Их Британитай геологи хайгуул, ГХЭ-ийн чиглэлээр хамтран ажиллах санал солилцжээ

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайтыг (2025.02.11) хүлээн авч уулзжээ.

Уулзалтын хүрээнд Британийн геологийн алба болон Үндэсний геологийн алба хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа газрын ховор элемент, газрын гүний усны судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна. 

2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Монгол Улсад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын УУХҮЯ болон Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан юм.  

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад жил бүр болдог “Уул уурхайн 7 хоног” болон Их Британид болох “Resourcing tomorrow” зэрэг уул уурхайн арга хэмжээнүүдэд хамтран оролцохоор төлөвлөж байна.