБИ
Сүүлийн 40 жил эрчим хүчний нүүрсэнд түшиглэсэн уул уурхайн салбараа төрөлжүүлнэ. 2021 оноос тус улсын Засгийн газраас стратегийн буюу өндөр боломжит бүсүүдэд зэс, фосфатын хайгуулын тендер явуулж эхэлжээ. Канадын Continental Gold компанийн бүтээн байгуулсан тус улсын хамгийн том алтны гүний уурхайг 2020 оны сүүлчээр ашиглалтад оруулсан ч удалгүй Zijin Mining компанид худалджээ. Шинээр алт олборлох 4 бүсэд тендер зарласныг чуулганы оролцогчид мэдээлсэн юм. Колумби улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн дүнгээс уул уурхайн салбарынх нь хэтийн чиг хамаарч байна. Эхний шатны санал хураалтаар зүүний үзэл баримтлалтай нэр дэвшигч тэргүүлж байгаа ба газрын тос, байгалийн хийн хайгуулын зөвшөөрөл шинээр олгохгүй, ил уурхайн олборлолтыг хориглох амлалтаар сонгуульд өрсөлдөж байгаа юм. Одоогийн эрх барьж буй Засгийн газрын бодлогоор стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд зэс, фосфат, алтны хайгуул эхлүүлжээ. Өнгөрсөн онд зэсийн чиглэлээр нэг гэрээ байгуулж, 4 гэрээ байгуулах шатандаа явж байна. 2021 оны сүүлчээс анх удаа фосфат үйлдвэрлэжээ. Орос, Украины дайнаас үүдэн Колумбийн экспортын эрчим хүчний нүүрсний эрэлт их байгаа тул хоёр шинэ талбайг олборлохоор бэлтгэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтаар алтны томоохон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой. Өнөөгийн байдлаар B2Gold болон Anglo American компаниудын бүтээн байгуулж буй төсөл ашиглалтад орсноор Колумби улсын хамгийн том ил алтны уурхай болно. Геологийн судалгаагаар зэс-алтны 2-3 томоохон судлыг нээн илрүүлжээ. Чили- ээс эхэлсэн зэсийн сав газар Перугийн нутаг дэвсгэрээр үргэлжлэн Панам хүрч, Эквадорыг дайран өнгөрдөг байна. Эдгээрийн яг дунд Колумби оршдог. Одоо Венесуэлийн хилийн ойролцоо мөнгө, цагаан алт, молибден, газрын ховор элементийн хайгуул хийж байгаа. Уул уурхайн салбарыг төрөлжүүлэх, стратегийн ач холбогдолтой уурхайн бүсүүдийг ашиглах гэсэн үндсэн бодлого барьж байна. Дараагийн нэг том бодлого нь уул уурхай дахь “нинжа”-г албажуулах. Хоёр жилийн өмнө Засгийн газар хууль бус олборлогч 27 мянган иргэнийг албажуулах зорилт тавьсан нь өнөөдөр 25 мянгад хүрч 92% биелжээ. Тэдгээрийг нэгтгэн албан ёсны уурхай болгосон байна. 2022 оны хувьд ашигт малтмалын гэрээ хэлэлцээрээр дээд амжилт тогтоосон жил байх болно. Колумби нь критикал минерал бусад ашигт малтмалын томоохон нөөц чадамжтайг тус улсын Уул уурхай, эрчим хүчний сайд Диего Меса Пуёо ярьж байна.
ЭКВАДОР
Олон нийтийн эсэргүүцлийг үл харгалзан уул уурхайн шинэ үеийн боломжийг ашиглахаар зорьсон Эквадор улс нийт 18 сая хүн амтай. 2025 оноос олон төсөл эхлүүлж 2030 он гэхэд ойролцоогоор 9-10 тэрбум ам.долларын ашигт малтмал экспортлохоор зорьж байна. Жил гаруйн өмнө ажлаа авсан Ерөнхийлөгч Гильермо Лассогийн Засгийн газар уул уурхайн төслүүдийг хүчтэй дэмждэг. Одоогоор тус улс хоёр том уурхайтай. Энэ нь 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй зэсийн “Mirador”, нөгөө нь 700 сая ам.долларын үнэ цэнтэй алтны Lundin Gold юм. Удахгүй Засгийн газар нь Barrick Gold компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэнэ. Өнөөгийн байдлаар нийт газар нутгийнхаа 10%- д хайгуул хийжээ. Тиймээс геологийн асар их нөөц бололцоотой гэж үзэж байна. Эквадорын уул уурхайн салбар олон нийтийн эсэргүүцэлтэй нэлээд тулдаг.
Эквадор улс нийт газар нутгийнхаа 10%-д хайгуул хийжээ. Тиймээс геологийн асар их нөөц бололцоотой гэж үзэж байна.
Чуулганы 7 хоногт тус улсын уугуул иргэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж, газрын тос, уул уурхайн салбарыг зогсоохыг шаардан улсынхаа хэмжээнд зам хаажээ. Төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдаас гадна хар тамхины бүлэглэлүүд уул уурхайг эсэргүүцдэг байна. Тэд санхүүгийн хяналтаас зайлсхийхийн тулд төлбөр тооцоондоо алтны гулдмай ашиглахыг шаарддаг. Эквадор дэлхийн зэсийн зах зээлд чухал нийлүүлэгч улс болно гэдэгт Эрчим хүчний сайд Ксавьер Вера итгэж байна. Хөрш зэргэлдээ Чили, Перугийн адил зэсийн өндөр нөөц боломжтой Эквадор яагаад зэс үйлдвэрлэлийг эрт эхэлж болоогүй юм бэ? гэсэн танхимаас тавьсан асуултад “Бүх зүйл төр засгаас шалтгаална” гэсэн товч хариулт хэлсэн юм.
ПЕРУ
Ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, өндөр технологийн нийт 17.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц төслүүдийг сурталчлахаар Перу улсын төлөөлөгчид PDAC 2022 чуулганд иржээ. Өмнөх чуулганы зочдын дунд явуулсан судалгаагаар уул уурхайн хөрөнгө оруулах хамгийн таатай 3 улсын нэгээр тодорхойлсон байна. 90 дэх жилийн чуулганы хүрээнд Торонтогийн хөрөнгийн биржийн арилжааг нээх хүндэт зочноор Перу оролцсон нь хөрөнгө оруулагчдад улсаа сурталчлах чухал үйл явдал болсон юм. Цар тахлыг үл харгалзан 2021 онд уул уурхайн нийт хөрөнгө оруулалт 21%- иар өсжээ. “Перугийн өдөрлөг”-өөр Geopromine хэмээх геологийн мэдээллийн онлайн платформыг танилцууллаа. Энд тус улсад хайгуул явуулахад нээлттэй газар нутгийн мэдээлэл, металлогенийн болон хайгуулын сүүлийн үеийн товхимлуудыг байршуулжээ. Геологийн одоогийн гол судалгаа нь литид чиглэж байна. Өдөрлөгт зочилсон хөрөнгө оруулагчдад 1:250 000 масштабаар бүрхсэн 63 металлогенийн шинэ газрын зургаа дэлгэсэн юм. Өдгөө Перуд нийт 53 тэрбум ам.долларын өртөгтэй ашигт малтмалын төслүүд хэрэгжиж байна. Тус улс өнгөрсөн онд 2.3 сая тонн зэс үйлдвэрлэжээ. Энэ жил уугуул иргэдийн хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал 2 гол уурхай Las Bambas, Cuajone-ийг үйл ажиллагааг саатуулсан. Уул уурхайгаас бий болсон баялгийн өгөөжийг эрх тэгш иргэдэд хүртээх асуудалд төр засгаас нь онцгой анхаарч байгааг Перу улсын Эрчим хүч, уул уурхайн хорооны Ерөнхийлөгч Карлос Энрике Алва ярьжээ. Авлига ч улсын хэмжээний эмзэг сэдэв аж. Тэрээр “Яг л цоорхой халаас шиг. Уул уурхай баялаг бий болгодог ч харагдахгүй байна. Бид юуны түрүүнд авлигатай тэмцэх ёстой” гэж үзэж байна. Хөрөнгө оруулалт татахад тулгарч буй нэг том асуудал нь байгаль орчны зөвшөөрөл олгох үйл явц удаашралтай. Уул уурхайд хөрөнгө оруулалт татахын тулд эрчим хүчний асуудал, боомт, хурдны зам зэрэгт Засгийн газраас анхаарч байна. Уул уурхай, газрын тосны хайгуулын татварын буцаан олголтыг 2022 он дуустал сунгахаар төлөвлөжээ. Перу улсын экспортын 63%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж байна.
КАЗАХСТАН
Астана олон улсын бирж, “Aurora Minerals” групп тэргүүтэй уул уурхайн компаниуд PDAC 2022 чуулганаар “Казахстаны өдөр”-ийг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээ нь “PDAC Mongolia”-тай зэрэгцээ танхимд өрнөсөн юм. Хоёр улсын хувьд газар нутгийн байршил ижил. Төв Азийн эрдсийн нэн потенциалтай геологийн бүсэд оршдог онцлогтой. Уул уурхай нь Казахстаны стратегийн салбарт тооцогддог. Түүхий эдийн үйлдвэрлэл, экспортод тулгуурласан эдийн засагтай улс юм. Дэлхийн ураны нөөцийн 19 хувийг бүрдүүлдэг ба олборлолт, үйлдвэрлэлээр тэргүүлдэг. Экспортын орлогын 50 хувийг газрын тос бүрдүүлж байна. Газрын тос, байгалийн хийн 200 орчим ордтой. Экспортын гол бүтээгдэхүүний нэг нь зэс. Бодитой олборлож эхлээгүй ч цаашдаа критикал минералд чиглэсэн бодлогын шинэчлэлүүдээ тодотгожээ. Казахстаны хувьд Орос, Украины дайны нөхцөл байдлыг маш хурдтай мэдэрч Европын зах зээл дээр Оросын металлын нийлүүлэлтийн орон зайн тодорхой хэсгийг нөхнө гэсэн амбицтай байна. Мөн Европ руу лити экспортлох боломжтой гэж харж байгаа. Лити нь Казахстаны хоёр дахь “нефть” болж магадгүй.
Лити нь Казахстаны хоёр дахь “нефть” болж магадгүй. АНУын Геологийн албаны мэдээллээр тус улс литийн 50 мянган тонн батлагдсан нөөцтэй.
АНУ-ын Геологийн албаны мэдээллээр тус улс литийн 50 мянган тонн батлагдсан нөөцтэй. Энэ нь зөвлөлтийн үеийн судалгаанд үндэслэсэн мэдээлэл тул литийн нөөцийг судлах бүс нутаг их гэжээ. Одоо лити баяжуулах анхны үйлдвэр байгуулах 102 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалтын Kazakh invest нь Volkswagen, Samsung, LG зэрэг дэлхийн компаниудаас ирж буй саналууд дээр ажиллаж байгаа бол цахилгаан машины Tesla-тай яриа хэлэлцээр явуулж байна. Казахстан улс өнгөрсөн онд 20 гаруй тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татжээ. 2023 он гэхэд цар тахлын өмнөх хэмжээнд буюу 24 орчим тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Ингэхдээ уул уурхайн салбартаа түлхүү татна. Дэлхийн банктай хамтран Казахстан улсын 2025 он хүртэлх хөрөнгө оруулалтын шинэ бодлогын үзэл баримтлалыг боловсруулсан байна. Энэхүү үзэл баримтлал нь хөрөнгө оруулалтын шинэ мөчлөгийг бий болгох, чиг хандлагыг харгалзан хөрөнгө оруулалт татах бодлогыг шинэчлэхэд чиглэжээ. Цар тахлын үед ч Казахстаны уул уурхайн хөрөнгө оруулалт төдийлөн буураагүй байна. Гэрээ байгуулах журмыг бүрэн цахимжуулж онлайн хэлбэрт шилжүүлсэн нь өргөдөл гаргах, хэлэлцэх журмыг ихээхэн хөнгөвчилсөн. Өнгөрсөн оны үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын 70 гаруй гэрээ байгуулсан
АРГЕНТИН
2021 оны арванхоёрдугаар сарын эсэргүүцлийн жагсаал одоо ч халуун сэдэв хэвээр байна. Аргентины Чубут мужид ашигт малтмал олборлох үйл ажиллагааг нутгийн иргэд хүлээн зөвшөөрөөгүй нь тэр. Гэсэн хэдий ч Альберто Фернандесийн Засгийн газрын төлөөлөгчид PDAC 2022 чуулганаар хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбараа сурталчлахаар иржээ. Сүүлийн 20 жил Эскель хотын оршин суугчид нэг ч уурхай нээлгээгүй байна. Уг хотын газар нутагт орших “Suyai” төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм. 8 жилийн хугацаанд 2.3 сая унц алт болон 3.5 сая унц мөнгө олборлох төсөл аж. Чуулганы хүрээнд Аргентины төлөөлөгчид литийн Liex, алтны Zijin Mining болоод Wealth Minerals, Pampa Metals болон Lumina Gold зэрэг компаниудтай уулзалт хийжээ. Аргентин улс нь зэсийн экспортын шинэ татвар мөрдөх болсноо PDAC 2022-н эхний өдөр мэдээлэв. Зэсийн үнэ нэг фунт 3.50 ам.доллароос бага байвал хувьсах 0 хувиар, фунт нь 5.25 ам. доллароос дээш байвал 8% татвар төлөх юм байна. 2021 онд тус улсын Ерөнхийлөгч гадаад валютын хөрөнгийн шинэ зохицуулалтыг баталж, уурхайчдад экспортоос олсон валютын 60 хүртэлх хувийг ашиглах эрхийг олгожээ. Аргентин нь зэс, алтны төслүүддээ голчлон анхаарч буй нь уулзалт, мэдээллүүдээс анзаарагдсан биз ээ. Нийт 75.42 сая тонн зэсийн нөөцтэй. Тус улсын Josemaria, El Pachon, Filo del Sol, Taca Taca болон MARA зэрэг зэсийн хэрэгжиж буй төслүүдэд ойролцоогоор 16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Эдгээр нь нийлээд жилд 1 сая тонн хүрэн металл олборлох чадамжтай.
Дэлхийн хайгуул, олборлогчдын энэхүү чуулган дээр ямар нэгэн байдлаар улс орнууд өөрсдийгөө зарлах, таниулахыг чухалчилж байсан юм. Хятад, Конго зэрэг авторитар буюу өндөр эрсдэлтэй орнуудад критикал металлыг олборлож, цэвэршүүлж буй учир эдийн засаг нь тогтсон, уул уурхай нь хөгжсөн улсуудын үйлдвэрлэл ирээдүйд илүү сонирхол татна гэсэн өнцөг ч яригдлаа. Чухал металл, тэр дундаа өсөх ирээдүйтэй литийн “залуу” зах зээл бүгдэд тэгш боломжийг олгоно гэсэн дүр зураг PDAC 2022 чуулганаас ажиглагдана. Тиймдээ Колумби, Перу, Казахстан гээд том амбицтай иржээ. Монгол ч мөн адил. Цэнэг хураагуур, цэвэр эрчим хүч, цахилгаан машин нь түүхий эдийн цоо шинэ зах зээл юм. Ногоон шилжилтэд шаардлагатай эрдэс металлыг онилсон амбиц хөгжил буурай, өндөр хөгжилтэй улс орнуудад ялгаагүй бүгдэд нь байна.