Тусгай хэрэгцээнд байх 292 мянган га талбайг хугацаа дууссан газрын жагсаалтад оруулжээ

Э.МИШЭЭЛ

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш 292 мянган га, есөн талбайг тусгай хэрэгцээнд байх хугацаа дууссан жагсаалтад оруулсан гэж АМГТГ-аас мэдээллээ. Үүнд зургаан төрлийн зориулалтын газар багтсан байна. 

Хамгийн том хэмжээтэй нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 239 мянган га талбайг ерөнхий тусгай хэрэгцээний газрыг хугацаа дууссан жагсаалт руу 2024 оны хоёрдугаар сарын 18-нд шилжүүлжээ. 

Үүнээс гадна Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр сумдын гурав, Дорнод аймгийн Дашбалбар сумын хоёр, Хэнтий аймгийн Баянмөнх сумын хоёр, Сүхбаатар аймгийн Халзан сумын нэг талбайг тус тус тусгай хэрэгцээнд байх хугацаа дууссан газруудын жагсаалтад оруулсан байна. 

2022 оны байдлаар улсын тусгай хэрэгцээний газрын хэмжээ 26 сая га талбай буюу нийт нутаг дэвсгэрийн 16.6 хувийг эзэлж байжээ. 

Монгол Улсын газрыг тусгай хэрэгцээнд улсын аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, БХГ-ний дагуу газрын тосны гэрээт талбайн зориулалт, аймаг дундын отрын бэлчээр, аялал жуулчлалын зориулалт, шинжлэх ухаан, технологийн туршилт, цаг агаарын ажиглалт, чөлөөт бүсийн зориулалт зэрэгт тодорхой хугацаагаар авдаг байна.