Барууннаран коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Хангад Эксплорейшн” компани Jiayou International Logistics групптэй нүүрс экспортын чиглэлд хамтрахаар болжээ.
Өчигдөр буюу 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд талууд хамтарсан компани байгуулах бөгөөд үүнд Jiayou International Logistics-ийн зүгээс 88.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Jiayou International Logistics нь Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй (хувьцааны код: 603871) бөгөөд Төв Ази, Африк, Европ, Хойд Америкийн 60 гаруй улсад экспортын тээвэр, дэд бүтэц, ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг, тус салбарын томоохон төлөөлөл юм (веб хуудас: http://www.jyinternational.com.cn/EN/).
Далайд гарцгүй, дэд бүтцийн хөгжил султай манай орны хувьд ложистик, дэд бүтцийн нэгдсэн шийдэл бүхий, туршлагатай компанитай хамтарснаар Хангад Эксплорейшн өөрийн нүүрсийг гол зах зээлдээ борлуулах цар хүрээгээ тэлэх боломжтой гэж үзжээ.
Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын Хөрөнгийн биржийн нүүрсний экспортын нээлттэй, цахим арилжааны үнийг үндэслэж борлуулалтын үнийг тогтохоор тохиролцсон нь Монгол нүүрсний экспортын үнийг олон улсын жишигт хүргэхэд өндөр ач холбогдолтой юм.