Э.МИШЭЭЛ
Өнөөдөр (2024.02.07) "Монгол Улсын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт" хэлэлцүүлгийг СЭЗИС, Монгол бизнесийн зөвлөл хамтран ГХЯ-д зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж МБЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт үг хэлэв. Тэрээр "Нийгэм эдийн засгийн хөгжлийг зорилтот түвшинд хүргэх гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбар голлох нөлөөтэй. Монгол Улсын ДНБ-ний 24 хувь, нэгдсэн төсвийн орлогын 29 хувь, нийт экспортын орлогын 85 хувийг уул уурхайн салбар эзэлж байна" гэлээ.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад учирч буй нэгэн бэрхшээл бол хуулийн зохицуулалт юм. Тэгвэл АМтХ-ийн шинэчилсэн найруулгад орсон гол найман өөрчлөлтийг ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын Үйлдвэржилт, дэд бүтцийн хэлтсийн дарга Ш.Маргад нэрлэлээ. Үүнд:
1. Хөрөнгө оруулалтыг хязгаарласан зарим зохицуулалтыг арилгасан.
2. ХО-д үзүүлэх хуулийн болон эдийн засгийн баталгааг олон улсын сайн туршлагын дагуу сайжруулсан.
3. Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлсэн.
4. Олон улсын арбитраар гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан.
5. ХО-г хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагын чиг үүрэг болгон тодорхойлж тусгасан.
6. Татварын урамшууллыг татварын хуулиар зохицуулах өөрчлөлт оруулсан.
7. Төрөөс хийх хяналт шалгалтын давхардлыг арилгасан.
8. Тогтворжуулах гэрчилгээний шалгуурыг хялбаршуулж, хугацааг нэмэгдүүлсэн.
гэсэн зүйлийг онцоллоо.
Тэрээр "Өнгөрсөн 1990-2023 оны гуравдугаар сарын хугацаанд ГШХО-ын хэмжээ 42.4 тэрбум ам.доллар хүрсэн. Үүний 73 хувь нь уул уурхай, олборлолтын салбар эзэлж байна. Нийт хөрөнгө оруулалтын 45 хувийг Нидерланд улс эзэлсэн. Харин үлдсэн 47 хувийг БНХАУ, Люксембург, Сингапур, АНУ, Хонконг, Япон зэрэг 9 улс, 8 хувийг бусад орнууд Монгол Улсад хөрөнгө оруулсан байна" гэсэн юм.
Тус хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын хүн ам 3.45 саяд хүрч, нэг хүнд ногдох бодит ДНБ 8.5 сая (нэрлэсэн ДНБ 16.1 сая) төгрөгт хүрсэн ч хүний хөгжлийн индекс 0.74 гарч, дэлхийн 191 орноос 96 дугаарт жагсаж байна. Бас хөгжлийн олон үзүүлэлтээр манай улс бүс нутгийн улс орнуудаас доогуур байгааг хэллээ.
"Монгол Улсын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт" хэлэлцүүлэгт төрийн байгууллага, ТББ, уул уурхайн компанийн удирдлага, олон улсын байгууллага, судлаач, мэргэжлийн экспертүүдийн дунд болж өнгөрлөө.